Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Бат-Үүл: Хүн ардын эрүүл ухаан булингартахын хэрээр шар сэтгүүлчдийн олох, овойх нь ихэсдэг

ikon.mn
2017 оны 12 сарын 25
iKon.MN

Монголын Залуучуудын Холбооноос оны төгсгөлд нийгэм, улстөр, эдийн засаг бизнесийн шилдэг залуу гэж шалгаруулдаг уламжлалтай. Харин шалгарсан залуус нь ирж буй шинэ ондоо багтаж Монгол Улсын хөгжлийн талаарх өөрийн санал санаачлага бүхий илтгэлийг тавьдаг. 

Энэхүү илтгэлүүдийг бид Монголын Залуучуудын Холбоотой хамтран 13 дахь цувралаа хүргэхээр бэлдлээ.

1996 оны улс төрийн салбарын шилдэг залуугаар тодорсон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Э.Бат-Үүлийн илтгэлийг хүргэж байна.

 

1997.10.22

Өнөөдөр Монгол улсын иргэн хэн боловч санасан бодсоноо чөлөөтэй илэрхийлж байна. Сонин хэвлэлд ямар ч асуудлаар хэний ч бичсэнийг зөвхөн эрхлэгч л зөвшөөрвөл нийтлэн олон нийтэд хүргэж байна. Түүгээр үл барам чадал хүрч байвал хэн боловч өөрийн гэх сонин, телевиз радио зэрэг мэдээллийн хэрэгслийг эрхлэн гаргах эзэмших бүрэн боломжтой болжээ.

Хууль зүйн яамнаас авсан мэдээгээр манай улсад хувь хүн, байгууллага, төр засгийн нийлээд 627 сонин, 141 сэтгүүл, 58 радио телевиз үйл ажиллагаагаа явуулж байна. Тэртээ найман жилийн өмнө анх бичиж сууснаа бодвол өнөөдөр ёстой л хэрэг зориг бүтлээ хэмээн бардамнаж болохоор ажээ. Гэвч өнгө хэлбэрт хуурталгүй сайтар ажиглавал чөлөөт хэвлэл хэмээх тоосгоор бүрддэг, ардчилсан нийгмийн нэг гол багана болох хэвлэл мэдээллийн институт сүндэрлэж чадаагүй байна. Хэвлэл мэдээллийн зах зээл дээр төр засгийн монопольд ноёрхол байсаар байна.

Төрийн гэсэн статустай “Ардын эрх’’ сонин 170-аад ажилтантай, бүх аймагт өөрийн сурвалжлагчтай, өөрийн хэвлэх үйлдвэр, компьютерын төв гээд хүчирхэг материаллаг баазтай байхад чөлөөт хэвлэл дотроо хамгийн томд тооцогдох "Өнөөдөр" сонин 20-иод ажилтантай, “Ардын эрх”, “Данида” хэвлэх үйлдвэрт сониноо хэвлүүлж байх юм. Засгийн газраас дарга нь томилогддог радио телевиз улсын төсвөөс 3.3 тэрбум төгрөгийн татаас авч 1,000-аад хүн ажиллуулан өөрийн улс орноор барахгүй Токио, Дели хүртэл цацаж байхад “ЖААГ" чөлөөт телевиз мэргэжлийн бус камераар зураг авч зөвхөн Улаанбаатарчуудад хүрч ажиллаж байна.

“Засгийн газрын мэдээ” сонин мөн л өөрийн үйлдвэртэй, компьютерын төвтэй, 80 гаруй хүн ажилладаг хүчирхэг байгууллага байхад “Маш нууц” чөлөөт сонин 10 ажилтантайгаар ажил хэргээ аргацааж байна.
Эдгээр жишээнээс харахад чөлөөт хэвлэлүүд төр засгийн хэвлэл мэдээллүүдтэй өрсөлдөх тухай санахын ч хэрэггүй юм байгаа биз ээ. Энэ байдлын улмаас чөлөөт гэгдэх хэвлэлүүд нь орилон тогтнохын тулд өөрийн эрхгүй “шарлахад” хүрч байгаа юм аа. Эрдэнэбаатар зохион бичлэг үйлдэж, хов жив сийрүүлж, гүтгэлэг сенсаци үйлдвэрлэж байж сая нэг “Хөх толбо”-оо амьдруулж байна. “Өрөөсөн чихт”-ийн буянаар л “Хөх толбо” борлогдож байгаа билээ. Ийм хэлбэрийн сонин хэвлэлийг “Шар хэвлэл” гэх бөгөөд зохиох, гүтгэх зэргээр сенсаци үйлдвэрлэх явдлыг шар сэтгүүл зүй хэмээдэг ажээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

“Шар сэтгүүл зүй”-г үндэслэгч нь Америкийн хэвлэлийн магнат агсан Вильям Рандолф Хёрст авай. Хёрстийн эрхлэн гаргадаг сонинуудыг эрчээ авахад түүний гол өрсөлдөгч Пулитцер “Нью-Йорк Уорлд” сонин дээрээ “шар хүүхдүүд төрлөө” гэсэн гарчигтай нийтлэлийг хэвлэлийн шар өнгөөр будан гаргажээ. Ийнхүү шар хэвлэл” гэсэн нэр томьёо хорвоод мэндэлсэн юм. Хёрстийн шар сэтгүүл зүйн мөн чанарыг илтгэсэн нэгэн түүхийн жишээг та бүхэндээ сонордуулъя.

Хёрст Релингтон хэмээх нэртэй сэтгүүлчийг “Кубад дайн болох нь байна, сурвалжилга хийж ир” гэсэн даалгавар өгөн явуулжээ. Тун удахгүй мөнөөх сэтгүүлчээс “Энд бүх юм тайван байна. Ямар ч түгшүүр алга. Дайн болохгүй нь ээ. Би буцмаар байна” гэсэн цахилгаан ирүүлжээ.Түүний хариуд Хёрст, “Чи наанаа үлдээ. Чи зургаа л хий. Би тэр дайныг чинь зохионо” гэсэн хариу цахилгаан явуулжээ. Хёрстийн шар сонинуудын шуугиан дэвэрсээр эцэстээ Америк Испанийн 1898 оны дайнд хүргэсэн гэдэг билээ. Зохиох, гүтгэх, худал бичих зэрэг сенсааци үйлдвэрлэхдээ манай шар хэвлэлийнхэн ер бусын амжилттай ажиллаж байна. “Мобиком мэдээлж байна”, эсвэл нэрээ хэлэхийг хүсээгүй хүний ярилцлага зэргээр өөрсдийн зохиосон булан ажиллуулахдаа үнэнхүү гарамгай.

‘Өрөөсөн чихт”, “Дуулсан уу, Мэдсэн үү”, “Жиг жуг” зэрэг дуулсан хов жив цуурхлыг товч мэдээ болгон тавьдаг нүүр нь эздэдээ багагүй ашиг өгдөг нь эргэлзээгүй. Дамбадаржаад алмас явж байгаад баригдсан тухай баримтат өгүүлэл бичээд сонинд нийтэлчихсэн чинь уг сониныг хүмүүс булаацалдан авч байгааг хараад хөх инээд нь хүрээд зогсож байгаа сэтгүүлч бусдадаа ингэж мөнгө олдог юм хэмээн сургамжлахад дууриах сонин мундахгүй юм билээ. Тиймээ, Манай шар сэтгүүлчид энэ мэргэжлээрээ дэлхийд толгой цохино гэдгийг би бардам хэлж чадна.

Гадаадын сэтгүүлчид сонин хэвлэлийнхэнтэй уулзаад “Өрөөсөн чихт”, “Жиг жуг” зэрэг нүүр гаргадаг туршлагыг сонирхуулахад, тэд ийм нүүрийг сонинд гаргаж болдог, тэгээд сонины гүйлгээ сайжирдаг мэтийг ойлгох гэж махаа иднэ. Тэрбээр гайхшаа барсан хэд, хэрэв “Нью-Йорк таймс”, “Асахи” зэрэг сонинууд “Өрөөсөн чихт” мэт булан гаргавал уншигчид нь нэг нүдээр ч харахгүй бөгөөд нэгмөсөн дампуурахаас өөр замгүй шүү дээ гэж дуу алддаг юм.

Би дээр шар хэвлэлийн гайгаар хоёр улс хоорондоо дайтахад хүрч байсныг дурдсан “Шар хэвлэл” үүссэн цагаасаа ер сайн юм бүтээж байсан нь үгүй. Ийм хэвлэл нийгмийг худал мэдээлэл, тодорхой зорилго бүхий гүтгэлэг сенсациар бөмбөгдөж ухаан санааг нь самууруулдаг байна. Цуг явсан хүмүүс маань надад хор өгчихлөө хэмээн өөрөө өөрийнхөө хоолонд хордлого авчихсанаа мэдэхгүй амь аврахыг эмчээс залбиран гуйж буй сэтгэцийн гажигтай хүн хэдэн мянган хувь сонин гарган уул өвчнөө олон түмэнд халдааж суух юм. Тэр нь бас багагүй үр дүнд хүрч, худал үнэнийг ялгахаа больж, аливаад итгэл алдарч, хардаж, зэвүүцэх синдромтой хүн цөөнгүй үзэгдэх ажээ.

Хамгийн гайхалтай нь хүн ардын эрүүл ухаан булингартахын хэрээр шар сэтгүүлчдийн олох, овойх нь ихэсдэг болой. Манай шар хэвлэлүүдийн нөр ажлын үр дүнд олон түмэнд нэр нь танил хэн ч гэсэн ямар нэг “ноотой" этгээд болон хувирдаг юм. Үндсэн хуульд маань гэм буруутай нь нотлогдоогүй хэнийг гэмтэн гэж үзэхгүй гэсэн заалт байдаг. Ийм заалтбайгаагуйсэн бол шар хэвлэлийнхэнд гүтгэж гүжирдүүлсэн хэнд ч болов ямар нэг юм тохиолдох байсныг үгүй гэх аргагүй ээ.

Шар хэвлэлийн аюултай хэрхэн тэмцэх вэ

Шар хэвлэлийг устгах хамгийн үр дүнтэй арга нь хэвлэл мэдээллийн зах зээл дээрх төр засгийн монополийг устгах явдал юм. Нэгэнт өмнө хэлсэнчлэн хэвлэл мэдээллийн зах зээл дээрх төр засгийн эгнэшгүй хүчирхэг байдал нь шар хэвлэлийг төрүүлж байгаа юм. Ийм учраас төр засаг, түүний бүх байгууллагууд өөрийнхөө иргэдэд зориулж сонин хэвлэлийг хэвлэн гаргах, радио телевиз байгуулан ажиллахыг хуульчлан хориглох хэрэгтэй. Төр нь иргэддээ мэдээлэл өгөх цор ганц үүрэг бүхий товхимол гаргахаас хэтрэхгүй байх нь зүйтэй. Радио телевизийг төрийн бүх шатны байгууллагын мэдлээс гаргаж зөвхөн олон нийтийн хараа хяналтад байдаг хэнээс ч хараат бус байгууллага болгох хэрэгтэй.

Ерөнхийлөгч асан П.Очирбатаас УИХ-ын өргөн барьсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлын хуулийн гол утга санаа нь энэ юм. Уг хуулийг УИХ-ын энэ удаагийн чуулганаар хэлэлцэж батлаад амьдралд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар завдаж байгаа нь тун ч чухал үйл явдал. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр хэвлэл мэдээллийн зах зээл дээр шударга өрсөлдөөн бий болж нийгмийн эрүүл харьцаа амьдарч эхлэх болно. Таван жилийн дараа гэхэд хүмүүс “Жиг жуг”, “Өрөөсөн чихт” зэрэг сэжгийн нэртэй булан бүх сонин уншиж байсандаа итгэж ядах болно.

Хэвлэл мэдээллийн тухай хууль хэлэлцэх цаг ойртох тусам янз бүрийн санаа оноог уралдуулсан маргаан эрчээ авч байна. Зарим нэг нь хууль хэрэггүй, тэртээ тэргүй манайд сонин хэвлэл чөлөөтэй, бүр хэт чөлөөтэй байгаа гэнэ. Магадгүй, нээрээ ч ардчиллын эцэг гэгддэг Англи, Америкт хэвлэл мэдээллийн тухай тусгай хууль үгүй юм. Гэхдээ эдгээр улсад хэзээнээсээ төр засгийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаагүй ажээ. Харин манайд бол угаасаа төр засгийн мэдэлд байгуулагдаж ажиллаж ирсэн билээ. Тэгэхээр ядахдаа төр засаг түүний бүх байгууллагууд өөрийн иргэдэд зориулж сонин сэтгүүл гаргах, радио телевиз эзэмшихийг хориглоно гэсэн ганц заалттай хууль хэрэгтэй байгаа хэрэг.

Хууль хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг хэсэгч олон асуудлаар өөр хоорондоо санал зөрж маргаж байна. Миний хувьд хамгийн их санаа зовоож байгаа асуудал нь хуулиар сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхний ёс зүй, эрхийн хэм хэмжээг хуульчлан зааж өгөх нь зүйтэй гэсэн үзэл санаа юм. Нээрээ ч өнгөцхөн харахад олон мянган уншигч, сонсогч, үзэгчдэд хүрдэг хүчирхэг зэвсэгтэй сэтгүүлчид, эрхлэн гаргагчид болон иргэдийн хооронд үүсэж байгаа харьцаа зохицуулах тусдаа хууль хэрэгтэй мэт санагдана. Хэн нэгнийг гүтгэсэн, худал мэдээ, 'устгах” миний төлөвлөгөө нийтлэл бичээд олон мянган хувиар тараахад уг хүнийг айхавтар чадаж байгаа хэрэг л дээ.

Ийм учраас шар хэвлэлд гүтгүүлэн, нэр төрөө гутаалгасан олон хүн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн ёс зүй эрхийн хэмжээг хуульд зааж оруулах нь зөв гэж үздэг. Үнэндээ сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн болон иргэдийн хооронд үүссэн маргааныг иргэний хуулиар шийдэх боломжтой юм.

Жишээ нь гэхэд л намайг хэд хэдэн сонинд сүрхий гүтгэсэн мздэапэл нийтлэгдсэн бөгөөд би тэдгээр сониныг иргэний хуулийг үндэслэн шүүхэд өгнө. Хэрэв шүүхээр гүтгэсэн нь нотлогдвол учирсан хохирлыг барагдуулахаар өгөгдөх мөнгийг шилдэг сэтгүүлчийг шалгаруулан шагнадаг сан байгуулах үйлсэд хандивлана хэмээн сэмхэн бодож явдаг юм. Ингэж би чөлөөт хэвлэлийг шар хэвлэл болох аюултай иргэнийхээ хувьд тэмцэж байгаа болно.

Нэгэнт иргэний хуулиар асуудлыг зохицуулах бүрэн боломжтой байхад хэвлэл, мэдээллийнхэнд зориулан тэдний ёс зүй, эрх хэмжээг тогтоосон тухай хууль буюу зүйл анги гаргах шаардлагагүй гэж үздэг. Шаардлагагүйгээр барахгүй болох ч үгүй хэмээн үздэг. Учир нь ийм хууль гарвал чөлөөт хэвлэлийн халдашгүй Дархан байдал баталгаагүй болно. Магадгүй хууль тогтоогчийн уур хүрвэл ямар нэгэн шалтаг заан мөнөөх хуульд нэмэлт өөрчлөлт хийх замаар явсаар нэг мэдэхэд чөлөөт хэвлэлгүй болох боломжийг үгүйсгэх аргагүй.

Тийм ч учраас ардчилсан нийгэмд сэтгүүлчдээ, ард иргэд: Эсээ тусад нь сугалан авч хууль тогтоогчдын мэдэлд өгөлгүй тэдэнт3й холбогдсон маргааныг иргэний хуулиар л зохицуулан шийдвэрлэдэг ажээ.
Бас нэг маргааны бай болж байгаа асуудал байна. Зарим хүмүүсийн дунд сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадвар, чансаа хангалтгүй байхад хэвлэл, мэдээллийн хэрэгслийг чөлөөлөх нь бүр эх захгүй, замбараагүй бурах байдлыг бий болгоно хэмээн болгоомжлох нь бий. Овоо гайгүйд тооцогдох сэтгүүлчдийнхээ нийтлэл, бодол бясалгалыг нь уншихад ийм байдал ажиглагддаг юм.

Аргагүй шүү дээ. Манай ихэнх сэтгүүлчид “сонин хэвлэл нь намын үзэл суртлын зэвсэг мөн" гэсэн томьёотой марксист-ленинист сэтгүүл зүйн онолоор зэвсэглэсэн юм. Зөвхөн тодорхой үзэл суртлын шаардлагын хүрээнд сэтгэн бодож мэдээ нийтлэлийг бичиж байсан сэтгүүлчдэд ямар нэгэн жишиг, чиг удирдамжгүйгээр бичээд эхлэхээр чадвар дутах нь ойлгомжтой. Харин ч коммунист үзэл сургамж, сэтгүүл зүйн номоор заалгаагүй, өөрийн хүчээр сэтгүүл зүйн ертөнцөд нэвтэрсэн сэтгүүлчид илүүчадварлаг байх шиг санагддаг. Тухайлбал, сэтгүүлч Эрдэнээгийн нийтлэлийг уншихад үйл явдлын мөн чанарт хүрч, цэгцтэй сайхнаар дүрслэн харуулдаг юм.

Гэхдээ би сэтгүүлчдийн чадварт эргэлзэх байдлаар чөлөөт хэвлэлийн хөгжлийг чөдөрлөх гэвэл бүр л дор байдал үүснэ. Өнөөдөр сэтгүүлчдийн цөөхөн хэсэг нь чөлөөт хэвлэл, ихэнх нь төр засгийн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байна. Миний байн байн хэлээд байгаачлан чөлөөт хэвлэлд ажиллаж буй сэтгүүлчид аргагүйн эрхэнд “шарлахад” хүрч байна. Төр засгийн хэвлэлд ажиллаж буй сэтгүүлчид нь болбол алдаа гаргаж хэл аманд орохгүй байх зорилт тавин ажиллаж байна гэвэл хэтрүүлэг болохгүй биз. Зарим санаачилгатай нэг нь “Гончигдорж дарга нум сумаар харван байг мэргэж онож наадамчин олноо баясгав, энэ жил төрийн бодлого мэргэн байх нь ээ’’ гэсэн сурвалжилга нэвтрүүлэх жишээтэй. Эдгээр байдлаас харахад сэтгүүлчдийн чадвар чансааг, чөлөөт хэвлэлийг хязгаарласнаар улам бүр муутгана. Ийм тохиолдолд хэчнээн ч сургалт явуулаад нэмэргүй.

Сүүлийн зургаан жилд сэтгүүлчдэд зориулан олон ч семинар, дугуй ширээний ярилцлага, лекц зэргийг явууллаа. Дорвитой үр дүн харагдахгүй л байна. Үнэндээ чөлөөт хэвлэлийг бойжиж өндийхөд саад болж байгаа мөнөөх л төрийн монополийг халахад зах зээлийн чөлөөт өрсөлдөөн нь аяндаа сэтгүүлчдийн чадвар чансааг дээшлүүлээд өгнө. Мэдээжийн хэрэг энэ нь төр засгаас сэтгүүлчдийн боловсролыг дээшлүүлэхэд нэмэр болж сургалтыг зогсоо гэсэн хэрэг биш. Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн монопольд ноёрхлоос ангид чөлөөт зах зээл дээр өрсөлдөж буй сэтгүүлчдийг сургавал өнөөдрийнхөөс олон дахин илүү үр дүнтэй гэсэн санааг хэлж байгаа юм. Бас нэгэн асуудал!

Хүн ард маань ардчилалд суралцаж боловсроогүй байхад төрийн мэдээлэл сурталчилгааны үүргийг үгүйсгэж болохгүй гэсэн санаа бодол яригддаг юм. Ардчиллыг зааж сургадаггүй. Ардчилсан орчинд амьдарч ажиллаж байж зон олон ардчиллыг сурч эзэмшдэг. Манай нийгмийн өнгөрсөн долоон жилийн хувьсан өөрчлөгдөж ирсэн амьдрал үүнийг нотолсон байна.

Та бүхэндээ хандах энэ мөчийг ашиглан олон жил миний тархи толгойд эргэлдэж буй нэгэн асуудлыг сөхөж тавъя. Ардын Их Хурлаар Шинэ үндсэн хуулийг хэлэлцэж батлах үед уг хуулийн “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан  хамгаалбал зохих нууцад  хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” хэмээсэн хоёрдугаар бүлгийн арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтыг миний бие ихэд эсэргүүцэж байсан юм. Энэ заалтын гол санаа нь төрийн хуулиар нууц гэгдсэн зүйлийг хамгаалах үүргийг бүх иргэдэд, тэр дотроо сэтгүүлчдэд ногдуулсанд оршино.

Би үүний хоёр зүйлийг иш үндэс болгон буруу гэж үзсэн. Үүнд: нэгдүгээрт, нууц хамгаалах үүргийг бүх нийтэд тохоосноор харин хамгаалах чадавхыг улам ч сулруулж байгаа юм. Бүгд адилхан хуулийн хариуцлага хүлээх тул “Нууц шүү” гээд бие биедээ дэлгэх нь магадлал ихтэй. Хэрэв зөвхөн хамгаалах үүрэгтэй албан тушаалтнаас бусад нь хариуцлага хүлээдэг гүйсэн бол тухай этгээд даргадаа ч итгэж дэлгэхгүй нь ойлгомжтой. Хоёрдугаарт, энэ заалт нь нэн ялангуяа сэтгүүлчдийн мэдээлэл хайх, түгээх эрхийг хязгаарлах боломжийг эрх баригчдад, албан тушаалтнуудад олгож байгаа юм. Уг нь нууцыг өгсөн цаад эх үүсвэрээ л илчлээгүй тохиолдолд тухайн сэтгүүлч хуулийн хариуцлага хүлээдэг байх нь зохимжтой, санагдана. Миний хэлсэн энэ зүйлийг Та бүхэн мэргэн оюундаа болгооно биз ээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлын тухай хуультай холбогдсон олон маргаантай асуудлын зарим нэгнийх нь талаар өөрийн тунгаан бодсоныг би та бүхэндээ толилуулаа. Энэ хуулийг хэлэлцэхэд бусад олон хүн санаа бодлоо нэмэрлэх: нь эргэлзээгүй. Учир нь, ардчилсан нийгмийг цогцлон бүтээх үйлсэд чөлөөт хэвлэлийг бэхжүүлсэн хууль тун чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг төрийн Хэвлэл мэдээллийн хүчинд автаж ялагдсан багш, эмч нараас авахуулаад улс орныхоо амьдралын үнэн бодит дүр төрхийг олж харах гэсэн малчид хүртэл мэдэрч байна.

Та бүхэндээ толилуулж буй “Шар хэвлэлийг устгах миний төлөвлөгөө хэмээсэн сүржин нэр бүхий илтгэлээ,уг илтгэлийн үзэл санааг тод томруун илэрхийлсэн “Чөлөөт хэвлэлгүй төртэй байснаа төргүй чөлөөт хэвлэлтэй байсан дээр" гэсэн Жефферсоны алдарт үгээр өндөрлөе.

Анхаарал тавьсанд баярлалаа.

1997.10.22