Озеки Аонишики цолоо алдах аюулд орлоо
Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн ирэх Ням гарагт эхэлнэ.
Сүмогийн холбооноос эхний хоёр өдрийн барилдааны оноолтыг өнөөдөр танилцуулсан юм. Дээд зиндааны бөхчүүдээс ёкозүна Оносато, озеки Аонишики нар оноолтод орсонгүй. Мөрний гэмтлийн улмаас сүүлийн хэдэн тэмцээнд тааруу амжилт үзүүлсэн Оносато бэртлээ бүрэн эдгээхээр шийдсэн бололтой.
Харин саяхан бэлтгэлийн барилдааны үеэр зүүн шагайгаа гэмтээсэн Аонишикигийн хувьд энэ тэмцээнийг өнжвөл озеки цолоо алдах аюултай. Өнгөрсөн тэмцээнд тавин хувийн амжилт үзүүлж чадалгүй кадабон болсон түүний хувьд энэ тэмцээнд дор хаяж найм давах даалгавартай юм.
Хэдийгээр оноолтод ороогүй ч башёгийн дундаас эргэн ирэх боломж бий. Түүний гэмтлийн талаарх тодорхой мэдээлэл гараагүй тул өвдөлт нь намдахаар тэмцээндээ эргэн ирэхийг үгүйсгэхгүй юм.
Ёкозүна цолд хүрсэнээсээ хойш түрүүлж амжаагүй яваа ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн эхний өдөр комисүби Такаясү, өнгөрсөн тэмцээний түрүү бөх озеки Киришима Б.Лхагвасүрэн маэгаширагийн тэргүүн бөх Таканошотой эхний өдөр хүч үзнэ.
Сүмогийн тавдугаар сарын тэмцээн тавдугаар сарын 10-наас 24-нийг дуустал үргэлжлэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

