Роналду гэр бүлийн хамт дүрвээгүйг "Аль Насср" багийнхан цахим хуудсандаа баталжээ
Ойрх Дорнодод болж байгаа дайны улмаас спортын ертөнцөд ч олон зүйл өрнөв. Халдлагад өртсөн бүс нутгуудад болох байсан олон тэмцээн тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Тэгвэл Саудын Арабын "Аль Насср" багт данстай Португалийн хөлбөмбөгчин Криштиану Роналдуг гэр бүлийн хамт хувийн онгоцоор дүрвэсэн гэх мэдээллийг Английн "Daily Mail", "Sun" болон хөлбөмбөгөөр дагнаж бичдэг "Goal" цахим сайт гаргасан юм.
Тухайлбал Саудын Араб дахь АНУ-ын Элчин сайдын яам руу дроноор довтолсны дараа түүнийг гэр бүлийн хамт 81 сая ам.долларын үнэтэй хувийн онгоцоор Саудын Арабыг орхиж Испанийн Мадрид руу дүрвэсэн гэж байв.
Үүний дараа багийнх нь зүгээс Роналдуг бэлтгэлээ хийж буйг баталсан гэрэл зургийг цахим хуудсандаа байршуулжээ.
Мөн албаныхан түүний хувийн онгоц Европ руу ниссэн ч дотор нь Роналду болон түүний гэр бүлийнхэн байсан гэх баталгаа байхгүй гэж мэдэгдсэн.
Дайны улмаас Азийн Хөлбөмбөгийн Холбоо (AFC)-ноос тус бүс нутагт болох зарим тоглолтыг хойшлуулсан. Үүний нэг нь Дубайд болох байсан "Аль Насср" багийн Азийн Аваргуудын Лигийн хүрээнд хийх тоглолт байв.
Эх сурвалж: Gulfnews
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
