• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

Израиль улс агаарын цохилтоороо Ираны гол генералууд, цөмийн физикийн эрдэмтдийг устгажээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагийн шөнө Израиль улс Ираны цэргийн болон цөмийн байгууламжуудад чиглэсэн томоохон агаарын довтолгоо явуулсан нь бүс нутгийн хэмжээнд шинэ дайн дэгдэх эрсдэл үүсгээд байна.

Ингэхдээ тус улс Ираны зэвсэгт хүчний гол генералууд болон цөмийн хөтөлбөрийг удирдаж буй эрдэмтдийг өндөр нарийвчлалтай цохилтоор устгажээ.

Тухайлбал Ираны зэвсэгт хүчний жанжин штабын дарга Мохаммад Багери, Исламын Хувьсгалт Гвард Корпусын командлагч Хоссейн Салами нар энэ үеэр алагдсан байна.

Энэ хоёр хүнийг Ираны шашны дээд удирдагч Аятолла Али Хамени шууд томилж, шууд удирддаг бөгөөд Ираны зэвсэгт хүчний команд удирдлагын гол ноён нуруу болдог юм.

Тэд Ираны батлан хамгаалах стратегийг хариуцаж, 2020 оноос хойш Ливан дахь Хезболла, Газ дахь Хамас зэрэг хилийн чанад дахь холбоотнуудын сүлжээг удирддаг байжээ.

Тэднийг алагдсаны дараа Аятолла Али Хамени яаралтай орлох хүмүүсийг нь томилсон ч Ираны хэвлэл хэдхэн цагийн дотор нэрсийг нь дахин дахин сольж мэдээлснээс үзвэл Тегераны эрх баригчдын хүрээнд самгардал үүссэн нь тодорхой байна.

Израилийн батлан хамгаалахын сайд Израил Кац ихэнх генералууд газар доорх бункерт хуралдаж байхдаа алагдсаныг мэдээлжээ.

Генералуудаас гадна Ираны цөмийн хөтөлбөрт оролцож байсан зургаан эрдэмтэн Израилийн агаарын цохилтод алагдсаныг Тегераны эх сурвалжууд мэдээлсэн байна.

Тэдний дунд Ираны Атомын Эрчим Хүчний Байгууллагын тэргүүн асан Ферейдоун Аббаси байжээ.

1979 оны Исламын хувьсгалын дараа байгуулагдсан Ираны Хувьсгалт Гвард бол тус улсын аюулгүй байдлын гол тулгуур багануудын нэг юм.

Хамени тус байгууллагын тэргүүнээр 2019 онд 65 настай Саламийг томилж байжээ.

Ерөнхийлөгч Трамп эхний бүрэн эрхийн хугацаандаа Ираны цөмийн гэрээнээс АНУ-ыг гаргаж, Хувьсгалт Гвардийг алан хядагч байгууллагаар зарласны дараа түүнийг томилсон юм.

Салами 1980-аад оны Иран-Иракийн цуст дайныг эхлэх үед Хувьсгалт Гвардад анх элсэж байжээ.

Тэрбээр Ираны зэвсэгт хүчний бусад удирдагчдын нэгэн адил Израиль, АНУ-ын эсрэг хатуу үгтэй мэдэгдэл хийж, сүрдүүлдэг байв.

Израилийн агаарын цохилтын улмаас нийт 78 хүн алагдаж, 320 орчим хүн шархадсаныг НҮБ дахь Ираны төлөөлөгч мэдээлсэн юм. Ираны шашны дээд удирдагч Аятолла Али Хамени үйлдсэн түрэмгийллийнхээ төлөөсийг Израиль улс "өндөр үнээр" төлөхийг анхааруулжээ.

 

Эх сурвалж: AFP