Senzu-ийн тоглож буй "Passion UA" баг ESL Pro League Season-23 тэмцээнээс хасагдлаа
Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "ESL Pro League Season 23" тэмцээний нэгдүгээр шатны тоглолтууд цахимаар дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Нэгдүгээр шатанд нийт 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд гурван хожилтой найман баг нь дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болно.
Манай улсын тамирчин М.Азбаяр буюу Senzu-ийн тоглож буй Украины "Passion UA" баг эхний тоглолтдоо Нидерландын "Team Liquid" багийг хожиж тэмцээнээ эхлүүлсэн.
Гэвч үргэлжлүүлэн Туркийн "FUT Esports", Украины "Monte", Норвегийн "HEROIC" багуудад хожигдсоноор энэ удаагийн тэмцээнээ өндөрлүүлж байна. Senzu-ийн хувьд эхний хоёр тоглолтдоо 1.35-аас дээш үзүүлэлттэй тоглож байсан нь багийнхаа нөхдийг тэргүүлсэн билээ.
Ингэснээр тус багийн хувьд нэг сарын хугацаанд томоохон тэмцээнд оролцохооргүй болж байна.
Харин дөрөвдүгээр сарын эхэнд Испанийн Барселон хотод зохиогдох хоёрдугаар зэрэглэлийн "Stake Ranked Episode 1" тэмцээнд оролцох боломжтой. Хаалттай шатны тоглолтууд нь өнөө шөнөөс эхэлж байгаа аж.
Үүний дараа ирэх сарын 13-19-нд Бразилд зохион байгуулагдах "Intel Extreme Masters Rio 2026" тэмцээнд "Passion UA" баг бүсийн чансааны оноогоороо уригдан оролцох хуваарьтай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
