Анголын шүүх терроризм, тагнуулын хэргээр Оросын хоёр иргэнд олон жилийн хорих ял оноожээ
Африк тивийн Ангол улсын нийслэл Луанда хотын шүүх Оросын хоёр иргэнийг терроризм, тагнуулын хэрэгт буруутгаж, олон жилийн хорих ял оноожээ.
Улс төрийн зөвлөх Игорь Ратчин 11 жил, орчуулагч Лев Лакштанов найман жилийн хорих ял тус тус сонссон байна. Тэд өөрсдийгөө буруугүй гэж үзэж байгаа гэнэ.
Ратчин, Лакштанов нарыг өнгөрсөн оны наймдугаар сард засгийн газрын эсрэг жагсаал цуглаан зохион байгуулсан, худал мэдээлэл тараасан, ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг завдсан зэрэг үндэслэлээр буруутгажээ.
Өмгөөлөгч нь тэднийг хоёр улсын хамтын ажиллагааны гэрээний дагуу ОХУ-д шилжүүлж өгөх хүсэлт гаргасан байна. Анголын шүүх энэ хүсэлтэд ямар хариу өгсөн нь одоогоор тодорхойгүй байна.
Анголын эрх баригчид тэднийг одоо татан буугдсан Вагнерын хөлсний цэргийн бүлэглэлээс гаралтай Африк дахь Оросын улс төрийн сүлжээний нэг хэсэг гэж үзэж байгаа гэнэ.
Яллагдагчид өөрсдийгөө Вагнер болон Оросын засгийн газартай ямар ч холбоогүй, Луанда хотод Оросын соёлын төв байгуулах төлөвлөгөө боловсруулах ажилд оролцож байсан гэж шүүхэд мэдүүлжээ.
Вагнертай холбоотой улс төрийн агентууд сүүлийн арав гаруй жилийн турш Африк даяар үйл ажиллагаа явуулж байгаагийн дийлэнх нь Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Мали, Мадагаскарт төвлөрдөг.
Анголын хоёр иргэн, спортын сэтгүүлч Амор Карлос Томе, улс төрийн идэвхтэн Франциско Оливейра нар Оростой холбоотой нөлөөллийн ажиллагаанд оролцсон үндэслэлээр бас шалгагдсан юм.
Томе хоёр жилийн тэнсэн харгалзах ял сонссон бол Оливейраг цагаатгажээ.
Орон нутгийн цагаар Мягмар гарагийн 23:00 цагийн үед шүүх шийдвэрээ зарласан байна. Уг шүүх хурал гуравдугаар сард эхэлж байсан юм.
Прокурорууд Ратчин, Лакштанов нарыг 2025 онд Луандад болсон үймээн самууныг зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн, Оросыг дэмжсэн, засгийн газрыг эсэргүүцсэн контент түгээх зорилгоор орон нутгийн сэтгүүлч , мэргэжилтнүүдэд нийт $24,000 гаруйтай тэнцэх мөнгө төлсөн, үүнийг нь батлах баримт нотолгоонууд тэдний эзэмшлийн компьютер болон бусад төхөөрөмжүүдээс илэрснийг дүгнэлтээ дурджээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

