“Тавантолгой түлш компанийн 120,000 тонн эрчим хүчний нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэж, гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлнэ"
Нийслэл хотод өвөлжилтийн бэлтгэл ажил яригдаж байна. Гэр хорооллын айл өрхүүдийн түлшний нийлүүлэлт болон нөөцийн талаар Агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч мэдээлэл өгөв.
Тодруулбал шахмал түлш үйлдвэрлэх нөөцлөх тухайд 2026-2027 оны халаалтын улиралд ₮288.7 тэрбумаар 280,000 тонн хагас коксон түлшийг худалдан авахаар нээлттэй тендер шалгаруулалтыг зарлаад буй.
Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас нийт 180,000 тонн эрчим хүчний нүүрс худалдан авах бөгөөд энэ сарын 13-ны өдрөөс татан авалт эхэлжээ.
“Тавантолгой түлш” компанийн 120,000 тонн эрчим хүчний нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн айл өрхүүдэд, 60,000 тонн эрчим хүчний нүүрсийг дулаан, эрчим хүч үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагаа эрхэлдэг ААН, байгууллагад нийлүүлэх аж.
Өнөөдрийн байдлаар 280,000 тонн хагас коксон түлшийг нийлүүлэх гаднын компани тодроогүй байгаа бөгөөд халаалтын улирал эхлэх үед буюу есдүгээр сарын 15-наас нийслэлийн долоон дүүрэгт 435 цэгээр шахмал түлшийг иргэдэд худалдан борлуулахаар төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
