Украины дрон нислэгийн удирдлагын төвд халдсаны улмаас Оросын өмнөд бүсийн нисэх буудлууд үйл ажиллагаагаа зогсов
Баасан гарагийн өглөө Украины дронууд Донын Ростов хот дахь нислэгийн удирдлагын төвд халдсаны улмаас Оросын өмнөд бүсийн арав гаруй нисэх буудал үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ.
Уг төв нь Оросын өмнөд бүсийн бүх агаарын тээврийн үйлчилгээг удирддаг юм байна. Халдлагын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй ч тоног төхөөрөмжүүд нь гэмтсэнийг ОХУ-ын тээврийн яам мэдээлжээ.
Үүний улмаас Астрахань, Владикавказ, Волгоград, Геленджик, Грозный, Краснодар, Махачкала, Магас, Минеральные Воды, Нальчик, Сочи, Ставрополь, Элиста хотуудын нисэх буудлууд үйл ажиллагаагаа зогсоосон байна.
Аэрофлот, Победа, Нордвинд, Россия Эйрлайнс компаниуд нислэгийн хуваариудаа өөрчилж, заримыг нь цуцалж байгааг зарлажээ.
Оросын аялал жуулчлалын операторуудын холбооны мэдээлснээр уг саатлын улмаас 14,000 гаруй зорчигч нисэх боломжгүй болсон байна.
Тээврийн сайд Андрей Никитин цуцлагдсан нислэгийн зорчигчдыг галт тэрэг, автобусаар тээвэрлэх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаагаа мэдэгджээ.
Оросын иргэний агаарын тээврийн зохицуулагч агентлаг Росавиация тус улсын өмнөд бүс нутгийн нислэгүүд тавдугаар сарын 12-ныг хүртэл түр зогсож болзошгүйг Баасан гарагийн орой мэдэгдсэн байна.
Баасан гарагийн өглөө Орос даяар Украины 260 гаруй нисгэгчгүй онгоцыг унагаснаа тус улсын батлан хамгаалах яам мэдээлжээ.
Эдгээрийн зарим нь Уралын нурууны Перм мужид хүрч, аж үйлдвэрийн байгууламжуудад цохилт өгсөн байна.
Оросын эрх баригчид ялалтын баярыг тохиолдуулан тавдугаар сарын 8-наас 10-ны хооронд гал зогсоох санаачилга гаргасан. Украины дээрх халдлага уг хугацаа эхэлснээс хойш хэдхэн цагийн дараа гарсан байна.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский бас гал зогсоох хугацаа эхэлсэн шөнө дундаас хойш Оросын талаас 850 орчим халдлага гарсныг мэдээлжээ.
“Энэ бүхэн Оросын бэлгэдлийн чанартай гал зогсоох санаачилга хэрэгжихгүйг тодорхой харуулж байна. Бид сүүлийн 24 цагийн хугацаанд явуулсан шиг хариу арга хэмжээг үргэлжлүүлэн авах болно” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн байна.
Украины хилээс 700 км орчим зайд оршдог Ярославль мужийн эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгснөө Зеленский энэ үеэр мэдээлжээ.
Уг байг тэр “Оросын дайныг санхүүжүүлэхэд маш чухал ач холбогдолтой газрын тосны байгууламж” гэж тодорхойлсон байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
