Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч асан, дэлхийн хувцас загварын од Дэвид Бекхэм спорт болон буяны үйлсэд гаргасан хичээл зүтгэлийнхээ төлөө Их Британийн хаант улсын хүлэг баатрын хэргэм хүртжээ.
Хүлэг баатрын хэргэм хүртээх ёслол Баасан гарагийн орой Букингэмийн ордонд болсон байна.
Бэкхемтэй цуг “Who” рок хамтлагийн дуучин Рожер Долтри, жүжигчин Гэри Олдмэн нар мөн ижил хэргэм хүртжээ.
Ингэснээр тэр нэрийнхээ өмнө “sir” цолыг зүүх эрхтэй болж байна. Түүний гэргий, Spice Girls хамтлагийн гишүүн асан, хувцас загварын бизнес эрхлэгч Викториа Бэкхем “Lady Beckham” гэж дуудагдах болж байгаа юм.
“Британи хүн гэдгээрээ маш их бахархдаг, эх оронч үзэлтэй эцэг эх, өвөө эмээгийнхээ гар дээр би Зүүн Лондонд төрж, өссөн билээ. Би ийм өндөр хүндлэлийг хүлээнэ гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Хийдэг ажил маань надад маш их аз жаргал авчирдаг. Энэ ажлыг маань ингэж үнэлсэнд би талархаж байна” гэж Бэкхемийн мэдэгдэлд өгүүлжээ.
Өнгөрсөн сард 50 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн Бэкхем олон жил хүлэг баатрын хэргэмийг хүлээсэн гэдэг.
2013 онд тэр энэ шагналын жагсаалтаас хасагдсаныхаа дараа нэлээд бухимдаж байсан нь 2017 онд Европын хэвлэлүүдэд задарсан цахим шуудангаас ил болж байв.
Тухайн үед Бэкхем уг баримтыг төлөөлөгчийнх нь шуудангийн хайрцгаас “хакдсан”, “засаж өөрчилсөн” гэж тайлбарлаж байжээ.
Бэкхем гэргий Викториатайгаа 1999 онд гэрлэж, дөрвөн хүүхэдтэй болсон юм.
Хүүхэд байхаасаа хөл бөмбөг тоглож эхэлсэн тэрбээр нийт 85 гоол, Премьер Лигийн зургаан аварга, FA Cups тэмцээний хоёр аваргын цомтойгоор 2013 онд зодог тайлж байжээ.
Бэкхем бас 2005 оноос хойш НҮБ-ын хүүхдийн байгууллага Юнисефийн элчээр ажиллаж, хэд хэдэн буяны үйл ажиллагаанд санаачлагчаар оролцсон юм.
Тэр бас хувцас загварын мэдрэмжтэй, биеэ сайхан авч явдгаараа алдартай нэгэн. 1998 онд GQ сэтгүүл түүнийг оны хамгийн загварлаг эрэгтэйгээр тодруулж байжээ.
Бас H&M, Armani, Boss зэрэг хувцас загварын брэндүүдийн нүүр царай болж байсан түүхтэй.
Бэкхем 2018 онд Британийн Хувцас Загварын Зөвлөлийн хүндэт ерөнхийлөгч болж байжээ. Тэрбээр гэргий Викториагийнхаа загварын шоу арга хэмжээнүүдэд тогтмол оролцдог юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!