Хантавирусийн халдварын шинэ тохиолдлууд Испани улс болон алс холын Тристан да Кунья арлаас илэрлээ
Эрүүл мэндийн мэргэжилтнүүд тансаг ангиллын аяллын хөлөг дээр дэгдсэн хантавирусийн тархалтыг хязгаарлахаар шаргуу ажиллаж байгаа энэ үед уг хөлгөөс гадна халдварын хоёр шинэ тохиолдол илэрчээ.
Тухайлбал Баасан гарагт Испани улсад нэг, Атлантын далайн өмнөд хэсэгт оршдог, эх газраас алслагдсан Тристан да Кунья аралд нэг тохиолдол тус тус илэрснийг мэдээлсэн байна.
Хэдийгээр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) хөлөг онгоцон дээр дэгдсэн халдварыг ерөнхий хүн амд тархах эрсдэл бага, хантавирус нь хүнээс хүнд амархан дамждаггүй гэж мэдэгдэж байгаа ч хэдэн мянган километрийн зайтай хоёр газарт халдварын тохиолдол илэрсэн нь санаа зовоож байна.
Испанийн зүүн өмнөд хэсгийн Аликанте мужид амьдардаг 32 настай эмэгтэйгээс хантавирусийн халдварын шинж тэмдэг илэрч, шинжилгээнд хамрагдсаныг тус улсын эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Уг эмэгтэй MV Hondius аяллын хөлөг дээр халдвар авсан Нидерландын иргэн эмэгтэйтэй онгоцны арын суудалд хэсэг хугацаанд суусныг Испанийн эрүүл мэндийн сайд Хавьер Падияа сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Нидерландын иргэн дөрөвдүгээр сарын 25-нд Өмнөд Африкийн Йоханесбург хотоос хөөрөх гэж байхдаа бие нь муудаж, онгоцноос эмнэлэгт хүргэгдсэний дараа нас барсан юм.
Түүний нөхөр MV Hondius хөлөг дээр нас барсан бол өөрөө Йоханесбург хотын эмнэлэгт үлдэж эмчлүүлсний дараа эх орон руугаа нисэх гэж байжээ.
Испанийн иргэн эмэгтэй түүнийг онгоцноос буух хүртэл хоёр эгнээний ард сууж байжээ.
Тристан да Кунья аралд халдварын шинж тэмдэг илэрсэн эрэгтэй Их Британийн иргэн болохыг тус улсын эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.
Тэрбээр MV Hondius хөлгөөр зорчиж байгаад дөрөвдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Тристан да Кунья аралд зогсоход нь үлдэж байжээ.
150 орчим зорчигчтой MV Hondius хөлөг гуравдугаар сарын сүүлээр Аргентины өмнөд эргээс Атлантын далайн төв хэсэг, Африк тивийн баруун эргийн ойролцоо оршдог Кабо Верде арал улсын чиглэлд хөдөлж байв.
Тус хөлгийн зорчигчдоос Нидерландын хос, Германы иргэн гурван хүн хантавирусийн халдвараар нас бараад байгаа.
Өөр дөрвөн хүнээс халдварын тохиолдол батлагдсан нь Британийн хоёр, Нидерланд, Швейцарын тус бүр нэг иргэн байгаа юм.
Одоо MV Hondius хөлөг Кабо Верде арлаас Испанийн харьяа Канарын арлуудын чиглэлд аялж байгаа.
Аяллын эцсийн зогсоол Кабо Верде байсан ч өвчин гарсны улмаас үүнийг шинжлэх чадвартай хамгийн ойрын цэг болох Канарын арлууд руу хөдөлсөн юм.
Одоо Испанийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд хөлгийн зорчигчдыг нүүлгэн шилжүүлж, тусгаарлаж, шинжилгээ авах бэлтгэлийг хангаад хүлээж байна.
Хөлөг энэ Ням гарагт Канарын арлуудын Тенериф арлын боомтод хүрэх юм.
Халдварын тохиолдол илэрсэн Тристан да Кунья арал нь Өмнөд Америк, Өмнөд Африкийн гол дунд оршдог, ердөө 200 хүн амьдардаг арал. Тус аралд хүрэхийн тулд хамгийн ойр буюу 2,400 гаруй километрын зайд оршдог Гэгээн Еленийн арлаас моторт завиар зургаа хоног зорчдог.
Дэлхийн улс орнууд MV Hondius хөлгийн аяллын дундаас буцаж ирсэн өөр өөрийн иргэдийг хүлээн авч эхэлжээ.
АНУ-ын хэд хэдэн муж аяллаас буцаж ирсэн шинж тэмдэггүй иргэдээ хяналтад авсан бол Сингапур улс буцаж ирсэн хоёр иргэнээ тусгаарлаж, шинжилгээнд хамруулснаа мэдээлсэн байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
