Толгойтыг III, IV хороололтой холбосон замын ГССҮТ рүү буух гүүрийг дөрөвдүгээр сарын 1-нээс гүйцээж барихаар болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
46 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Толгойтыг 3, 4 дүгээр хороололтой холбосон авто замыг өнгөрсөн онд нээж, явган хүний зам болон ГССҮТ рүү буух гүүрэн байгууламжийг энэ хавар дуусгахаар болсон байдаг. Авто замыг үргэлжлүүлэн барих ажлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын Дарга Б.Одбаяр "Толгойт-Ард Аюушийн өргөн чөлөө чиглэлийн авто замын барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж буй. Авто замын барилгын ажлыг 2026 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж, зургаадугаар сарын 30-наас өмнө дуусгахаар төлөвлөж байна.  

Толгойт, Ард Аюушийн өргөн чөлөө буюу Гэмтлийн эмнэлгийн уулзвараас Содон хорооллын уулзвар хүртэлх зургаан эгнээ авто зам нь нийтийн тээвэрт зориулагдсан бөгөөд түгжрэлд их нөлөөлөх зам. 3, 4 дүгээр хороолол болон Гэмтлийн эмнэлэг талаас иргэд Баянхошуу чиглэл рүү явахдаа заавал Саппорогийн уулзвараар дамжиж өнгөрдөг. Авто зам бүрэн ашиглалтад орвол Саппорогоор тойрч явахгүй болно.

Замыг барих ажил 2020 оны ерөнхий төлөвлөгөөнд багтсан боловч газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалж баригдахгүй өдийг хүрсэн. 2020 онд авто замын зургийг шинэчилж барилгын ажлыг 2022 оноос эхэлсэн юм" гэлээ.

Уг авто замыг 2022-2026 онд барих нийт төсөвт өртөг нь 74.2 тэрбум төгрөг бөгөөд өнгөрсөн онд 26.8 тэрбум төгрөгийг зарцуулсан бол энэ онд 9 тэрбумыг зарцуулахаар баталжээ. 

Содон хорооллыг Гэмтлийн эмнэлэгтэй холбосон шинэ замаар нийтийн тээврийн Ч:38 чиглэлийн автобус иргэдэд үйлчилж байгаа билээ.