Словакийн ерөнхий сайд өнөөдөр Зеленскийн захиаг Путинд дамжуулж магадгүй гэнэ
Словакийн ерөнхий сайд Роберт Фико өнөөдөр Москвад ялалтын баярын арга хэмжээнд оролцохдоо Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн захиаг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд дамжуулж магадгүйг Братиславын өндөр албан тушаалтан мэдээлжээ.
Фико өнөөдөр Улаан талбайд зохион байгуулагдах баярын жагсаалд оролцохгүй, харин дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн нэр үл мэдэгдэх цэргүүдийн булшинд цэцэг өргөхийг Словакийн гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Растислав Хованец мэдээлсэн байна.
“Үүний зэрэгцээ ерөнхий сайд Оросын ерөнхийлөгчтэй уулзах ба энэ үеэр Украины ерөнхийдөгчийн илгээлтийг дамжуулж магадгүй байгаа” гэж Хованец өөрийн улсын парламентын гишүүдэд хэлжээ.
Ингэхдээ тэр Зеленскийн илгээлтийн агуулгын талаар дурдаагүй юм. Харин Зеленский, Фико нар сүүлийн долоо хоногийн хугацаанд хоёр удаа утсаар ярьсныг баталжээ.
Украины тал энэхүү мэдээлэлд ямар нэг тайлбар өгөөгүй байна.
Фико бол Украины дайн эхэлснээс хойш Москватай найрсаг харилцаагаа хадгалж байгаа Европын цөөн удирдагчдын нэг.
Түүнтэй ижил Москватай ойр дотно харилцаатай байсан Унгарын ерөнхий сайд Виктор Орбан өнгөрсөн сард болсон сонгуулиар эрх мэдлээ алдсан юм.
Өнөөдөр Улаан талбайд зохион байгуулагдах цэргийн парад зэвсэг техникгүй, цомхон болж өнгөрөх гэж байгаа. Уг арга хэмжээнд оролцох гадаадын төлөөлөгчдийн тоо ч эрс буураад байна.
Өнөөдөр Улаан талбайд Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко, Лаосын ерөнхийлөгч Тонглун Сисулит, Малайзын хаан Султан Ибрагим нар биечлэн байх юм.
Эдгээрээс гадна Гүржээс Оросын тусламжтай салан тусгаарласан Абхаз, Өмнөд Осетийн удирдагчид, Боснын серб үндэстний удирдагчид оролцох төлөвтэй байна.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
