"Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдах МСҮТ-ийн суралцагчид цэргийн штабт биечлэн очиж бүртгүүлнэ
2026 оны “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутан, суралцагчдын бүртгэл үргэлжилж байна. Энэ жил оюутан, суралцагчид цэргийн 13 төрлийн мэргэжлээс сонгон суралцах боломжтой юм.
Бүртгэл гуравдугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын 10-ны өдрийн 23:59 цаг хүртэл үргэлжилнэ.
Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын I, II, III дамжааны оюутан төрийн мэдээллийн нэгдсэн систем E-Mongolia-аар цахимаар бүртгүүлэх боломжтой.
Сургалтад хамрагдах оюутан, суралцагчид дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагын I, II, III дамжаанд, эсвэл мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцдаг байх,
- Тухайн жилийн зургаадугаар сарын 15-наас өмнө 18 нас хүрсэн байх,
- Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сүүлийн нэг жил төлсөн байх,
- Сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байна.
Сургалтын онолын бэлтгэл дөрвөн төрлийн хичээлээр явагдана. Үүний дараа оюутнууд ерөнхий шалгалт өгч, 60-аас дээш оноо авсан тохиолдолд мэргэжлийн бэлтгэлд хамрагдах боломжтой. Ингэснээр өөрсдийн суралцаж буй мэргэжилдээ тулгуурлан цэргийн бага мэргэжил эзэмшинэ. Энэ жилийн хувьд эх оронч үзлийг төлөвшүүлэх чиглэлийн хичээлүүдийг түлхүү орно.
“Оюутан цэрэг” хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 10 мянга гаруй оюутан, суралцагч хамрагдсан бол энэ онд хөтөлбөрийн жилийн квотыг нэмэгдүүлж 2,000 оюутан, суралцагчийг хамруулах юм. Мөн "Оюутан цэрэг" хөтөлбөрт зөвхөн I дамжааны оюутнууд хамрагддаг байсан бол өнгөрсөн онд Батлан хамгаалах яамнаас журамд өөрчлөлт оруулснаар II болон III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой болсон юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
