Таван шар дахь найман метрийн өндөртэй явган хүний гүүрэн гарцын гүйцэтгэл 30 хувьтай байна

Д.Янжиндулам, ikon.mn
59 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

“Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийг нийслэлийн дөрвөн байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн орчмын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж буй.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын гармын хэсэгт төмөр зам болон авто зам дээгүүр өнгөрөх явган хүний гүүрэн байгууламж нь 90 метр урт, гурван орц гарцтай бөгөөд босоо тэнхлэгийн дагуу найман метр өндөр байхаар төлөвлөгджээ. "Өнөөдрийн байдлаар гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд төмөр замын урд, хойд хэсэг болон “Залуус” хорооллын урд талын шонт суурь, суурийн ажлуудыг хийж байна.

Гүүрэн гарцыг зорчигч өгсөж, уруудахад огцом налуугүй байхаар төлөвлөсөн тул хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдийн тэрэгтэй болон дугуйтай иргэд аюулгүй, тав тухтай зорчих боломжтой. Гүүрэн гарцыг энэ оны II улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа"-г мэдээллээ.

Тус байршлын явган хүний гарцыг өнгөрсөн сард барьж эхэлсэн билээ.

Харин Таван шарын нүхэн гарцын хувьд ногоон байгууламж, борооны ус зайлуулах систем болон бусад тохижилтыг дуусгаж, авто зам, явган болон дугуйн зам, туннелийн иж бүрэн гэрэлтүүлгийг суурилуулжээ.