Оросын эрх баригчид Сибирээс шатахуун татаж, гадаадаас импортлох замаар Москвагийн хомсдолыг бууруулжээ
Оросын эрх баригчид Сибирийн түлш шатахууны нийлүүлэлтийг татаж, Беларусь улсаас импортоо нэмэгдүүлэх замаар тус улсын хамгийн их хүн амтай, хамгийн баян чинээлэг бүс нутаг болох Москва мужийн хомсдолыг бууруулж чадсан талаар салбарын эх сурвалжууд мэдээлжээ.
Украины агаарын цохилт эрчимжсэнтэй холбоотой бензин шатахууны хомсдол тавдугаар сараас цагийн 11 бүсэд хуваагддаг Орос улсын бүс нутгуудад янз бүрийн хэмжээгээр нөлөөлж эхэлсэн юм.
Салбарын эх сурвалжийн мэдээлснээр долдугаар сарын эхээр тус улсын бензин шатахууны хэрэглээ жилийн энэ үеийнхээ дунджийн 65 орчим хувьд хүрч буурсан байна.
Зургаадугаар сарын дундуур Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэр Украины агаарын цохилтод өртсөний дараа Оросын нийслэлийн түгээх станцуудад урт дараалал үүсэх болсон юм.
Тэгвэл дээр дурдсан арга хэмжээнүүдийг авсны үр дүнд долдугаар сарын дундаас Москва мужийн нийлүүлэлт тогтворжиж эхэлсэн байна.
Москва муж бол 22 сая хүн буюу Оросын хүн амын зургааны нэг оршин суудаг бүс нутаг юм. Зөвлөлтийн үеэс эхлэн эрх баригчид Москвагийн бүх төрлийн бараа бүтээгдэхүүний хангамжийг нэн тэргүүнд тавьдаг байсан.
Салбарын арилжаачдын мэдээлснээр Сибирийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд, тухайлбал Красноярск мужийн Ачинскийн үйлдвэр Москвагийн хэрэгцээг хангаж эхэлсэн байна.
Москва муж жил бүр зургаан сая тонн орчим бензин хэрэглэдэг.
Энэ хэрэгцээг хангахын тулд Оросын эрх баригчид бас Энэтхэгээс шатахуун импортолж эхэлжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

