Ираны нутаг дэвсгэрт байлдааны ажиллагаа явуулах талаар АНУ-ын тал Курдүүдтэй ярилцаж байгааг мэдээллээ

Т.Давааням, ikon.mn
1 цаг 45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын албаныхан сүүлийн өдрүүдэд Ираны баруун хэсэгт байлдааны ажиллагаа явуулах боломжийн талаар Ираны Курдийн зэвсэгт бүлэглэлүүдтэй ярилцаж байгааг энэ асуудалд ойр ажилладаг гурван тусдаа эх сурвалж мэдээлжээ.

Ираны Курдийн зэвсэгт бүлэглэлүүд тус улсын баруун хэсэгт, Ирактай хил залгаа бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг юм.

Хилийн нөгөө талд Иракийн өөртөө засах Курдистаны бүс нутаг оршдог.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ ажиллагаа нь тухайн бүс нутаг дахь Ираны зэвсэгт хүчний чадавхыг бууруулж, Тегераны дэглэмийн эсрэг ард иргэдийг босоход дэмжлэг үзүүлэх зорилготой гэнэ.

Гэхдээ ийм ажиллагаа явуулах эцсийн шийдвэр гараагүй байгаа юм байна.

Ямартай ч Ираны курдүүд АНУ-аас зэр зэвсгийн тусламж хүссэн, Иракийн эрх баригчид энэ асуудлаар Трампын засаг захиргаанд хандсан гэнэ.

Энэ долоо хоногт Иракийн Курдистаны хоёр удирдагчтай ерөнхийлөгч Дональд Трамп утсаар ярьсныг Axios мэдээллийн сайт баталжээ.

Иракийн Курдистан дахь зэвсэгт бүлэглэлүүд АНУ-тай хамтран ажиллаж ирсэн урт түүхтэй ч үе үе үзэл суртлын зөрчлийн улмаас харилцаа нь мууддаг.

Хэрвээ Ираны курдүүдийн бослогыг Иракийн курдүүд дэмжвэл Тегераны дэглэмийн тогтвортой байдалд ноцтой нөлөөлөх магадлалтай.

Гэхдээ Курдийн зэвсэгт бүлэглэлүүд өмнө нь Исламын Улс гэх мэт террористуудтай тэмцэж байсан түүхтэй. Харин Ираны зэвсэгт хүчний эсрэг үр дүнтэй тулалдаж чадах эсэх нь тодорхойгүй байна.

Хэрвээ курдүүд Тегераны дэглэмийн эсрэг тэмцэж эхэлбэл Ираны зүүн хэсэгт үйл ажиллагаа явуулдаг Балучистаны салан тусгаарлагчдыг идэвхжүүлж магадгүй юм.

Хил залгаа Пакистаны Балучистан мужид бас салан тусгаарлах хөдөлгөөн идэвхтэй байдаг бөгөөд Исламабадын эрх баригчид үүний эсрэг хатуу тэмцэл явуулдаг юм.

Курдүүдийн салан тусгаарлах санаа идэвхжих нь АНУ-ын холбоотон Турк улсад бас таатай зүйл биш байх болно. Анкарагийн эрх баригчид олон жилийн турш өөрийн Курдийн салан тусгаарлагчидтай тэмцэж байгаа. Турк улс одоо Сирийн шинэ ерөнхийлөгч Ахмед аль-Шарааг хүчтэй дэмждэг бөгөөд Сирийн Курд зэвсэгт бүлэглэлүүдийг Дамаскийн захиргаанд шилжүүлэх ажилд хүчин чармайлт гаргаж байгаа.

Хэрвээ аль-Шараагийн захиргаанд нэгдэхгүй бол Турк улс цэргийн хүчээ Сирийн хойд хэсэгт оруулахаар сүрдүүлдэг юм.

 

Эх сурвалж: Reuters