Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баясгалан: Банк санхүүгийн салбар Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй гэж боддог

ikon.mn
2017 оны 12 сарын 26
iKon.MN

Монголын Залуучуудын Холбооноос оны төгсгөлд нийгэм, улстөр, эдийн засаг бизнесийн шилдэг залуу гэж шалгаруулдаг уламжлалтай. Харин шалгарсан залуус нь ирж буй шинэ ондоо багтаж Монгол Улсын хөгжлийн талаарх өөрийн санал санаачлага бүхий илтгэлийг тавьдаг. 

Энэхүү илтгэлүүдийг бид Монголын Залуучуудын Холбоотой хамтран 15 дэхь цувралаа хүргэхээр бэлдлээ.

2001 оны эдийн засаг, бизнесийн салбарын шилдэг залуугаар тодорсон Голомт файнэншл группийн ТУЗ-н дарга Д.Баясгалан илтгэлийг хүргэж байна.

 

2002 он

Банкны үйл ажиллагаа бол шинэ бизнес биш юм. Зээл олгодог, гадаадын мөнгийг сольдог байгууллага бүр эртний Вавилон, Ромын сонгодог иргэншлийн үед оршин тогтнож байжээ. Харин орчин үеийн банкны үйл ажиллагаа нь сэргээн мандалтын үеийн Италиас эхтэй хэмээн эдийн засгийн түүхчид үзэх бөгөөд тэр үеэс л эхлэн банк нь зээл олгох, валют солихоос гадна хүмүүсийн хугацаатай ба хугацаагүй хадгаламжийг авах болжээ. Тиймээс ч мөнгийг сольдог, хуримтлуулан авч зээл олгодог байгууллагыг энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулагчийнх нь ширээг "bank" гэж Италиар хэлдэг байснаас үүдэж тодорхойлон нэрлэх болсон байна. Дампуурал буюу "bankruptcy" гэдэг үг ч хадгалуулсан мөнгөө авч чадаагүй зээлдүүлэгчээс нөгөө ширээг нь эвдэлдэг тэр үеийн итали уламжлалаас гаралтай ажээ.

Тэгвэл Англид банкны үйл ажиллагаа алт мөнгөний дархчуулаас үүссэн түүхтэй. Хүмүүс дарханд зоос хийлгүүлэхээр алт, мөнгөө хадгалуулдаг байж. Нэгэнт зоосны захиалга өгөгсөд бүгдээрээ нэгэн зэрэг дархан дээр ирэхгүй нь ойлгомжтой тул тодорхой нөөц авч үлдээд үлдсэнийг нь бусдад зээлдүүлэх санаа дархчуулд төрсөн байна. Түүгээр ч үл барам алт, мөнгө хүлээж авсан тухай баримтыг банкнаас олгон түүнийг нь хадгалуулагчид өөр хоорондоо шилжүүлдэг болсон нь хувийн мөнгөн тэмдэгтийн эхлэлийг тавьжээ.

Тэгвэл төрөөс цаасан тэмдэгтийг анх манай эрний 605 онд Хятадын Тан улсын үед гаргасан хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байна. Италийн алдарт аялагч Марко Поло 1273 онд Азиар аялж Монголын эзэн хаан Хубилайн ивээл дор оршин тогтносон тэр үеийн мөнгөний системийн тухай бичихдээ “ ... гүйлгээнд гаргаж байгаа тэрхүү цаас нь цэвэр алт, мөнгө мэт нэр хүндтэй ... , ... Хаан жил бүр гүйлгээнд дэлхийн эд баялгийн дүнтэй тэнцэхүйц хэмжээний мөнгийг гүйлгээнд гаргахыг тушаадаг" хэмээн дурдсан билээ.

Банк болон мөнгөний системийн үүсэл хөгжил хоорондоо салшгүй холбоотой. Гагцхүү бусдын мөнгийг хуримтлуулж зээл олгодог хувийн байгууллага бий болсныг сонгодог хэлбэрээр нь банкны үүсэл хэмээн үздэг байхад төрөөс мөнгөний систем, банкны үйл ажиллагааны дэглэмийг тогтоож эхэлснийг банкны тогтолцооны эхлэл байсан хэмээн үзэх нь түгээмэл байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Америкт 18 дугаар зуунд банкууд олон зуугаараа улсаас зөвшөөрөл аван байгуулагдаж угаасаа төлбөрийн чадваргүй байсны улмаас төдөлгүй үлэмж хэсэг нь хаагдаж, 19 дүгээр зуунд чөлөөт банк-ны эрин үеийг туулж байж 1913 онд Холбооны нөөцийн систем буюу Төв банкны системийг үндэслэв. Тэгэхдээ энэ бол дэлхийн хамгийн анхных биш байлаа. Хамгийн анхны Төв банкыг 1668 онд улсын дэмжлэгтэйгээр байгуулагдсан Шведийн Риксбанк, 1694 онд бий болсон Английн банкыг гэж тооцдог боловч тэдгээр нь угаасаа орчин үеийн төв банкны чиг үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор байгуулагдаагүй юм билээ.

Өнөөдөр Монгол Улсад арилжааны 17 банк ажиллаж, эдийн засаг дах санхүүгийн зуучлалын үүрэг гүйцэтгэж байна. Сүүлийн жилүүдэд банкуудны төлбөрийн чадвар эрс сайжирч, өрсөлдөөн нэмэгдэж, харилцагчиддаа хандсан олон шинэ бүтээгдэхүүнийг санал болгож, зээл болон хадгаламжийн хүүгээр уралдан, үүний үр дүнд нийт банкны татан төвлөрүүлсэн хөрөнгө эрс нэмэгдэн нэг үгээр хэлэхэд банкны систем тогтворжиж байна. Банкны салбарын энэхүү амжилт бидэнд амархан, хямд өртгөөр олдоогүй юм. Үүнийг тайлбарлах үүднээс бага зэрэг өнгөрснөө эргэн харъя.

Монголын анхны банк

Банкыг төрийн дэмжлэгтэйгээр байгуулах явдал ямагт улс төр, эдийн засгийн сонирхлыг хослон дагуулж байсны тод жишээ бол Монголын банкны үүсэл хөгжлийн түүх болов уу. Хорьдугаар зууны эхэн үеийн ээдрээтэй үед Хаант Оросын хүсэлтээр Монголд банк байгуулах санаачлага анх гарч Монголын түшмэдүүд тухайлбал, Сайн ноён хан Намнансүрэнгийн идэвхтэй оролцоотойгоор 1914 оны 7 сард Монголын Үндэсний банк нэртэй Сибирийн арилжааны банкны үүсгэн байгуулсан гадаадын бие даасан нэгж хаалгаа нээжээ.

Нэг сая рублийн өөрийн хөрөнгөтэй, мөнгө хэвлэхээс гадна арилжааны банкны ердийн үйлчилгээг үзүүлэхээр байгуулагдсан энэхүү банк нь Монголын эрх баригчдын хувьд санхүүжилт авч байх эх үүсвэр, Оросуудын хувьд хүрээний засгийн газрыг хяналтдаа байлгах хэрэгсэл болох, Монгол дахь Оросын худалдаачдын хувьд хятадуудтай санхүүжилтийн боломжоор өрсөлдөх чадварыг дээшлүүлэх учиртай байж. Мэдээж  хэрэг, Монголын Үндэсний банкны хөрөнгө нь ч, удирдлага хяналт нь ч, ажиллагсад нь ч бүгд Оросынх байв.

Монгол Улсад банк байгуулагдсан түүхийг 1924 он гэж тооццог. Зөвлөлт Оросын ивээл дор үүссэн Монголын Үйлдвэр Худалдааны Банк нь нийслэл хүрээнд байгуулагдаж түүний салбарууд нь Ховд, Улиастай, Алтанбулагт нээгдсэн оныг ингэж үздэг юм билээ. Монголын Үйлдвэр Худалдааны Банк нь Монголын Засгийн газар, Зөвлөлтийн Улсын банк, Санхүүгийн асуудал эрхэлсэн ардын коммиссириат нарын тэнцүү хөрөнгө оруулалт бүхий хамтарсан банк байсан бөгөөд захирлуудын зөвлөлд оруулсан нэг Монголыг эс тооцвол удирдлага ба ажиллагсад нь мөн л оросууд байжээ.

Банкны дүрмийн сан анх 175 мянган хятад мөнгөөр эхлээд төдөлгүй 3 сая хүргэж нэмэгдүүлсэн байна. Монголын мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргаж түүнийгээ мөнгөнийхөө нэгжийг ямарваа нэг дугуй зүйлтэй адилтган нэрлэж ирсэн Хятадын уламжлалыг даган төгрөг хэмээн нэрлэв. Монголын 90 төгрөгийг хятадын 100 мөнгөн тэмдэгтэй тэнцэж байх ханшыг тогтоов.

Социалист банкны эрин

1924 онд Монгол улс Зөвлөлт маягийн үндсэн хууль, нийгмийн байгууламжийг сонгосны гарцаагүй дайврын нэг нь социалист эдийн засгийн тогтолцоо түүний салшгүй хэсэг болсон улсын банкны систем байлаа. Үүссэн эхний жилүүддээ шинэ тогтолцоонд зайлшгүй шаардлагатай санхүүгийн дэмжлэгийг авах хэрэгсэл болсон энэхүү байгууллага нь өөрийн хөгжлийн дараагийн үе шатуудад социалист маягийн банкны хэв шинжийг улам бүр олсоор байв.

Социалист буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн дэглэм дэх санхүүгийн салбар нь моно буюу нэг шатлалт банкны тогтолцоогоор тодорхойлогдож байлаа. Нэгэнт эдийн засгийн бодит сектор нь төвлөрсөн төлөвлөгөөний удирдлага дор байсан нөхцөлд санхүүд төвлөрсөн хяналт тавихаас ч өөр аргагүй байсан биз.
Нэг шатлалт банкны тогтолцоо гэдэг нь хуучин Улсын банк өнөөгийн төв банк ба арилжааны банкны үүргийг сонгодог утгаар нь биш ч гэсэн зарим талаар нэгэн зэрэг гүйцэтгэж байсныг хэлж байгаа хэрэг юм.

Тухайлбал, Улсын банкнаас төв банкны чиг үүрэг болох гүйлгээнд мөнгө гаргах, гадаад валютын нөөцийг удирдах зэргээс гадна улс ардын аж ахуйн төлөвлөгөөтэй уялдуулсан зээлийн төлөвлөгөөний дагуу зээл 
олгох явдал байлаа. Тэгвэл арилжааны банкны чиг үүргийг Улсын банкны аймаг хот дахь салбарууд гүйцэтгэн хадгаламж авч, зээл олгон, аж ахуйн нэгжүүдийн төлбөр тооцоог хийж байв. Зээлийг материаллаг үйлдвэрлэлийн салбар, цөөн тооны үйлчилгээний байгууллага л авч болдог байснаас гадна аж ахуйн нэгжүүд өөрсдийн харилцах дансандаа байгаа мөнгийг чөлөөтэй зарцуулах эрхгүй байлаа.

Тэр үеийн бусад социалист орнуудад Улсын банкнаас гадна салбарын төрөлжсөн зээл олгодог бие даасан хэлбэртэй бусад банкууд ажилладаг байсантай харьцуулахад Монголын нэг шатлалт банкны тогтолцоо нь туйлын шинж чанарыг агуулж байв.

Өмнө нь дурдсанчлан тухайн жилд олгох нийт зээлийн хэмжээг төвлөрсөн төлөвлөгөөний үндсэн дээр тогтоож Улсын банк нь түүнийг өөрийн салбаруудаар хуваарилан олгож байв. Зээл нь өнөөгийн тодорхойлолтын дагуу барьцаагүй байсан ба бизнесийн эрсдэл хэмээх ойлголт ор үгүй байв. Эрсдэл гэдэгт байгалийн хүчин зүйл, гэнэтийн ослыг л ойлгож байв. Социализмын үе дэх зээлийн цорын ганц баталгаа нь тэр үедээ хууль мэт мөрдөгдөж байсан улсын төлөвлөгөө л байлаа.

1990 оноос өмнөх банк бол үндсэндээ Засгийн газрын касс, төлөвлөгөөт эдийн засгийн бүрэлдэхүүн хэсэг байв. Банкны системийн үндсэн үүрэг нь үйлдвэрлэл хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг биелүүлэх явдал байсан бөгөөд үндсэн хэрэгсэл нь захиргааны хязгаарлалт, хяналт байв. Олгосон зээл нь төлөгдөхгүй байхын зовлон байсангүй. Банк судалгаа шинжилгээтэй сайн ажиллаж байсандаа биш ердөө л зээлдэгч нь зээлээ төлөх төлөвлөгөөтэй түүнийгээ заавал биелүүлэх үүрэгтэй байснаас тэр. Зээлдэгчийн төлөвлөгөө тасарлаа гэхэд л банкны алдагдлыг хаах бусад хэрэгсэл улсад байв. Өөрөөр хэлбэл 1990 оноос өмнө банк бие даан ажиллаж байгаагүй гэж хэлэхэд хилсдэхгүй.

Хадгаламжийн хүү жилд 2-4 хувьтай, зээлийн хүү зарим салбарт хадгаламжийн хүүгээс доогуур, гэхдээ өнгөндөө хүү нь бодит эерэг байв. Үнийг төрөөс тогтоодог байсан учир инфляц хэмээх ойлголт байсангүй харин оронд нь барааны хомстол, дэлгүүрт буюу дэлгүүрийн гаднах урт дараалал л бодит үнийг тодорхойлж байв.

Шилжилтийн банк

1990 оны 8 дугаар сард тэр үеийн Сайд нарын Зөвлөлийн шийдвэр гарч Улсын банкны гүйцэтгэж байсан төв банк болон арилжааны банкны чиг үүргийг салгах чиглэлийг барьсан нь нэг шатлалт банкны тогтолцооны задралын эхлэлийг тавьсан хэрэг байв.
 
Төв банк буюу Монголбанк нь мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч төрийн гол байгууллага болон өөрчлөгдөж хуучин Улсын банкны дотоод бүтцүүд нь бие даасан арилжааны банкууд Худалдаа хөгжлийн банк (Улсын банкны Гадаад тооцооны газар байсан), ХОТШ (Улсын банкны Хөрөнгө оруулалт санхүүжилтийн газар байсан), Ардын банк (Улсын банкны Улаанбаатар хотын салбар байсан), Хөдөө аж ахуйн банк (Улсын банкны орон нутгийн салбарууд байсан) болж шинээр байгуулагдав. Түүнчлэн Улсын даатгалын газрын оруулсан хөрөнгө дээр түшиглэн Монгол даатгал, улсын үйлдвэрүүдийн хөрөнгө оруулалтгайгаар Үйлдвэрийн нэгдсэн банк, шинээр үүсэж эхлээд байсан хувийн секторын хөрөнгө оруулалттайгаар Монгол хоршоо зэрэг банкууд байгуулагдав.

Нэгэнт Худалдаа хөгжлийн банкаас бусад банкуудын хувь нийлүүлэгчид нь гол төлөв улсын үйлдвэрийн газрууд байсан учир эрхийн бичигт үндэслэсэн хувьчлалын компанит ажиллагаа явагдахын хэрээр банкууд хувийн секторын мэдэлд аажмаар шилжиж байлаа.

1991 онд банкны тухай хууль батлагдсан нь шилжилтийн үеийн банкны системийн эрх зүйн орчныг тодорхойлох учиртай байв. Төв банкны үндсэн үйл ажиллагаа болох мөнгөний бодлогын арга хэрэгслүүд нэлээд хурдан хөгжиж байв. Заавал байлгах нөөцийн шаардлага, Төв банкны үнэт цаасны арилжаа, банкны зээлийн лимит гэх зэрэг зах зээлийн болон захиргааны аргуудыг хослуулж байснаас гадна клирингийн зээл, эх үүсвэрийн зээл гээч янз бүрийн нөхцөлтэй зээлийг Төв банкнаас банкуудад олгодог болов.

Шилжилтийн эхний жилүүд дэх макро эдийн засгийн орчин ч туйлын таагүй байв. Социалист систем задарснаас шалтгаалан манай улсад жил бүрийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувьтай тэнцэхүйц хэмжээгээр өгдөг байсан зээл тусламж зогсож, манай үйлдвэрлэлд социалист орнуудаас өгдөг байсан орцууд тасран, манай бүтээгдэхүүнийг ч тэд авахаа болив. Инфляци шилжилтийн эхний жилд 300 орчим хувиар өсч дараагийн жилүүдэд нь буурсан боловч жилийн 50 хувиас багассангүй. Инфляци өндөр, тогтворгүй байснаас шалтгаалан банкны зээл, хадгаламжийн хүү ч огторгуйн хурдаар өсч байв.

Тэр үеийн арилжааны банкуудад ажиллаж байсан хүмүүст зах зээлийн эдийн засаг, эрсдэлийн орчинд ажиллах мэдлэг чадвар, бэлтгэл гэж байсангүй. Байх ч үндэсгүй байлаа. Бүх мэдээлэл, шинэ зүйлсийг өөрсдийн өдөр тутмын үйл ажиллагааны үр дүнд олж авч байлаа. Энэ үед эдийн засгийн олон салбар хямралын, зарим нь бүр сүйрлийн шинж чанарын агуулсан боловч олон түмэнд хамгийн хүндээр туссан, төрд хамгийн их алдагдал авчирч, хамгийн их маргаан дэгдээсэн салбар нь банкны салбар байлаа.

Банкны салбарын хямрал

Өнөөдрийн өндөрлөгөөс харахад банкны хямралыг тойрон гарах, түүнийг хохирол багатайгаар даван туулах арга зам байгаагүй юм. 1990 оны Эхэнд жигд гараанаас эхэлсэн худалдаачид, бизнес эрхлэгчдэд арилжаа наймаагаа хийхэд нь эргэлтийн хөрөнгөөр хангах байгууллага банкнаас өөр байсангүй. Гадаадаас хөрөнгө оруулах, зээл олж ирэх нь битгий хэл ихэнх нь анх удаа хилийн дээс алхаж байсан юм. Картын системийн дараа зах зээл дээрхи барааны хангалт, түүхий эдийн арилжаа наймаа, хөдөө аж ахуй, газар тариалан мэтийн улсын шинж чанартай цаг үеийн зарим зорилтыг биелүүлэх үүргийг тэр үед банкнаас зээл авсан хүмүүс л гүйцэтгэж байсан билээ.

Мэдээж ихэнх нь зээлээ эргэн төлсөн гэхдээ банкуудын төлбөрийн чадвар аажмаар муудаж, зээлүүд төлөгдөхөө больж байлаа. Дээр нь инфляц жилийн 300 гаруй хувиар өсч, долларын төгрөгтэй харьцах ханш асар хурдан өөрчлөгдөж байсан юм. Тэр үед банкны хүү нь сарын 20 хувь хүрч байлаа. Өрсөлдөөн бага, банкнаас зээл авах хүний тоо их, зээлдэгчид харилцагчид нь банкныхаа араас гүйдэг байв. Тэр ч бүү хэл, зарим банкуудад хадгаламж, харилцах данс нээлгэхдээ арын хаалга хэрэглэх шаардлага гардаг байсан юм. Нөгөө талаар зээл болон түүнд тавих хяналт сул, банкны үйл ажиллагааны эрсдэлийн талаарх ямар ч ойлголт тэр үед байсангүй.

Өөр нэг тэмдэглэвэл зохих зүйл бол тэр үеийн банкны удирдлагад хуучин нэг шатлалт банкны тогтолцооны уламжлалт чиг үүргийг гүйцэтгэх инерц, эрсдэлийг эс хариуцах сэтгэлгээ хүчтэй зууралдаж байв. Ийм нөхцөл байдалд банкны ажилтны хариуцлага мөн адил суларч, зээл төлбөр тооцооны үр ашиггүй бөгөөд хяналтгүй байдалд үндэслэгдсэн зөрчлүүд өргөнөөр тархаж байв. Шилжилтийн өмнөх ба дараах үеийн банкны бас нэг гол онцлог гэвэл арилжааны банкны удирдлага зээлийн эргэн төлөгдөх эсэхийг бодохоосоо илүү тухайн төсөл улсад ямар ач холбогдолтой гэдэгт гол анхаарлаа хандуулж байв.

Харамсалтай нь энэхүү сэтгэлгээ нь одоо ч хэр зарим талаар хадгалагдсаар байгаа билээ. Ёстой л “ардын засаг ч гэж юу байлаа, авдаг өгдөг нь гэж юу байлаа” гэдэг шиг арилжааны банк гэж үнэндээ дөнгөж нь байр сууриа тодорхойлж байлаа. Түүнчлэн төрөөс төлбөрийн чадвар нь аажмаар буурч байгаа банкуудад тавих хяналтыг сайжруулахын оронд цаг хожих, элдэв хэлбэрээр төрөл бүрийн зээл олгож байсан нь банкны хямралыг улам бүр далд хэлбэрт оруулсан юм.

Үнэндээ манай улсад 1990-ээд оны эхээр шинэхэн бий болсон банкуудын салбар нь өөрийн нээгдсэн үеэсээ л эхлэн хангалтгүй ажиллаж төлбөрийн чадваргүй болж байв. Манай оронд тохиолдсон банкны хямрал бол зайлшгүй байсан гэдгийг хэлэхийг хүсч байна. Арилжааны банк жинхэнэ утгаараа үүсэж хөгжсөн арваадхан жилийн дотор 10 гаруй банк хаалгаа барьжээ. Үүний дотор манай улсын хамгийн том, хамгийн анхны, хамгийн олон харилцагчидтай, хамгийн олон салбартай гэхчлэн бүхий л тодотголтой банкууд багтсан байна.

Өнөөдрийн өндөрлөгөөс харахад олон зүйлийг ингээд хийх хэрэгтэй байж дээ гэж заримдаа бодогддог боловч зайлшгүй юмыг урьдчилан сэргийлж, тойроод, алгасаад өнгөрч болдоггүй юм байна. Харин түүнийг хурдан хугацаанд, хохирол багатай дайраад туулах асуудал л байгаа юм. Манай оронтой ижил төстэй хуучин социалист орнуудад банкууд нь дампуурч, харилцагчид болон төр нь хохирсон олон жишээ хэлж болно. Тэр ч байтугай өндөр хөгжилтэй орны нэг болох Швед улсад л гэхэд 1995 онд банкны хямрал гарч, инфляцын түвшин жилийн 500 хувь хүрч байсныг тэндхийн банкны хүмүүс ярьж байсан. Хямралын гол шалтгаан нь мөн л хугацаандаа эргэн төлөгдөх бололцоогүй найдваргүй зээлүүд.

Шведийн Парламент, Засгийн газар яаралтай арга хэмжээ авч, Олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажилласны үр дунд хямралыг богино хугацаанд даван туулжээ. Тэнд ч бас адилхан Засгийн газар нь банкны алдагдлыг хүлээж, банкны өр барагдуулах алба байгуулсан бөгөөд тэнд ажиллаж байсан нэгэн тушаалтан “Шведийн Засгийн газар нэг өдрийн дотор асар их үндсэн хөрөнгө болон компанийн эзэмшигч болсон шүү” гэж билээ. Түүнд нь Европын энд тэндгүй байрлах үндсэн хөрөнгө, тансаг шилтгээнүүд, Австрали дахь хонины аж ахуйгаас эхлээд Африк тивийн Зимбабегийн нисдэг тэрэгний компани хүртэл хамрагдаж байжээ.

Тэгэхлээр банк бол аль ч оронд байсан ялгаагүй харилцагчийнхаа мөнгийг л, өөрөөр хэлбэл тэдгээрээс зээлж авсан мөнгөө яг цагт нь буцааж өгөхгүй л бол болохгүй юм шүү гэдгийг ойлгуулахыг хичээсэн нь тэр байлаа. Түүнээс гадна банкны зээлдэгчид ямар ч бизнес эрхэлж байсан, ямар ч үндсэн хөрөнгө, барьцаа баталгаатай байсан ялгаагүй банкинд л зээлээ хугацаанд нь төлөх нь хамгийн чухал гэдгийг хэлсэн хэрэг юм.

Банкны салбарын бүтцийн өөрчлөлт

Төлбөрийн чадвар нь буурч, дампуурлын ирмэгт тулсан арилжааны банкуудыг шинээр зохион байгуулж, хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэх, санхүүгийн зах зээл дээрхи зуучлалын үүргийг дээшлүүлэх гол зорилгоор банкны салбар дах бүтцийн өөрчлөлтийг 1996 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн билээ. Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд зарим банкуудыг татан буулгаж, шинээр байгуулж, зарим нэгэнд нь Төв банкнаас төлөөлөгч томилох зэргээр олон ажил хийгдсэнийг та бүхэн мэдэж байгаа.

Түүнчлэн Улсын Их Хурлаас банкны болон түүнтэй холбогдох олон хууль тогтоомжид өөрчлөлт оруулсны үр дүнд банкны салбар эрүүлжиж байна. Мөн Засгийн газар, Төв банкнаас банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийх иж бүрэн хөтөлбөрийг олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран боловсруулаад Азийн хөгжлийн банкнаас 35 сая ам. долларын зээл авсан билээ. Энэхүү банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн явцад 1998 онд Голомт банк төлбөрийн чадваргүй болж, алдагдал нь өдөр бүр нэмэгдэж байсан Сэргээн босголтын банктай 1998 оны зун нийлсэн билээ.

Хоёр банк нийлж ажиллаад ердөө 76-хан хоносон ч энэ нь бидэнд асар их зүйлийг ойлгож авахад хэрэг болсон юм. 1998 оны эхээр банкны бүтцийн өөрчлөлтийн үр дагавар болж байгуулагдсан Сэргээн босголтын банк төлбөрийн чадваргүй болов. Богинохон хугацаанд банк ийнхүү дампуурсны шалтгаан нь өмнөх төлбөрийн чадваргүй банкыг татан буулгаад урьдынх нь бүтэц зохион байгуулалтыг хэвээр хадгалан хуучин ажиллагсдынх нь хяналтын дор түүнээс ч дутуугүй эрсдэлтэй улсын банкыг байгуулж ажиллуулсан явдал байв.

Тэр үед Засгийн газар Сэргээн босголтын банкинд нэмж зээл олгох замаар амьдрах хугацааг нь ялимгүй уртасгаж дампуурлыг нь хойшлуулж болох байсан байх. Гэвч тэгсэнгүй. Харин оронд нь тухайн банкыг өөртөө нэгтгэж авах өөр арилжааны банкыг хайж эхлэв. Сэргээн босголтын банкны төлбөрийн чадвар суларсан боловч тийм доор ортлоо уначхаагүй байх гэсэн таамаглалын дүнд Голомт банк тухайн банктай нэгдэх Засгийн газрын саналыг хүлээн авсан юм. Гэвч Засгийн газрын хувьд СББ-ны бодит байдлыг биднээс илүү мэдэж байсан болохоор хэн нэгэнд нь тэрхүү алдагдлыг үүрүүлээд л салахын түүс болж байсан нь хожим тодорхой болсон юм.

Голомт банк, СББ-тай нийлсэн асуудал сүүлдээ эдийн засгийн утгаа бүрмөсөн алдаж, улс төрийн хүчнүүдийн тэмцэл болж хувирсан түүхийг та бүхэн мэдэх билээ. Тэр үеийн парламент дахь сөрөг хүчин Сэргээн босголтын банкыг зохиомлоор төлбөрийн чадваргүй болгож харагдуулах гэлээ, хувийн Голомт банктай нийлүүлсэн нь улсын хөрөнгийг үнэгүй завших гэсэн оролдлого, түүнчлэн Сэргээн босголтын банкыг тухайн үеийн ардчилсан хүчний эрх баригчид хувааж авсан мэтээр ярьж ухуулж байлаа. Банк салж нийлсэн асуудал дээр хууль хяналтын байгууллагаас эрүүгийн болон төрийн эсрэг хэрэг үүсгэж, улсын хөрөнгө мөнгө завшсан, олон тэрбум төгрөг гадаад дотоод руу гуйвуулсан, мөнгө угаасан, улсын эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор санаатай ажиллагаа явуулсан гэх мэтээр олон л зүйл болж өнгөрсөн.

Одоо ч тэр нь янз бүрийн хэлбэрээр үргэлжилж л байна. Тэрхүү хардлага сэрдлэг, гүжир гүтгэлэг нь төрийн хянан шалгах хорооны шалгалт, тагнуул, цагдаагийн газрын олон шалгалтаар бүгд үндэслэлгүй болох нь батлагдсан юм. Энэ бүхний хамгийн эерэг үр дүн нь манай хүчний байгууллагууд зах зээлийн систем дэх банкны үйл ажиллагааны талаар бодитой мэдлэг олж авсан явдал байх.

Тэр үед л бид хувийн байгууллага, улсын байгууллага хоёрын газар тэнгэр мэт ялгааг маш тод мэдэрч билээ. СББ манай банктай нийлээд амжилттай ажиллах үндэс огт байхгүй нь бараг анхны өдрөөс л мэдрэгдэж байлаа. Тэнд үнэндээ бидний огт мэдэхгүй тийм орчин ноёрхож, түүндээ ч хүмүүс нь дассан байв. Тэр банктай нийлж ажиллаж байх үедээ СББ-ны бүх салбарын эрхлэгч, удирдах хүмүүстэй би уулзсан. Мөн тэр банкнаас зээл авсан бүх томоохон компанийн удирдлагуудтай уулзсан.

Сонин хэвлэл дээр бичээд байгаа шиг улс төрчдийн дарамт шахалтаар баахан зээл олгоод тэр нь төлөгдөхгүй, банкыг дампууруулсан юм тэнд огг байхгүй гэдгийг би хэлэхийг хүсч байна. Сэргээн босголтын банк нь үнэн хэрэгтээ тэнд эрх дарх эдэлж байсан цөөхөн хэдхэн хүмүүсээс болж дампуурсан юм. Зээлийг үнэндээ өөрийн үзэмжээр л олгож байсан байгаа юм. Гэхдээ тэндхийн ажиллагсад, удирдах албан тушаалтнуудын дийлэнх нь банкаа гэсэн сэтгэлтэй, ажилдаа дуртай, хариуцлагатай хүмүүс байсан гэдгийг хэлэхийг хүсч байна.

Сэргээн босголтын банк Голомт банктай нийлснээс болж дампуураагүй, Сэргээн босголтын банк Голомт банктай нийлэх үедээ аль хэдийн дампуурчихсан байсан. Хоёр банк нийлж, салах ажиллагаанд Голомт банкнаас 100,0 орчим сая төгрөгийн шууд зардал гарсан ба харин Сэргээн босголтын банк бидний хүлээх байсан олон тэрбум төгрөгийн хохирлыг улсад учруулж, өөрийн жам ёсныхоо замаар зүйл дууссан. Хэдхэн хүмүүсийн хариуцлагагүй үйл ажиллагааны хохирлыг татвар төлөгч бидний мөнгөөр л хааж байгаа нь харамсалтай юм.

Банкны салбар бол хямралд хамгийн өртөмтгий салбарын нэг. Зөвхөн өөрийн үйл ажиллагааны чадавхаас шалтгаалаад зогсохгүй, бодит секторт учирдаг гадны янз бүрийн нөлөөллүүдийг өөрийн тайлан тэнцэл дээр тусгаж авч байдаг. Ухаандаа, дэлхийн зах зээл дээр алтны үнэ эрс уналаа гэхэд л алтны компаниудын банкин дахь харилцах дансны үлдэгдэл нимгэрч, энэ салбарт банкнаас олгосон зээлийн эрсдэл нэмэгдэнэ.

Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээл дээрх алтны үнэ алт олборлогч компаниудаар дамжин банкны санхүү, төлбөрийн чадварт нөлөөлж байна гэсэн үг. Зах зээлийн багтаамж багатай, цөөн нэр төрлийн түүхий эд дээр эдийн засаг нь суурилсан манай орны хувьд энэ бол бодитой эрсдэл юм. Банкны салбар эрүүлжих үйл явц 1999 оноос эхэлсэн. Энэ үеэс л эхэлж банкны салбар дахь чанаргүй зээлийн хэмжээ үнэмлэхүй ба харьцангуй үзүүлэлтээр тогтвортой буурч, банкуудын өөрийн хөрөнгийн харьцаа олон улсын жишгээс давж, төлбөр гүйцэтгэх чадварын үзүүлэлт Монголбанкнаас тогтоосон доод хэмжээнээс олон хувь давсан.

Төлбөр тооцоо саатдаг, банкны үйл ажиллагаанаас болж цалин тэтгэврээ авч чадахгүй байдаг 1996 оноос өмнө бараг хэвшил болчихсон байсан сөрөг үзэгдэл ор сураггүй арилав. Урьд нь банкнаас зээл авахад хүнд сурталтай, хүү өндөр, үйлчилгээ байхгүй гэдэг байсан бүх шүүмжлэл өнөөдөр бараг байхгүй болжээ. Та бүхэн ямар ч сонин сэтгүүл, телевизийн нэвтрүүлгээс банкны сурталчилгааг харж болно. Энэ салбарт өрсөлдөөн бий болж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд УИХ, Засгийн газар, Төв банкнаас авч хэрэгжүүлж буй бүтцийн өөрчлөлтийн үр дүн юм.

Банкны байгууллагын бүртгэлийг олон улсын жишигт нийцүүлэн гаргах зарчимд шилжүүлж банкны санхүүгийн тайланд зөвхөн Төв банкнаас шалгалт хийгээд зогсохгүй, хөндлөнгийн хяналт, аудитын байгууллагаар баталгаажуулдаг, тэрхүү баталгаажуулсан тайлангаа хэвлэлд нийтлүүлж олон нийтэд тайлагнадаг журамтай боллоо. Банкны үйл ажиллагаатай холбогдсон эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр олон зүйл хийв.

Тухайлбал, банкны нэхэмжлэлтэй хэргийг шүүхээс түргэн хугацаанд шийдэж байхаар тогтоож, банкнаас авсан зээлээ төлөхөөс санаатайгаар зайлсхийж байгаа этгээдэд болон төрийн байгууллагын ажилтнаас албан тушаалаа ашиглан банкинд хохирол учруулбал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгөв. 1997 онд УИХ-аас банкны зээлийн эрсдэлийн сан байгуулахад зарцуулсан хөрөнгийг татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан нь банкуудыг орлого, зарлагаа зөв тооцон бусдад зөв мэдээлэл өгч байх, цаашилбал төлбөрийн чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн зөв шийдвэр байлаа.

Төрөөс орон сууцыг иргэддээ үнэгүй хувьчилсан нь иргэдийн хэрэглээний зээлийн өсөлтийг дэмжсэн, нөгөө талаас банк санхүүгийн байгууллагын зээлийн эргэн төлөгдөх баталгааг сайжруулсан дорвитой алхам болсон юм. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хууль батлагдаж энэ асуудлыг хариуцсан Засгийн газрын агентлаг байгуулагдан ажиллаж эхэлсэн нь активаар баталгаажсан зээлийн систем үйлчлэх эрх зүйн үндсийг бүрдүүлээд зогссонгүй түүнийг амьдралд хэрэгжүүлэх бодит бололцоог олгов. Удахгүй газар хувьчлах гэж байгаа нь бодит эдийн засгийн өсөлтөд дорвитой нэмэр болно гэж бодож байна.

Банкны салбарт нэгэнт бий болсон хямралыг даван туулах, хямралын эсрэг дархлаажуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын болон техникийн шинж чанартай тусламж, санхүүгийн дэмжлэгийг Монгол Улсын засгийн газар Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг зэрэг олон улсын болон хоёр талын хамтын ажиллагааны байгууллагуудаас авч нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байсны үр дүнд манай улсын банкны салбар эрүүлжиж банкинд итгэх итгэл нэмэгджээ.

Үүний илрэл нь 2,000 оноос хойш банкны нийт активын хэмжээ 2 дахин нэмэгдсэн бөгөөд 5 арилжааны банк, 30-аад банк бус санхүүгийн байгууллага байгуулагдсан байна.​ Банкны зээлийн хэмжээ 4 дахин өсч, тэр нь хадгаламжийн өсөлтөөр баталгаажиж байна. Санхүүгийн зуучлалын түвшин өсөж одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 40 орчим хувь болжээ.

Ямартаа ч гэсэн Монгол улсад банкны хямрал гарч түүнийг даван туулжээ. Ийм хямрал зөвхөн манай улсад тохиолдсонгүй, 1980-аад оны дундаас 1990 ээд оны эцэс хүртэл дэлхийн 100 гаруй оронд гарч, түүн дотроо шилжилтийн эдийн засагтай гэгддэг хуучин социалист бүх орон өртжээ. Хямралыг даван туулахад ихээхэн бэрхшээлтэй тулгарч, төрөөс асар их зардал зардал гаргасны зэрэгцээ банкны салбарт гарч буй нааштай өөрчлөлт нь улс төрийн хүчнүүдийн дэмжлэг, тэдний зөвшилцлийн шууд үр дүн юм.

Банкны салбарт өрсөлдөөн нэмэгдэж, банкууд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээр уралдах болов. Олон улсын мөнгөн гуйвуулгын үндсэн сүлжээ болох Western Union , Monerammy-ын үйлчилгээг Голомт, ХААН, Худалдаа хөгжил, Анод банкууд нэвтрүүлж Голомт, Худалдаа хөгжлийн банкуудаас өөрийн нэрээр олон улсын Visa, Mastercard гарган орчин үеийн бэлэн бус төлбөр тооцооны дэвшилтэт хэлбэрийг зах зээлд нэвтрүүлж байна. Эх үүсвэр, хадгаламж татах маркетингийн тэмцэл банк банкуудын дунд ширүүсэж аливаа нэгэн дайвар үнэлэмжийг харилцагчдад төрүүлэхгүйгээр хадгаламжийн үйлчилгээ явуулах боломж хязгаарлагдах болжээ.

Телефон банк, интернет банкны үйл ажиллагаа зэрэг сүүлийн үеийн харилцаа холбооны технологийн дэвшлийг банкны салбар ашиглаж эхлээд байна. Зээлийн үйлчилгээний хамрах хүрээ өргөжиж ялангуяа жижиг дунд бизнесийг дэмжихэд чиглэсэн олон шатны зээлийн бүтээгдэхүүнийг арилжааны банкуудаас гаргах боллоо. Саяхан олон улсын санхүүгийн байгууллагаас хийсэн нэгэн судалгаагаар банкны салбар ийнхүү сайжирч төлөвшиж байгаа нь 1996 оноос эхэлсэн банкны тогтолцоонд хийсэн бүтцийн өөрчлөлт нь банкны санхүү төлбөрийн чадварын үзүүлэлтийг олон улсын жишигт нийцүүлэхэд чиглэж үүнтэй холбогдсон хууль тогтоомжийг сахиулах албадлагын арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлсний шууд үр дүн мөн гэж дүгнэжээ.

Банкны системийн өнөөгийн байдал, анхаарах зүйлс Банкны системийн өнөөгийн байдлыг өрсөлдөөнөөр тодорхойлж болно. Өрсөлдөөн бол хөгжиж дэвшиж байгаагийн илрэл юм. Өнөөдөр арилжааны банкууд гол төлөв үнээрээ өрсөлдөж байна. Өндөр хүү төлж, дээр нь янз бүрийн урамшуулал зарлаж байна. Энэхүү өрсөлдөөн нь яваандаа нэг түвшинд очих бөгөөд аажмаар чанарын өрсөлдөөнд шилжих байх. Үнээр өрсөлдөх явдал нь өрсөлдөөний хамгийн энгийн хэлбэр нь гэж би боддог. Үнийн өрсөлдөөн нь банкны салбарт хадгаламжийн хүүгээ өсгөх хэлбэрээр илэрч байна.

Сүүлийн 3 жил хэрэглээний үнийн индекс тасралтгүй буурч жилийн 6 орчим хувь, ам.долларын төгрөгтэй харьцах ханш бараг өөрчлөгдөөгүй байхад банкуудын татан төвлөрүүлсэн хөрөнгийн өртөг нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар банкуудын урт хугацаатай хамгаламжиндаа төлж буй дундаж хүү жилийн 18 орчим байна. Энэ нь хадгаламж эзэмшигчийн мөнгө түүний ямар ч хөдөлмөрийн оролцоогүйгээр жилд 18 хувь өсч байна гэсэн үг. Нөгөө талаар арилжааны банкны зээлийн хүү тасралтгүй буурч байгаа бөгөөд сүүлийн 2 жилд зээлийн хүүгийн хэмжээ дунджаар 30 хувиар буурсан болно.

Татан төвлөрүүлсэн хөрөнгийн өртөг нэмэгдэж, зээлийн хүү буурч, банкнаас өрсөлдөөнд гаргах зардал нь нэмэгдэж байгаатай холбогдуулан банкны ашгийн хэмжээ буурч байна. Гэтэл нөгөө талаар бодит эдийн засгийн өсөлт бараг 1 хувь хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл банкнаас олгож буй зээл нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байх ёстой атал тэгэхгүй байна. Үүний цаана чухам мөнгөний ямар урсгал, тооцоо явж байгааг тааварлахад хүнд байна. Магадгүй энэ нь далд хямралын шинж байж болох талтай бөгөөд даамжирсаар улмаар банкны системийг тогтворгүй байдалд хүргэж болох юм.

Үнэндээ жижиг зээлийг л тооцохгүй бол банкны томоохон найдвартай зээлдэгчид банкнаас өндөр хүүтэй зээл авахаа больж байна. Гол нь сонголт ихтэй болсондоо биш, өндөр хүүтэй зээлээр үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй болж байгаатай холбоотой юм. Гэтэл арилжааны банкны эх үүсвэрийн өртөг аажмаар нэмэгдэж байгаа нь гайхал төрүүлсэн үйл явдал бөгөөд үүний улмаас зээлдэгчдэд очих зээлийн хүү ойрын үед буурна гэж үзэхгүй байна. Өнөөдөр зарим нэг банкны хадгаламжийн хүү нь томоохон аж ахуйн нэгжид олгож буй зээлийн хүүтэй тэнцэж байна. Анхаарал татаж буй бас нэг асуудал бол хадгаламжийн өсөлтөөс зээлийн өсөлт их байгаа явдал юм.

Хоёр жилийн өмнө арилжааны банкны олгосон зээлийн хэмжээ 54 сая.ам.доллартай тэнцэж байсан бол одоо 171,0 сая ам.доллар хүрч 3 дахин нэмэгдсэн байна. Энэ нь үнэлүүштэй сайн зүйл боловч энэ санхүүжилт нь чухам эдийн засгийн аль секторт орж байгааг судлах шаардлагатай гэж боддог. Шилжилтийн үеийн эхэн үед банкны хувь нийлүүлэгчид нийлүүлсэн хөрөнгөөс илүү зээл авч банкийг хүндрүүлж байсан билээ. Зарим нэг аж ахуй, хувь хүмүүст банкнаас зээл авснаас, банк байгуулж иргэдээс хадгаламж хэлбэрээр эх үүсвэр татах замаар эргэлтийн хөрөнгө цуглуулах нь хямд санагдаж байж магадгүй юм.

Гэхдээ энэ нь банкинд маш эрсдэлтэй. Хэрэв цаад бизнес нь хүндрэлд орвол банкны санхүүгийн чадавхи дагаад буурах болно. Нөгөө талаар банк санхүүгийн зуучлал гүйцэтгэдэг утгаараа мэдээллийн төвд оршиж байдаг. Чөлөөт зах зээл рүү шилжиж байгаа энэхүү үзэгдлийг зөвхөн банкнаас л тов тодруун харж болно. Ганц банкны салбарт ч өрсөлдөөн бий болж байгаа юм биш, төрийн мэдлийн цөөхөн хэдхэн сектороос бусад бараг эдийн засгийн бүх салбар өрсөлдөөнд татагдан орж байна.

Аж ахуйн нэгжүүд өртгөө бууруулахын тулд технологийн шинэчлэл хийж, орон тоогоо багасган, мэргэжилтэй боловсон хүчинд ихээхэн анхаарлаа төвлөрүүлэх болжээ. Импортоор оруулж ирдэг байсан олон зүйлийг тэд өөрсдөө эндээ үйлдвэрлэж байна. Шинээр бий болж байгаа аж ахуйн нэгжүүд нь хэмжээгээрээ жижиг байгаа ч гэсэн тэдний өрсөлдөх чадвар асар өндөр юм. Хуучин социализмын үед баригдсан, хуучин технологитой үйлдвэрийн газруудын дэргэд тэдгээр аж ахуйн нэгжүүд түргэн хугацаанд байр сууриа олж байгааг бид харж болно.

Өчигдөр ганзагын наймаа эрхэлж байсан хүмүүс өнөөдөр зөөж байсан бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэхээр чармайж байна. Эдийн засгийн өндөр боловсрол эзэмшээгүй ч өрсөлдөөний асар их туршлага хуримтлуулсан, хэнээс ч үл хамаарсан, цаг хугацаа, мөнгөний үнэ цэнийг мэддэг нийгмийн шинэ дундаж давхарга бий болж байна. Тэд л өнөөдөр өөрсдөө худалдан авагчид, бас ханган нийлүүлэгчид юм. Тэдэнд банкны төрөл бүрийн сайн үйлчилгээ үзүүлэхэд санаа зовох шаардлагагүй, учир нь банк өөрөө өрсөлдөөний орчинд ажиллаж байна.

Харин тэдэнд хамгийн их саад учруулж байгаа зүйл нь төдийлөн тодорхой бус дүрэм журам, шат дараалсан татвар хураамж, төрийн хүнд суртал байна гээд хэлчихвэл нэг их буруудахгүй байх. Төр татвар төлөгчдөдөө үйлчилж хараахан сураагүй байна. Өнөөдөр би татвар төлөгч та нарын мөнгөөр амьдарч байна гээд хэлчих төрийн ажилтныг олоход хэцүү дээ. Төр аль болох бизнесийн таатай орчин, ойлгомж бүхий эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх ёстой гэж ойлгодог.

Тухайлбал, шуудангийн үйлчилгээг сайжруулж индексжүүлээд, айл болгон, аж ахуйн нэгж болгоны хаягийг тодорхой болгочихвол интернетийн худалдаа бага ч гэсэн хөгжинө шүү дээ. Амьдралаа дээшлүүлэх, үр хүүхдэдээ сайн боловсрол эзэмшүүлэх зорилгоор хөдөө орон нутгаас хот суурин газар бараадан ирж буй тэр хүмүүст бололцоог олгох хэрэгтэй. Тэд хэний ч туслалцаагүй амьдралаа өөд нь татна. Тэд чинь өөрсдөө зах зээл, бас ирээдүйн татвар төлөгчид шүү дээ. Хүн ам нягт суурилсан Япон улсад гэхэд л мужууд нь манай мужид ирж амьдар, ийм ч тааламжтай, тийм ч давуу талтай, татвар бага, тэтгэмж их гээд л телевизороор сурталчилж байдаг юм билээ.

Нэг үгээр хэлэхэд төрийн ямар ч оролцоогүйгээр иргэд, бизнес эрхлэгчид маань өөрийн зах зээлийн бий болгож, амьдрах аргаа тодорхойлж байна. Үнэндээ зах зээл өөрөө хамгийн шударга шийдвэр гаргагч бөгөөд үүнд хөндлөнгөөс оролцох шаардлага байхгүй. Нөгөө талаар банк бус санхүүгийн байгууллага олноор байгуулагдаж байна. Иргэдээс эх үүсвэр цуглуулах замаар зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй ББСБ-ууд өнөөдрийн байдлаар банк санхүүгийн зах зээлд эзлэх байр суурь нь харьцангуй бага байгаа ч цаашдаа өсөх болно.

Засгийн газраас банк бус санхүүгийн байгууллагыг хөгжүүлэх талаар явуулж байгаа бодлогын үр дүнд энэ зээлийн салбарт өрсөлдөөн, үр ашгийг нэмэгдүүлэхэд нааштай нөлөө үзүүлж байгаа боловч хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааны эрх зүйн үндсийг сайтар бүрдүүлж өгөх, иргэдийн мөнгийг хамгаалах чиглэлээр тэдгээрт тавих хяналтыг боловсронгуй болгох шаардлагатай байгаа гэж боддог. Магадгүй энэ салбараас дараагийн банк санхүүгийн бэрхшээлтэй асуудал гарч ирж болох юм.

Банк санхүүгийн салбар бол Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд нэн чухал үүрэгтэй гэж боддог. Бид үйлдвэрлэлийн салбарт урд хөрштэйгөө өрсөлдөж чадахгүй нь ойлгомжтой. Тэр ч бүү хэл гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хамгийн идэвхтэй байр суурь баримталдаг Өмнөд Солонгос хүртэл Хятад улстай өрсөлдөхөд төвөгтэй болж байгааг тэндхийн гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих газрын захирал нь тэмдэглэн хэлж байсан. Өнөөдөр Хятадад үйлдвэрлэснээс хямд өртгөөр үйлдвэрлэх тийм орон үнэндээ бараг алга байна.

Харин дэлхий дахинд банкны салбар мэдээллийн технологийн ачаар тун түргэн өөрчлөгдөж байна. Интернетийн худалдаа хийдэг компани нь Европт байхад банкны гүйлгээ нь Өмнөд Америкт хийгдэж байна. Монгол Улсын банкны салбар бол харьцангуй либерал юм. Гадаад валютын гүйлгээнд хязгаарлалт байхгүй, төгрөг нь дотооддоо чөлөөтэй хөрвөдөг байгаа нь бидний давуу тал юм. Гэтэл манай 2 хөрш энэ чиглэлээр маш хатуу бодлого баримталдгийг та бүхэн мэдэх байх.

Орос гэхэд гадаад руу барааны төлбөрт валют шилжүүлэхэд 15 төрлийн бичиг баримт бүрдүүлсэн байх шаардлагатай гэх мэт. Иймд бид энэ давуу байдлаа бусдад сайн сурталчилж чадвал манайдаа л хангалттай хөрөнгийн урсгал ирэх бололцоотой гэж боддог. Мэдээж ийм байлгахын тулд гадаадын харилцагчдад зориулж нууц хадгалах, татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр хуульд зарим нэг өөрчлөлт оруулах шаардлагатай.

Цаашилбал, УИХ-аас банкны зээлийн барьцааны эд хөрөнгийг зээл төлөгдөх хугацаа дуусмагц шүүхийн шийдвэргүйгээр банкны мэдэлд шилжүүлж байхаар Иргэний хууль тогтоомжид өөрчлөлт оруулсан нь үнэхээр ач холбогдолтой байсныг хэлэх нь зүйтэй. Гэвч харамсалтай нь энэхүү улс төрийн шийдвэр нь урт настай байсангүй. Шинэчлэн батлагдаж энэ оны 9 сараас мөрдөгдөж эхлээд байгаа Иргэний хуульд энэхүү бодлого тусгалаа бүрэн олж чадаагүй бөгөөд одоо маргаантай, шийдвэрлэвэл зохих асуудлын тоог нэгээр нэмээд байна.

Мөн банкуудын татвар оногдуулалтыг захиргааны аргаар төлөвлөж тогтоодог, татвар хураалтад банкийг ашиглах гэсэн хандлага, Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор үр ашиггүй төслийг санхүүжүүлэх зэрэг нь хөгжлийн эсрэг хандлага юм. Банкны салбарт гарч буй нааштай төлөв байдлыг хамгаалах бүх талын арга хэмжээг авч бүтцийг бэхжүүлж байх нь банкны салбарынхны ба Засгийн газрын нэгдмэл зорилт байх ёстой. Энэхүү зорилтыг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр бидний хамтын ажиллагааны цар хүрээ өргөн, хийх зүйл ч их байна.

Судалгаагаар манай улсын иргэдийн 10 орчим хувь л банкны үйлчилгээг авдаг байх юм. Гэтэл өндөр хөгжилтэй оронд энэ хувь насанд хүрсэн бараг бүх хүнийг хамарсан байх жишээтэй. Банкны үйлчилгээг хүнд сурталгүй, энгийн, хялбар, хүн бүхэнд хүртээмжтэй байлгах чиглэлээр хөгжүүлэх боломж байна. Бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх замаар банкны үйлчилгээ ойрын хугацаанд олон түмний өдөр тутмын хэрэглээ болно гэдэгт итгэдэг.

Нэг үхрийн эвэр цохивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг банкны салбар бол нэг нэгнээсээ маш их шалтгаалж байдаг. Нийт банкны систем тогтвортой байх нь хэн бүхэнд хэрэгтэй. Гадаадаар бизнес аяллаар явж байхад гадны хүмүүс тухайн нэг банкны талаар асуухаасаа илүү банкны нийт системийн талаар асуух нь их байдаг. Жишээ нь, нийт банкуудын муу зээлийн хэмжээ их бол ер нь Монголчууд зээлээ буцаан төлөхдөө хойрго гэж ойлгох жишээтэй. Тийм болохоор гадаад ертөнцөд аль болох нэгдмэл бодлого баримталж, нэгнийгээ дэмжиж, дотоод зах зээлдээ шударгаар өрсөлдөх нь зүйн хэрэг юм.

Энд хүрэлцэн ирсэн оюутан залуус та бүхэнд хандаж хэлэхэд та бүхний өмнө асар их бололцоо байна. Түүнийг олж хараад ашигла. Амьдралаа сайжруулна, албан тушаал ахина, санасан бодсоноо хэрэгжүүлнэ гэсэн эрмэлзэлтэй бай. Бэрхшээлийг үл хайхран мөрөөдлөө биелүүлэхээр тэмц. Банк санхүүгийн салбарын ажилтан бид ч бас та бүхэнд бололцоо олгоё. Та бүхний мэдлэг боловсролыг худалдаж авъя. Хөгжил бол байнга хамтын ажиллагааны үр шим байдаг юм.

Эцэст нь, өнгөрсөн жилийн Next stop шинэ жилийн наадамд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай “Бид алдаж, эндэж, төөрч будлиж байгаа ч гэсэн байнга хөгжил өөд урагшилж байгаа шүү “ гэсэн ерөөлтэй үгээр энэхүү лекцээ дуусгахыг хүсч байна.

2002 он