Үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хохирогчдын мэдээллийн 55.3-ийг ГССҮТ-с өгч байгаа нь эмчлүүлэх хэмжээнд хүрсэн хойно нь илрүүлж буйг харуулж байна

А.Төгөлдөр, iKon.mn
1 цаг 5 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн (2026.03.17) хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах заалтын хэрэгжилтийн талаарх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Боловсролын болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын мэдээллийг сонсжээ.

Хүүхэд хамгааллын тухай хуульд нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг буюу хэд хэдэн хүүхдийг бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготой түрэмгий зан үйлээ санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэхийг “үе тэнгийн дээрэлхэлт” гэж тодорхойлсон.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын Т.Аубакир мэдээлэлдээ 2024-2026 оны гуравдугаар сарын 13-ны байдлаар нийт үе тэнгийн дээрэлхэлтийн 2,300 дуудлага хүүхдийн шуурхай тусламжийн 108 утсанд бүртгэгдсэний 214-д анхан шатны сэтгэл зүйн зөвлөгөө өгч, 2,086-д хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн байна. Үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн 24.6 хувь нь эмэгтэй, 75.4 хувь нь эрэгтэй, мөн дийлэнх нь 11-14 насныхан байгааг сайд мэдээлж, 69.6 хувь нь боловсролын орчинд үйлдэгдэж байгааг анхаарууллаа. Бас нэг анхаарах асуудал бол дээрэлхэлтэд өртсөн хохирогчдын мэдээллийн 55.3 хувийг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс өгч буй явдал юм. Гэмтэл бэртэл авч эмчлүүлэх хэмжээнд хүрсэн хойно нь л энэ нөхцөл байдлыг илрүүлж байна гэсэн үг юм.

Үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчин дахь хүүхдийн эрхийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, хүүхдийн оролцооны байгууллагууд хамтран 2023-2025 онд “Найз байя”, “Чи ганцаараа биш” “Нууцтай байх эрх”, “Нэгдүгээрт хүүхэд” “Зөв байя”, “Хамтдаа хамгаалъя”, “Цахим орчинд эерэг байя”, “Z-Time”, “Бүтээгч ирээдүйг хамтдаа бүтээнэ”, “Because I am a Girl”, “Хүний эрхээс хүүхдийн эрх”, “Миний цахим хэрэглээ” зэрэг 290 төрлийн сургалт, нөлөөллийн ажил, “Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй” зэрэг үндэсний хэмжээний аяныг зохион байгуулсан байна. Эдгээрт давхардсан тоогоор нийт 578,654 хүүхэд, 168,883 эцэг эх асран хамгаалагч хамрагджээ.

Цаашид 108 утсанд ирж буй боловсролын орчин дахь хэрэг, зөрчлийн дуудлагыг сургуулийн нийгмийн ажилтны, эсвэл боловсролын салбарын программтай шууд холбож, шуурхай хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх, сургууль бүрд нээлттэй суваг ажиллуулах, хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ бий болгох, эцэг эхчүүдийг бэлтгэх, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг сургах, сайн дурын эргүүл ажиллуулах, нөлөөллийн аян, арга хэмжээг тогтмолжуулах, хүүхдийн оролцооны клуб, эрсдэлтэй орчныг илрүүлэх, төрийн захиргааны болон төрийн бус байгууллага хамтран ажиллах талаар тодорхой саналуудыг хэлсэн юм.

Боловсролын дэд сайд Д.Гантулга мэдээлэлдээ салбарын статистик тоонуудыг товч дурдаж, сургуулийн сэтгэлзүйч, нийгмийн ажилтнуудын үйл ажиллагааны талаар тодотгосон юм. 2024-2025 оны хичээлийн жилд 421 сэтгэл зүйч ажиллаж байсан бол энэ хичээлийн жилд 799 сэтгэл зүйч болж 378 ерөнхий боловсролын сургууль шинээр сэтгэл зүйчтэй болсон байна. Мөн өмнөх хичээлийн жилд 953 нийгмийн ажилтан ажиллаж байсан бол энэ хичээлийн жилд 978 болж, 25-аар нэмэгджээ.

Сургуулийн орчны хүүхэд хамгааллын үйлчилгээний тайланг тусгай маягтаар жил бүр авч буйг тэрбээр танилцуулж, 2024-2025 оны хичээлийн жилд 886 сургуульд хүүхэд хамгааллын бодлогыг мөрдөж, 7,939 хүүхэд хамгааллын багийн гишүүд ажилласан, эрсдэлийн үнэлгээнд хамрагдсан 748,378 суралцагчийн 58,055 нь дунд, өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэнээс 16,117 суралцагч үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн гэсэн тайланг танилцуулав. Мөн 5,165 суралцагчийг бусад байгууллагын хамгааллын үйлчилгээнд зуучилж, 47,541 суралцагчийг нөхөн сэргээх үйлчилгээнд, 698,983 суралцагч, 379,454 багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчийг сургалтад хамруулсан байна. Түүнчлэн 310,826 суралцагч, 224,194 багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчид зөвлөгөө өгчээ.

Үргэлжлүүлэн дэд сайд Хүүхэд хамгааллын тухай хуулийн холбогдох зүйл, заалтын хэрэгжилтийг нэг бүрчлэн тодорхой дурдаж, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа талаар танилцуулсан юм. Энэ хууль батлагдсанаар хүүхдийг цахим дарамт, заналхийлэл, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах харилцааг зохицуулах юм.

зураг
 

Мөн хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр хүүхэд хамгааллын тогтолцоо, удирдлага, зохион байгуулалтын талаар ярьж, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгааллыг хэрэгжүүлж буйг тайлбарласан юм. Үүний хүрээнд Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, Хүчирхийллийн эсрэг үндэсний хороог байгуулж, “Хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх цогц үйл ажиллагааны 2026-2030 оны төлөвлөгөө”-г боловсруулсан талаар ярьж, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг боловсруулан Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлж, хэлэлцэхийг дэмжсэн гэдгийг хэлсэн юм. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн анхан шатны тойргийн шүүхээс хэргийн харьяаллыг тогтоох, өсвөр насны хүүхдийн үйлдсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн ашиг сонирхлыг хангах асуудлыг нарийвчлан зохицуулахаар тусгасан байна.

Түүнчлэн цагдаагийн байгууллагын дэргэд тав, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дэргэд гурав, нийт найман “Хүүхдэд ээлтэй өрөө”, мөрдөн шалгах байгууллагууд “Хүүхдээс мэдүүлэг авах” 55 өрөө ажиллуулж буйг сайд танилцуулж, насанд хүрээгүй хохирогчийн эрхийг хамгаалах, хүүхдийн эсрэг болон хүүхдийн үйлдсэн гэмт хэргийг дагнан мөрдөн шалгах үүрэг бүхий 120 эмэгтэй мөрдөгч цагдаагийн байгууллагын хэмжээнд ажиллаж байгааг дурдлаа.

Сүүлийн хоёр жилийн байдлаар улсын хэмжээнд 3,215 хүүхэд холбогдсон 2,508 гэмт хэрэг гарсан бол 5,651 хүүхэд хохирсон 5,199 гэмт хэрэг үйлдэгджээ. 2025 оны байдлаар бүх шатны боловсролын байгууллагын орчимд 208 гэмт хэрэг, 134 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал гэмт хэрэг 53 буюу 20.3 хувиар, зөрчил 11.2 хувиар тус тус буурчээ. Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах 22 байр, нэг цэгийн үйлчилгээний 17 төв ажиллаж байгаагаар 2025 онд нийт 4,695 иргэн үйлчлүүлсэн байна. Тэдний 42 нь насанд хүрсэн эрэгтэй, 1,251 эмэгтэй хүн, 3,402 хүүхэд байжээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20 дугаар зүйл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, сум, баг, хорооны хэмжээнд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хамтарсан 764 багт нийт 6,000 гаруй гишүүн ажиллаж байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилт, үе тэнгийн дээрэлхэлтээс сэргийлэх ажил, арга хэмжээний талаарх яамдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Пунсалмаа, Г.Лувсанжамц, Ж.Галбадрах, О.Саранчулуун нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа статистик мэдээлэлд дурдагдаж буй тоо баримтыг лавшруулан тодруулж, эх сурвалж, дата анализ болон хариуц арга хэмжээний асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан үе тэнгийн дээрэлхэлтийн шинж байдал, үр дагавар болон үүний эсрэг авах ял шийтгэлийн бодлого, мөн сургуулийн сэтгэлзүйчдийн хүрэлцээ, ажиллах нөхцөл боломжийн талаар асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат сайд, дэд сайд нарын мэдээлэлд дурдагдсан “боловсролын орчин” гэдэгт сургууль, түүний орчмын ямар орон зайг хамруулж буйг тодруулаад, нийгэмд шуугиан тарьж буй гэмт үйлдлүүд гарсан тодорхой байршлуудад анхаарал хандуулж ажиллахыг зөвлөсөн юм. Мөн тэрбээр сургуулийн нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах шаардлага байгааг хэлж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ TikTok платформыг хаах шаардлагатайг дурдан, холбогдох байгууллага, албан тушаалтнаас энэ талаар тодруулахад хууль байхгүй тул хаах боломжгүй гэсэн хариу ирснийг өгүүлж, эцэг эхчүүд, томчууд хүүхдээ хамгаалах талаар огт үйлдэл хийхгүй байгааг шүүмжлэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа гэр бүлийн түвшинд хүүхдийн хүчирхийллийн эрсдэлийг судалсан эсэхийг тодруулж, сэтгэл зүйчийн ажил үүргийг тодотгон ярьсан бол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудын үр дүн яаж гарсан, түүнийг хэрхэн тодорхойлж, хэмжиж байгааг асуув. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг бодлого, төлөвлөгөөтэй сургууль хэчнээн байгааг асууж, аюулгүйн сүлжээг хэрэгжүүлэхэд шаардагдах дата өгөгдлийн бааз суурийн талаар тодруулсан юм.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулахдаа Боловсролын сайдын зөвлөх Ц.Алтансор “Аюулгүйн сүлжээ”-ний үндэсний загварыг тодорхой танилцуулсан юм. Үе тэнгийн дээрэлхэлтийн талаарх ойлголтыг хүүхэд, эцэг эх, сургууль, багш, олон нийтийн түвшинд өөрчлөх, нэгтгэх, тэдний идэвх, оролцоог хангах замаар уг үзэгдлийг таслан зогсооход аюулгүйн сүлжээний зорилго чиглэж байгаа аж. Энэ бол зөвхөн хүүхдийн асуудал бус системийн асуудал гэдгийг тэрбээр танилцуулсан юм.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, С.Замира, О.Саранчулуун, Х.Баасанжаргал нар үг хэлж, урьдчилан сэргийлэх ажлын цар хүрээ, далайцыг тэлж, үр дүнг сайжруулах, хүүхэд хамгааллын талаар чиг үүрэг бүхий байгууллага, субьектуудын бодлогын уялдааг хангах, асуудлыг нарийвчлан судалж, шалтгаан, нөхцөл, үр дагаврыг тодорхойлох, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, боловсролын үр нөлөө, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчид, томчуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, шуурхай байдлыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг хөндсөн юм.