УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Байнгын хорооны хуралдааны үүдэнд Т.Даваадалайг татаж унагаав
УИХ дахь Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), төсөвт өртөг, санхүүжилтийн эх үүсвэр, төсөвт үзүүлэх нөлөөлөл, мөн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалттай холбогдох мэдээлэл сонсож байна.
Хотын дарга Х.Нямбаатар гишүүдийн асуултад хариулах үеэрээ ариун цэврийн өрөө орохоор гарахад гишүүд хүндэтгэлгүй хандлаа, танилцуулгаа үргэлжлүүл хэмээн шаардлага тавьсан. Энэ үеэр Төрийн ордны Их засаг танхимын үүдэнд УИХ-ын Д.Энхтүвшин Нийслэлийн орлогч дарга Т.Даваадалайтай маргалдаж, татаж унагаагаад "Чи УИХ дээр ингэж ярихгүй шүү" гэж хэлэв.
Уг үйл явдлын дараа Т.Даваадалай "Засаг даргыг 00 орлоо гэхэд хүндэтгэлгүй хандлаа гэсэн. Томроод байхаар нь 00 орлоо шүү дээ л гэж би хэлсэн" гэж тайлбарлав.
Харин үүний хариуд УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "Миний буруу. Гэхдээ нийслэлийнхэн ийм хандлагатай байж болохгүй" хэмээн тайлбарлав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
