Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулсан иргэнд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулжээ
Цахим мөрийтэй тоглоомыг өнгөрсөн оны долдугаар сарын 01-нээс эхлэн Эрүүгийн хуулиар Монгол Улсад бүрэн хориглосон.
Мөн мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, төлбөрт бооцоот зохион байгуулагч нарт өөрийн дансаа удаа дараа ашиглуулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байдгийг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.
Прокурорын байгууллагаас хууль хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд мөрийтэй тоглоом зохион байгуулагч нарт дансаа ашиглуулсан нэр бүхий долоон хүнд холбогдох таван хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Дээрх хэргүүдээс
- Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн “...Б.Н нь 2025 оны долдугаар сарын 08-ны өдөр өөрийн Хаан банкны харилцах дансыг мөрийтэй тоглоом зохион байгуулагч нарт ашиглуулахаар тохиролцож, хариу төлбөр авсан, улмаар мөрийтэй тоглоом зохион байгуулагч нар нь 2025 оны наймдугаар сарын 20-22- ны өдрүүдэд дансанд нь 62.6 сая төгрөгийг цахим мөрийтэй тоглоомын бооцоо хэлбэрээр төвлөрүүлэх боломжийг олгож мөрийтэй тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн” хэрэгт анхан шатны шүүх Б.Н-ийг Эрүүгийн хуулийн 20.19 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, мөн түүний дансанд төвлөрсөн цахим мөрийтэй тоглоомын мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
Мөрийтэй тоглоом зохион байгуулагч нарт өөрийн банкны харилцах данс, утасны дугаар, цахим хаяг, цахим мөнгө зэргээ ашиглуулах нь тэдний үйлдэлд дэмжлэг үзүүлж буй хэлбэр бөгөөд энэ нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Эрүүгийн хууль 20.19 дүгээр зүйл. Мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх
1.Мөрийтэй тоглоом, эсхүл төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом зохион байгуулахад өөрийн, эсхүл бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогчийг удаа дараа ашиглуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
