"Туулын хурдны замын ₮2.3 их наядын төсөв нэмэгдэх нь тодорхой. Геополитик, эдийн засгийн хямралтай энэ үед ноцтой үр дагавар гарна"
УИХ дахь Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), төсөвт өртөг, санхүүжилтийн эх үүсвэр, төсөвт үзүүлэх нөлөөлөл, мөн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалттай холбогдох мэдээлэл сонслоо.
Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал уг төсөл эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Сэлбийн гэр хорооллын асуудлыг би дэмждэг. Гагцхүү Монгол компаниуд орж чадахгүй хэтэрхий том дүнтэй тендер зарлачихаар нь багасга гэж шаардаж байсан. Харин Туулын хурдны зам төсөл дээр бол эсрэг байгаа.
Яагаад гэвэл 2.3 их наяд төгрөгийн төсөв нэмэгдэх нь тодорхой. Энэ мөнгө 2-3 дахин нэмэгдээд Монгол Улсын эдийн засагт ямар хүндрэл авч ирэх вэ гэдэг асуудалд маш их санаа зовж байна. Үүнийг орон нутгийн шийдэх асуудал гээд орхих хэцүү, учир нь мөнгөн дүн чинь маш том. УИХ Засгийн газар өрийн баталгаа гаргах эрх олгосон учраас улсын хэмжээний асуудал мөн. Геополитик, эдийн засгийн хямрал гээд бүгд ярьдаг болчихсон энэ үед үр дагавар нь ноцтой гарч ирнэ. Эдийн засгийн утгаараа миний хувьд эсрэг байр сууртай байгаа.
Эдийн засгийг хөгжүүлэхийн тулд "хямрал, олон нөхцөл байдал хамаагүй мөнгө ихээр олж ирье, том том юм хийгээд манай нийгэм ард нь гарна" гэдэг хандлагатай байна. Энэ бол 2024 оны хамтарсан Засгийн газрын үед гарч ирж байсан төсөөлөл, Богд уулын дундуур нүх гаргана, урд талд нь 600 тэрбум төгрөгийн ордон барина гэж байсан. Энэ бүхний мөнгийг хаанаас олох вэ, мөнгө нь байхгүй. Тэгэхээр орон нутаг даяараа орд газраа бартердаж байгаад түүхий эдээ хямдхан өгөөд бүтээн байгуулалтаа хийе гэдэг асуудлыг анхны хамтарсан Засгийн газар оруулж ирж байсан.
Иймэрхүү өндөр эрсдэлтэй, олон их наядаар тоологдох төслийг энэ цаг үед хэрэгжүүлэх нь эрсдэлтэй гэж үзэж байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
