Этиоп улсад нэг эмэгтэй 12 жилийн турш хүүхэдтэй болохыг хичээсний эцэст таван ихэр төрүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
54 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дорнод Африкийн Этиоп улсын Харари мужид амьдардаг эмэгтэй сүүлийн 12 жилийн турш хүүхэдтэй болохыг оролдсоны эцэст таван ихэр хүүхэд төрүүлжээ.

Бедрия Адем хэмээх энэ эмэгтэй болон түүний нөхөр “нэг дор таван хүүхэдтэй болсондоо маш их баярлаж байгаа”-гаа илэрхийлсэн байна.

35 настай эмэгтэй мужийнхаа Хивот Фана Тусгай Эмнэлэгт дөрвөн хүү, нэг охин төрүүлсэн нь бүгд эрүүл саруул байгааг тус эмнэлгийн захиргаа мэдээлжээ.

Хүүхдүүдийн жин 1.3-1.4 кг-ын хооронд байгааг эмнэлгийн захирал Мохаммед Нур Абдулахи хэвлэлд мэдээлсэн байна.

Бедрия үр шилжүүлэн суулгалгүй, байгалийн жамаараа төрснийг тэр баталжээ.

Таван ихэр хүүхэд байгалийн жамаар төрөх магадлал 55 саяд нэг байдаг юм байна. Мягмар гарагийн орой хийсвэр хагалгаагаар ихрүүдийг төрүүлжээ.

“Тэр жирэмсэн байх үедээ тогтмол эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байсан. Түүнд нэгээс олон хүүхэд төрүүлэхийг нь бид урьдчилж мэдэгдсэн” гэж Мохаммед эмч ярьсан байна.

“Би ядаж ганц хүүхэд заяахыг Аллахаас гуйж байсан ч надад тавыг өглөө” гэж Бедрия орон нутгийн хэвлэлд ярьжээ.

Энэ нь түүний анхны төрөлт бол нөхөр нь өөр нэг эхнэрээсээ нэг хүүхэдтэй байсан юм байна.

“Тэр надад нэг хүүхэд хангалттай, санаа зовох хэрэггүй гэж хэлдэг байсан ч би дотроо маш их шаналж байлаа. Учир нь бүхэл бүтэн тосгоноороо миний төрөх чадварт эргэлзэж байсан юм. Өнгөрсөн хугацаанд туулсан зүйл минь одоо алс холын зүүд мэт санагдаж, дахин дурсахыг ч хүсэхгүй байна” гэж Бедрия ярьжээ.

Мал аж ахуй эрхлэн амьдардаг тэр энэ өнөр өтгөн гэр бүлээ яаж тэжээхээ мэдэхгүй байгааг энэ үеэр бас хэлсэн байна.

“Гэхдээ Аллах болон нутгийн хүмүүс, засгийн газрынхаа дэмжлэгээр болно гэж би найдаж байна” гэж тэр хэлжээ.

Мэндэлсэн ихрүүддээ тэдний гэр бүл Найф, Аммар, Мунзир, Назира, Ансар гэсэн нэрүүдийг өгсөн байна.

Этиоп улс нь 135 сая орчим хүн амтай бөгөөд энэ нь Африк тивд хоёрдугаарт, дэлхийд аравдугаар орох өндөр үзүүлэлт юм.

 

Эх сурвалж: BBC