ОХУ-ын дотоод хэргийн яам интернэтийн хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаалд оролцохгүй байхыг иргэддээ анхаарууллаа
ОХУ-ын дотоод хэргийн яам тус улс дахь интернэтийн хязгаарлалтыг эсэргүүцсэн зөвшөөрөлгүй жагсаалд оролцсон хэнд ч эрүүгийн хариуцлага хүлээлгэхээ Пүрэв гарагт анхааруулжээ.
Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд орон даяар эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулахыг уриалсан нууцлаг дүрс бичлэгүүд онлайн орчинд тархаад байгаа юм.
“Гуравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд зөвшөөрөлгүй олон нийтийн арга хэмжээнд оролцох, тухайлбал Оросын бүс нутгуудад зохион байгуулагдах хууль бус үйл ажиллагаанд оролцохыг уриалсан уриалга онлайн орчинд өргөн тархаад байна. Ийм арга хэмжээнд оролцох, эсвэл бусдыг нэгдэхийг уриалах нь захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шалтгаан болж болзошгүй юм” гэж дотоод хэргийн яамны мэдэгдэлд анхааруулжээ.
Сүүлийн хэдэн долоо хоногийн турш ТикТок платформ дээр гуравдугаар сарын 29-ний өдөр засгийн газрын интернэтийн хязгаарлалтыг эсэргүүцэх жагсаал цуглаан зохион байгуулахыг уриалж, үүндээ кодлогдсон түлхүүр үгс ашигласан видео бичлэгүүд хүмүүсийн дунд тархаад байгаа.
Ийм бичлэгүүдийн зарим нь Телеграм сүлжээний Scarlet Swan нэртэй нууцлаг сувагтай холбогдож байгаа юм. Үүний цаана жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлт гаргаад татгалзсан хариу авсан хэсэг бүлэг хүмүүс байгааг зарим хараат бус хэвлэлүүд мэдээлжээ.
2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхийг оролдож байсан улс төрч Борис Надеждин бас жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлт гаргахад Оросын эрх баригчид зөвшөөрөл өгөөгүй юм байна.
Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Орос даяар гар утасны интернэтийн холболт эрс муудаж, нээлттэй үлдсэн сүүлчийн сошиал платформуудын нэг Телеграмыг ирэх сард хаах гэж байгаа тухай цуурхал хүмүүсийн дунд тархаад байгаа.
Украины дайн эхэлсэн цагаас хойш Орос даяар интернэтийн тасалдал түгээмэл зүйл болсон ч сүүлийн үеийн тасалдал илүү өргөн хүрээтэй, илүү удаан үргэлжилж байгаа юм.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
