23 дугаар сургуулийн спорт заалыг нээж 10 "дарга" тууз хайчлав

Д.Янжиндулам, ikon.mn
10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн олон улсын стандартад нийцсэн усан бассейн бүхий спорт цогцолбор өнгөрсөн сард ашиглалтад орсон ч нийслэлийн төсвийн ₮9.2 тэрбумын төсөвт өртөгтэй уг спорт цогцолборын нээлтийн үйл ажиллагааг өчигдөр зохион байгуулж УИХ-ын зарим гишүүн, Улаанбаатар хотын болон Чингэлтэй дүүргийн засаг дарга, нийслэлийн харьяа байгууллагуудын удирдлагууд улаан тууз хайчлав.

Энэ үеэр тэд "Энэ жил нийслэл хотод шинээр 100 орчим сургууль, цэцэрлэг баригдаж эхэлнэ. Эдгээр сургууль, цэцэрлэг хоёр жилийн дараа буюу 2028 онд баригдаж дуусахад ойрын хугацаанд нийслэлд шинээр сургууль, цэцэрлэг барих шаардлагагүй болно. Дараагийн жилүүдэд бид сургууль, цэцэрлэгийн чанарт анхаарна. Төрөлжсөн болон гүнзгийрүүлсэн сургалт, сургалтын чанарт анхаарна" гэж амлалаа.

23 дугаар сургууль нь 3,100 гаруй сурагч, 150 гаруй багш, ажиллагсадтай бөгөөд шинээр баригдсан спорт заал нь онооны самбар, цаг тоологч бүхий дөрвөн самбарын тоолууртай, доргио шингээгчтэй шал, дуу шингээх зориулалттай акустик хавтангаар хийсэн ханатай, заалны тоглогч мөргөх эрсдэл бүхий хэсгүүдэд зөөлөвч хийсэн зэрэг онцлогтой байна.

Олон улсын жишигт нийцсэн усан бассейн бүхий спорт цогцолборыг тус дүүргийн 37, 39 дүгээр сургуульд нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж байгаа аж.

37 дугаар сургуулийн спорт заалыг усан бассейн бүхий заал болгон шинэчлэх нийт төсөвт өртөг ₮8.3 тэрбум бол 39 дүгээр сургуулийнх ₮7.4 тэрбум байна.