Богдхан уул орчимд хотжилт нэмэгдэж монгол тарваганы амьдрах орчны доройтол, хуваагдал нэмэгдсэн тул сэргээн нутагшуулж байна

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Богдхан уулын хамгаалалтын захиргаа

Богдхан уулын дархан цаазат газрын орчимд 2020-2025 оны газрын бүрхэвчийн өөрчлөлтийн судалгааны дүнгээр бэлчээрийн талбай 11 хувиар буурч, хотжилт 3 хувиар нэмэгдсэн нь тусгай хамгаалалттай газрын захын бүсэд хүний үйл ажиллагааны дарамт эрчимжиж, монгол тарваганы амьдрах орчны доройтол, хуваагдал нэмэгдэж байгааг харуулжээ. 

Үүний улмаас зарим популяц хүний үйл ажиллагааны шууд нөлөөлөлд өртөж, хязгаарлагдмал талбайд өндөр нягтралтай төвлөрөн, байгалийн жамаар тархац нутгаа тэлэх боломж нь хумигдсан буй судалгаагаар тогтоогсон байна. 

Иймд Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэн Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаатай хамтран хязгаарлалтын болон орчны бүсэд газар ашиглах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил, ашиглалтын талбайд орших өндөр нягтралтай, тасархай тарваганы популяцуудаас судалгаа, хамгааллын зорилгоор тодорхой тооны бодгаль барьж, нягтрал багатай, экологийн хувьд тохиромжтой амьдрах орчинд шилжүүлэн сэргээн нутагшуулах ажлыг зохион байгуулж байгаа юм байна. 

Энэхүү арга хэмжээ нь монгол тарваганы популяцын тогтвортой байдлыг хангах, тархац нутгийг сэргээн тэлэх, байгалийн голомтот зоонозын халдварт өвчний эрсдэлийг бууруулах, хууль бус агнуураас урьдчилан сэргийлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилготой аж. 

Тус амьтан сэргээн нутагшуулах ажил нь мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрөл, хяналт дор хийгдэж байгаа юм байна. 

 

Эх сурвалж: Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа