Уншиж байна ...

"Улстөрч төсвийн хөрөнгөөр хийгдсэн ажил дээр очиж ТУУЗ хайчилж, өөрөө хийсэн мэт дүр эсгэхийг хориглоно"

П.Сайнжаргал, IKON.MN
4 цаг 47 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Авлигатай тэмцэх хамтын оролцооны талаарх уулзалт Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-т өчигдөр зохион байгуулагдлаа. 

Энэ үеэр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн агуулга, зорилгыг АТГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтох танилцуулсныг тоймлон хүргэе. 



Тэрбээр "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг олон нийтэд танилцуулж, улмаар иргэдийн дэмжлэгтэйгээр тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна. 

Үндэсний хөтөлбөр нь найман жилийн хугацаанд буюу 2023-2030 он хүртэл хэрэгжих бөгөөд 10 зорилготой.

Хамгийн эхэнд улс төрийн хүрээнд авлигыг бууруулах агуулга бүхий зорилго тусгагдсан.

Товчхондоо улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох тухай асуудал. Ингэж ил тод болгоход тухайн нам, эвсэлд нэр дэвшигчийн санхүүгийн тайланг олон нийт хянах боломжийг бүрдүүлэх зохицуулалт, арга хэмжээг тусгасан байгаа. 

Мөн улстөрчид буюу УИХ-ын гишүүдийн өөрсдийнх нь эрхэлдэг бизнестэй холбоотой хуулийн төсөл санаачлахыг хориглох заалт орсон. Үүний зэрэгцээ ашиг сонирхлын зөрчилтэй асуудалд санал өгөхийг хязгаарлах зохицуулалтууд бий.

Сонгуулийн бус үед бэлэн мөнгө тараадаг асуудлыг хориглоно. Дээр нь төсвийн хөрөнгөөр хийгдсэн ажил дээр гүйж очоод тууз хайчлаад өөрөө хийсэн мэт яриад явдаг байсан хуучин үзэгдлийг хориглосон зохицуулалтууд багтаж байна. Энэ үйлдлийг хориглох агуулга бүхий заалт Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт бий" гэлээ. 

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго:

1. Улс төрийн хүрээнд авлигатай тэмцэх хүсэл зориг, хүчин чармайлт, манлайлал, ил тод байдлыг төгөлдөржүүлнэ.
2. Олон нийтийн итгэлийг хүлээсэн авлигаас ангид нийтийн албыг бэхжүүлнэ.
3. Хувийн хэвшилд авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлнэ.
4. Авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын хараат бус, бие даасан байдлыг хангаж, аливаа нөлөөллийн эрсдэлийг бууруулна.
5. Авлигын гэмт хэргийн шинжийг хийдэлгүй тодорхойлох, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

6. Төсөв, санхүү, аудитын хяналтыг сайжруулан, худалдан авах ажиллагааны авлигын эрсдэлийг бууруулна.

7. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг олон улсын жишигт нийцүүлэн ил тод, үр ашигтай, хариуцлагатай хяналтын тогтолцоог бүрдүүлнэ.
8. Соён гэгээрүүлэх үйл ажиллагааг олон нийтийн оролцоонд тулгуурлан цогц байдлаар зохион байгуулна.
9. Гамшгаас хамгаалах, онц байдлын үеийн үйл ажиллагаа болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаанд авлигаас урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлнэ.
10. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог сайжруулна.