• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

Иран улс Израилийн нутаг дэвсгэрт пуужингаар довтолж эхэллээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагийн шөнө Израиль улсын зүгээс явуулсан агаарын томоохон цохилтын хариуг Ираны зэвсэгт хүчин өнөөдөр өглөө өгч эхэлжээ.

Тухайлбал олон тооны баллистик пуужинг Израилийн хотууд руу харваснаа Тегераны эрх баригчид хэдхэн цагийн өмнө мэдэгдсэн юм.

Орон нутгийн цагаар Бямба гарагийн шөнө Тель Авив, Иерусалем зэрэг Израилийн том хотуудад дараалсан дэлбэрэлтүүд сонсогдож эхэлсэн байна.

Ираны шашны дээд удирдагч Аятолла Али Хамени өмнө нь Израилийн цохилтыг “дайн эхлүүлсэнд” тооцож, үүнийг ямар нэг үр дагаваргүй өнгөрөөхгүйгээ анхааруулж байсан юм.

“Сионист дэглэм гэмт хэргийнхээ үр дагавраас ангид үлдэхгүй. Иран улс хариу арга хэмжээгээ дутуудуулах ёсгүй” гэж тэр мэдэгджээ.

Ираны төрийн хэвлэл тус улсын зэвсэгт хүчин Израиль улсын чиглэлд олон зуун пуужинг гурван ээлжийн давлагаагаар харвасныг мэдээлсэн байна.

Харин Израилийн тал 100 хүрэхгүй тооны пуужинг Ираны зүгээс харвасны ихэнхийг амдаж устгаснаа мэдээлжээ.

Гэхдээ тус улсын санхүүгийн төв Тель-Авив хотод ядаж нэг пуужин туссаныг гэрчүүд баталж байна.

Тухайлбал тус хотын төвд  оршдог орчин үеийн орон сууцны хороололд гал гарч буйг сошиал ертөнцөд тарсан зураг, дүрс бичлэгүүд харуулжээ.

АНУ-ын зэвсэгт хүчин Ираны пуужингуудыг устгахад Израилийн талд тусалсан тухай Вашингтоны нэрээ нууцалсан албаны эх сурвалж зарим агентлагт мэдээлсэн байна.

Ираны пуужингийн цохилтын үеэр хамгийн багадаа 40 хүн шархадсаныг Израилийн Хаарец агентлаг онцгой байдлын албаны эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.

Тель-Авивын орон сууцны нурангид дарагдсан хоёр хүний биеийн байдал хүнд байгааг Израилийн түргэн тусламжийн алба өмнө нь бас мэдээлсэн юм.

Ираны цэргийн байгууламжуудад довтолж эхлэхдээ Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Ажиллагаа зорилгодоо хүрэх хүртэл, шаардлагатай хугацаагаар үргэлжилнэ” хэмээн хэлж байв.

Мөн Ираны талаас хэд хэдэн хариу довтолгоо ирэх нь тодорхой тул бэлтгэлтэй байгаагаа мэдэгдэж байжээ.

Ираны хариу довтолгоон эхэлсний дараа Нетаньяху эхлүүлсэн ажиллагаа нь “Исламын дэглэмийн цөмийн болон баллистик пуужингийн аюул заналыг устгах зорилготой” болохыг тус улсын ард иргэдэд хандан хэлжээ.

“Бид зорилгоо биелүүлэхийн хажуугаар та бүхний эрх чөлөөнд хүрэх замыг нээж байгаа юм. Танай дэглэм тэднийг юу цохисныг, цаашдаа юу цохихыг мэдэхгүй байгаа. Энэ бол та бүхэнд дэглэмийн эсрэг босож, дуу хоолойгоо хүргэх боломж юм” гэж тэр Ираны олон нийтэд уриалсан байна.

 

Эх сурвалж: Aljazeera