Оросын засгийн газар дизель түлшний экспортыг бүрэн хориглох талаар судалж байна
Украины агаарын цохилттой холбоотой үүссэн дотоодын шатахууны хомсдолтой тэмцэх зорилгоор Оросын засгийн газар дизель түлшний экспортыг бүрэн хориглохоор судалж эхэлжээ.
Тус улсын засгийн газрын шадар сайд Александр Новак дотоод зах зээлийн нөхцөл байдал “хэцүү боловч хяналтад байгаа” гэж мэдэгдээд одоо үйлчилж буй бензин болон онгоцны түлшний экспортын хоригтой зэрэгцүүлэн дизель түлшний экспортыг хориглох талаар судалж байгааг мэдээлсэн байна.
“Бид бүх газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлыг дээд хэмжээнд нь хүргэж, төлөвлөгөөт засвар үйлчилгээний хугацааг богиносгож, заримыг нь хойшлуулсан” гэж Мягмар гарагт ерөнхийлөгч Путин болон бусад өндөр албан тушаалтнуудтай уулзах үеэрээ Новак хэлжээ.
Тэрбээр энэ сарын эхээр дизель түлшний экспортыг бүрэн хориглох шаардлагагүй гэж мэдэгдэж байсан бол өнөөдөр энэ байр суурь нь ийнхүү өөрчлөгдсөн байна.
Новак бас дотоодын хомсдолын талаар “тодорхой бүс нутаг, тодорхой шатахуун түгээх станцуудад түгээлтийн саатал гарсан”-тай холбоотой гэж тайлбарлажээ.
Хараат бус хэвлэлүүдийн мэдээлснээр сүүлийн хэдэн долоо хоногт Оросын хорь гаруй бүс нутагт бензин, дизель түлшний худалдан авалтад хязгаар тогтоогоод байна.
Бензиний дундаж үнэ оны эхнээс 6.6 хувиар өсөж, литр тутам нь 69.11 рубль (₮3,290 орчим) болжээ.
Лхагва гарагт Коммерсант сонин Роснефтийн гүйцэтгэх захирал Игорь Сечиний тавдугаар сард ерөнхийлөгч Путинд бичсэн захидлыг нийтэлсэн юм.
Уг захидалдаа Сечин газрын тос олборлогч компаниудад бүтээгдэхүүнийхээ доод тал нь 30 хувийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх даалгавар өгөхийг зөвлөсөн байв.
Үүнийгээ дотоодын зах зээлийн нийлүүлэлтийг тогтворжуулах түр хугацааны арга хэмжээ гэж тэр тайлбарлажээ.
Орос улс энэ сард Азийн орнуудаас далайгаар бензин шатахуун импортлох гэж байгааг салбарын эх сурвалжууд Ройтерс агентлагт мэдээлсэн байна.
Үүнтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалтыг төрийн Дум ойрын өдрүүдэд яаралтай горимоор батлах гэж байгааг РБК агентлаг бас мэдээлжээ.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
