ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

М.Отгонцэцэг: Шөнө болтол утсаа оролдсон хүүхэд сургууль дээрээ очоод бодит ертөнцтэй эвлэрч чаддаггүй

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 6 сарын 14
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Цахим орчны хүүхэд хамгаалал 2023” хэлэлцүүлэг өнөөдөр болж байна.

Тус хэлэлцүүлгээр мэргэжилтнүүд болон бүх талын төлөөллүүд Монгол Улсад цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлаар санал солилцож байгаа юм.

Цахим орчны хэтэрсэн хэрэглээ хүүхдэд хэрхэн нөлөөлж байдаг талаар Сэтгэлзүйч М.Отгонцэцэгтэй ярилцлаа.

Тэрбээр, “Хүүхдүүд сургуулийн орчноос илүүтэй цахим орчинд хүчирхийлэлд их өртөж байна.

Эцэг эхийн хараа хяналт сулаас болж хүүхэд сургуулиа тарж гэртээ очоод л шууд утсаа оролдоод эхэлдэг нь цахим гадуурхалтад өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Зарим эцэг эхчүүд барьцаалсан байдлаар утас оролдохыг нь зөвшөөрөх, хүүхдээ утас оролдохоо боль гэсэн хэрнээ өөрөө оролдоод суучихдаг зэрэг нь хүүхдийг сэтгэлзүйн дарамтад оруулж байдаг.

Шөнө болтол утсаа оролдсон хүүхэд өдөр хичээл дээрээ ирээд унтах жишээтэй суралцах явцад нь бэрхшээл тулгарч эхэлдэг.

Хүүхэд өөрийгөө цахим хүчирхийлэлд өртөөд байна гэдгээ таньж чаддаггүйгээс сэтгэл санааны далд хямралд орсон байдаг . 

Түүнчлэн гэртээ байх хугацаандаа байнга утсаар оролдсон хүүхэд сургууль дээрээ очоод бодит ертөнцтэй эвлэрч чаддаггүй. Багш болон ангийнхантайгаа харилцаж чадахгүй бүгдийг утсан дээрээ үзсэн зүйлсээрээ төсөөлж эхэлдэг нь хүүхдийг сэтгэлзүйн хямралд оруулдаг.

Хүүхэд өөрийгөө цахим хүчирхийлэлд өртөөд байна гэдгээ таньж чаддаггүйгээс сэтгэл санааны далд хямралд орсон байдаг.

Ангийнх нь хүүхэд цахимаар байнга "гэрийн даалгавраа явуулчих” зэргээр шалж асуухад түүнийг хүүхэд дарамтад орж байна гэж таньж чаддаггүй. Гэтэл цаанаа түүнээсээ болж уур бухимдалтай, харилцааны асуудалтай болж эхэлсэн байдаг. 

Тиймээс үүн дээр багш, эцэг эхийн хараа хяналт чухал. Хүүхдээ сайн ажиглаж асуудалд орсныг нь ойлгосон тохиолдолд сэтгэлзүйн талаас нь дэмжих хэрэгтэй.

Цахим орчинд дээрэлхэлтэд өртсөн хүүхдэд сэтгэлзүйч хэрэгтэй ч дээрэлхэлтээс авсан сэтгэлзүйн гэмтэл удаан эдгэдэг учир эцэг эхийн хараа хяналт хамгийн чухал" гэв. 

зураг
 
БСШУЯ-ны илтгэлийн хэсгээс

Хүүхэдтэйгээ цахим орчны аюулгүй байдлын талаар ярилцахад туслах долоон асуулт 

  1. Чи яг одоо ямар апп, тоглоом ашиглаж байна вэ? ( Апп болон тоглоомууд байнга шинэчлэгдэх эсхүл шинээр гарч байдаг тул хүүхэдтэйгээ аль болох ойр ойрхон ярилцаж, цахим орчинд хийж буй сонирхож буй зүйлийн талаар нь мэдэж, хянаж, зааж, зөвлөж байхыг хичээгээрэй.)

  2. Чи ямар вэб хуудас ашиглах дуртай вэ? Яагаад? (Хүүхдээсээ вэб хуудсыг хэрхэн ашигладаг, эерэг байдлаар яаж ашиглаж болох талаар сонирхон асууж, ямар зорилгоор, яаж ашиглаж байгаатай нь үзэж танилцаж, зөвлөмж өгөөрэй.)
  3. Энэ тоглоом/апп хэрхэн ажилладаг вэ? Би тоглож болох уу? (Хүүхдийнхээ хийж байгаа зүйлийг үнэн сэтгэлээсээ сонирхож байгаагаа харуул6 Хэрэв хүүхэд тань ашиглаж буй зүйлээ танд харуулахыг хүсэхгүй байвал яагаад гэдгийг асууж, тодруулаарай.)
  4. Чамд цахим найзууд байгаа юу? (Тэд тантай энэ энэ талаар ярихыг хүсэхгүй байвал цахим харилцаа, бодит харилцааны ялгаа, цахим болон бодит орчин дах эрүүл харилцааны талаар сайн хэлж, тайлбарлаж зөвлөөрэй.)
  5. Тусламж авахын тулд хаана хандахаа мэдэх үү? (Тусламж авахын тулд хэнд хандах, цахим орчинд зүй зохисгүй гэж бодож байгаа аливаа үйлдлийн талаар хэрхэн, хаана мэдээлэх тухай хүүхэдтэйгээ ярилцаарай.)
  6. Хувийн мэдээлэл гэж юу вэ? (Холбоо барих хаяг, гар утасны дугаар, зураг зэрэг мэдээлэл цахим орчинд хурдан тархдаг тул бусадтай хуваалцахын аюул, эрсдэлийг таны хүүхэд ойлгодог байх нь чухал.)
  7. Өөрийн хэмжээ хязгаараа мэдэх үү? (Эрүүл, дадал хэвшлийн талаар хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж, цахим орчинд цагийг өнгөрөөх, тоглоом тоглох зэрэг нь тэдний нойрсох, амрах хэв маяг, хичээл сурлагад нөлөөлж байгаа эсэх, бусад үйл ажиллагаатай холбоотой идэвх сонирхол нь буурч байгаа эсэх талаар нягталж, асуугаарай.)

Дээрхтэй адил цахим орчны зөв хэрэглээг хүүхдэдээ хэрхэн зөвөөр ойлгуулах талаар зөвлөгөөнүүдийг ekids.mn сайтаас авч болох юм байна.