Хөвсгөл нуурт живсэн “Зил 131” автомашиныг 23 метрийн гүнээс татан гаргажээ
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын VI багийн Хатгал тосгон Тойлогтын үзүүр гэдэг газар өнгөрөгч нэгдүгээр сарын 11-нд живсэн "Зил 131" загварын автомашиныг Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоор ахлуулсан алба хаагчид, ар гэрийн нийт 23 хүн, жижиг оврын экскаватортайгаар татан гаргаж, эзэмшигчдэд хүлээлгэн өгчээ.
Тус автомашин нь 23 метрийн гүнд живсэн байсан бөгөөд 10м урттай, 3.5м өргөнтэй мөс гудамлаж, эргээс 90 метрийн зайнаас татан гаргасан байна.
Тухайн үед автомашин осолдсон хэсгээр хар, цагаан хилтэй, мөснүүд хэсэг хэсгээр бутарсан, мөсний зузаан 30-40 см, орзон ихтэй (мөс 1м-1.5м өндөртэй овойж ёрдойж хөлдсөн), татах автомашин аль ч талаараа очих боломжгүйгээс гадна "Зил 131" автомашин хамраараа доош харсан, 10 куб хуурай түлээ ачсан, түлээний арын хэсэг мөсөнд хавчуулагдсан байдалтай, хар хил гэнэт хөдлөх тохиолдолд автомашин живэх магадлалтай байсан учраас татан гаргах ажиллагааг түр хугацаагаар хойшлуулаад байсан аж.
Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар мөс цөмөрсөн 10 удаагийн дуудлага бүртгэгдэж, 6 иргэн амь насаа алдсан байна.
Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэж байгаа зөрчил тасрахгүй байгаа тул ард иргэд, малчид, тээвэрчид та бүхэн урин дулаан цаг эхэлж байгаатай холбогдуулан гол нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгой байдлын албанаас анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!





