CEMENT EXPO-2026: "Манай улсын эдийн засгийн хөгжилд шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэхэд цементийн салбар чухал ач холбогдолтой"
“CEMENT EXPO-2026” цементийн салбарын нэгдсэн форум хоёр дахь жилдээ зохион байгуулагдав.
Өнгөрсөн жил технологи, чанарын асуудлыг түлхүү хөндсөн бол энэ удаагийн форумоор дэд бүтцийн хүртээмж, үйлдвэрлэл ба логистикт тулгардаг асуудлыг хөндөж, хувийн хэвшил, төр засгийн төлөөллүүд болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.
Цемент бол орчин үеийн бүтээн байгуулалтын суурь материал бөгөөд улс орны эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн үндэс болдог стратегийн бүтээгдэхүүн. Эдийн засагчид цементийг “Хөгжлийн барометр" хэмээн тодорхойлдог. Учир нь тухайн улсын нэг хүнд ногдох цементийн хэрэглээ нь хөгжлийн түвшнийг илэрхийлдэг чухал үзүүлэлт болохыг онцолж байлаа.
Монгол Улсын долоон цементийн үйлдвэр нийтдээ 4.5 сая тонн үйлдвэрлэх хүчин чадалтай, 100 хувь дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой. Тодруулбал
- "Монцемент"- Дорноговь аймаг
- "Ховд-Эко"- Баруун бүс
- "Цемент шохой ХК"-Сэлэнгэ аймаг
- "Мөнхийн Баян Гал"-Төв аймаг
- "Налгар Түшиг"- Налайх дүүрэг
- "MGL цемент" -Улаанбаатар хот
- "МАК цемент" -Дорноговь аймаг
Цементийн салбарт тулгарч буй асуудал ба шийдлийн талаар эдийн засагчид болон салбарын төлөөллүүд дараах байр суурийг илэрхийлж байв.
"Ховд-Эко цемент"-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Н.Хаянхярваа хэлэхдээ "Бид өнгөрсөн жилээс салбартаа тулгамдаж буй асуудлуудыг үе шаттайгаар ярьж эхэлсэн. Энэ жил тээвэр логистик болон тогтвортой хөгжлийн хоёр агуулгаар цементийн экспо маань зохион байгуулагдаж байна.
Замын стандарттай холбоотой асуудалд ямар гарц, боломж байгааг хэлэлцэж төр засаг, хувийн хэвшил болон бусад оролцогчид асуудлаа ярилцлаа.
Түүнчлэн тогтвортой хөгжлийн тухай асуудал бий. Манай улс Парисын хэлэлцээрийн зургаадугаар зүйлийг хэрэгжүүлэх хүрээнд үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэр үзүүлж, үйлдвэрлэлүүд маань байгальд ээлтэй, эко байх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилттой явж байна. Энэ хүрээнд Ховдын цементийн үйлдвэр 8 МВт-ын нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулсан.
Мөн шатахууны үнийн өсөлт цементийн үнэд нөлөөлж, эцсийн хэрэглэгчдэд ачаалал болж очиж байгаа асуудал байна" гэлээ.
"Монцемент билдинг материалс" ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Халиун "Дэд бүтцийн хүртээмжтэй байдал нь манай үйлдвэрлэлийн салбарт маш их тулгардаг учраас энэ асуудлыг хөндөж, тал бүрийн оролцоог хангахыг зорьсон.
Олон хүмүүс ирж, санал шийдлийг хэлж байна. Асуудалд шийдэл эрэлхийлэхийн тулд цементийн салбарын нэгдсэн форум арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн барилгын салбарын идэвхтэй улирал нь дөрвөн сар үргэлжилдэг. Иймд ачаа тээврийн хурдтай зөөвөрлөснөөр үйлдвэрлэлээ тасралтгүй явуулах боломж бүрддэг.
Өнөөдөр Зам, тээврийн яамныхны зүгээс хүнд даацын стандартыг хэрэгжүүлэхгүй бол аваар осол их асдаг гэх асуудлыг ярьсан.
Даацын стандартыг хэрэгжүүлснээрээ өмнө нь түүхий эдийг 50 тонноор ачдаг байсан бол цэвэр ачааны жин маань хоёр дахин буурч, нөгөөтээгүүр зардал хоёр дахин өсөхөд нөлөөлж байна. Энэ нь буцаад бүтээгдэхүүний өртөгт нөлөөлж, хэрэглэгчдэд санхүүгийн дарамт учруулах эрсдэлийг бий болгож байгаа.
Өнөөдөр бид энгийн зорчих замаараа ачаа тээвэрлэж байгаа. Харин ирээдүйд бүсчилсэн хөгжил маш чухал гэдгийг ярилаа. Гэхдээ аливаа бүсчилсэн хөгжлийг авчрахын тулд цогцоор нь төлөвлөх ёстой юм байна. Өөрөөр хэлбэл хаана үйлдвэр, орон сууц барих вэ, ямар дэд бүтцийг шийдэж өгөх ёстой вэ, ямар хүчин чадалтай байх, тэдгээрийг яах холбох зэргээр цогц төлөвлөх нь чухал.
Мөн төмөр зам нь ямар байх вэ гэдэг бодлогыг бодлого боловсруулагчид маань хэрэгжүүлж байж өнөөдөр энэ салбарын хөгжих гарц гаргалгаа нь гарах болов уу" хэмээн ярилаа.
Үнэт санхүүгийн нэгдлийн ТУЗ-ын дарга Д.Бадрал "Барилгын салбар болон дэд бүтцийн салбарт хамгийн чухал нь цемент.
Цементийн салбар маань өнөөдрийн зэрэгт хүрээгүй байсан бол 80-90 хувь импортоос хамааралтай байх байлаа.
Хэрвээ импортоор цементээ оруулж ирдэг байсан бол дараах хоёр үнэ гарна.
- Нэгдүгээрт 650 сая орчим ам.долларын зардал гадагшаа урсана.
- Цементийг боловсруулаагүй хэлбэрээр нь оруулж ирвэл 300 орчим сая ам.доллар гадагш урсах байсан.
Тэгэхээр энэ салбар бол Монгол Улсын валютын гадаад урсгалд чухал нөлөө үзүүлж байна. Нөгөө талдаа манай улсын эдийн засгийн хөгжилд шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэхэд ач холбогдолтой.
Барилгын салбар маш олон ажлын байрыг бий болгодог. Цементийн салбар орон нутагт ойролцоогоор 2,000-3,000 хүний ажлын байрыг бий болгож, тэнд нь сум суурины бүс хөгждөг. Мөн төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой эдийн засгийн чухал салбар.
Монгол Улс цементийг дотооддоо үйлдвэрлэж байгаа болохоор үнэ харьцангуй тогтвортой байгаа. Гэхдээ цементийн үнэ өсөх суурь шалтгаанууд нь эдийн засагт нөлөө үзүүлж байгаа. Геополитиктой холбоотой дизелийн үнэ өссөн. Мөн түүхий эдийн зардал, тээврийн зардал нь үйлдвэрлэлийн салбарт нөлөө үзүүлнэ" гэлээ.
Цементийн үйлдвэрүүдийн нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө нь:
- 3,000 гаруй шууд ажлын байрыг бий болгож
- Улсын төсөвт татвар төлж
- Орон нутгийн хөгжилд эдийн засгийг идэвхжүүлж
- 3,000 гаруй бүтээн байгуулагч харилцагчидтай хамтран ажиллаж байна.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!





















