Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Тайланд, Вьетнам, Фижитэй нэг хэсэгт өрсөлдөнө
Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо (FIBA)-ноос 2029 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий урьдчилсан шатанд оролцох эрхийн төлөөх тоглолтын хуваарийг зарлалаа.
Ази тивийн 17 баг тус тэмцээнд өрсөлдөнө. Мөн далайн орнуудаас Фижи арлынхан хүч сорих юм. Хэсгийн тоглолтууд Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын Дубай, Казахстаны Алматы, Малайзын Серамбан болон Монголын Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Хоёр үе шаттай явагдах урьдчилсан шатны эхний тоглолтууд наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 1-нийг дуустал үргэлжлэх билээ.
Манай улсад "D" хэсгийн тоглолтууд болох бөгөөд Тайланд, Вьетнам, Фижитэй тус тус өрсөлдөх аж. Эхний тоглолтоо наймдугаар сарын 28-ны Баасан гарагт Вьетнам, наймдугаар сарын 30-ны Ням гарагт Фижи, наймдугаар сарын 31-ний Даваа гарагт Тайландтай оноолт таарчээ.
Харин 18 багаас хамгийн сайн амжилт үзүүлсэн 12 баг нь дараагийн шатанд өрсөлдөнө. Арваннэгдүгээр сарын 23-наас арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэлх лигийн завсарлагын үеэр багууд өрсөлдөх юм. Шалгарсан багуудаас хэсгийн тоглолтыг зохион байгуулах улсыг тодруулах журамтай.
Хоёр хэсгээс эхний дөрвөн байр эзэлсэн багууд тивийн аваргад оролцох эрхийн төлөө хүч үзэх чансаа өндөр 24 багийн тоонд багтана. Улмаар эрхээ авсан 16 баг нь цомын төлөө өрсөлдөх учиртай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
