Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Золжаргал: Тогтвортой хөгжих орчин нь үгүйлэгдэн, эдийн засаг үр ашигтай хэлбэрээ олж чадахгүй хэвээр байна

ikon.mn
2017 оны 12 сарын 26
iKon.MN

Монголын Залуучуудын Холбооноос оны төгсгөлд нийгэм, улстөр, эдийн засаг бизнесийн шилдэг залуу гэж шалгаруулдаг уламжлалтай. Харин шалгарсан залуус нь ирж буй шинэ ондоо багтаж Монгол Улсын хөгжлийн талаарх өөрийн санал санаачлага бүхий илтгэлийг тавьдаг. 

Энэхүү илтгэлүүдийг бид Монголын Залуучуудын Холбоотой хамтран 14 дэх цувралаа хүргэхээр бэлдлээ.

1992 оны эдийн засаг, бизнесийн салбарын шилдэг залуугаар тодорсон Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалын илтгэлийг хүргэж байна.

1993.05.27

Н.Золжаргал: Тогтвортой хөгжих орчин нь үгүйлэгдэн, эдийн засаг үр ашигтай хэлбэрээ олж чадахгүй хэвээр байна

 
Эшлэл үг: “Шилжилт нь бидний хувьд эдийн засгийн хөгжлийн зайлшгүй алхам бөгөөд манайд социалист хэмээн нэрлэгдэж, гадаадад коммунист гэдэг тодотголтойгоор оршин тогтнож байсан төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоог чөлөөт зах зээлийн хэлбэрт шилжүүлэх явц хэмээн хэлж болох юм”

Зүүн Европ уу? Ази уу?

Сүүлийн үед Монголын эдийн засгийн хөгжлийн өнөө ба ирээдүйн талаар маш олон төрлийн мэргэжлийн санал дэвшигдэж байснаас Хятадын аажим өөрчлөлтийн зам, Азийн жижиг баруудын туршлага гэх мэт саналууд нэлээд өргөн яригдах боллоо. Энэ нь юуны өмнө бидний шийдвэрлэх ёстой асуудлууд болох эдийн засаг, нийгмийн цогц өөрчлөлтийг нэн хялбаршуулан зөвхөн нэг талыг буюу эдийн засгийн өсөлтийг хэт төвийлгөн үзсэнээс үүдэж байгаа болов уу.
 
Учир нь, орчин үеийн өндөр хөгжилтэй үйлдвэрлэлтэй байх, жилийн 8-10 хувийн ҮНБ-ийн өсөлттэй байх нь хэн бүхний хүсэх зүйл мөн боловч түүнийг бий болгодог хүчин зүйлүүдээс өнөөдөр аль нь ч Монголын хувьд үгүй байгааг анхаарах нь зүй. Их хэмжээний илүүдэл ажиллах хүч, шинжлэх ухаан боловсролын өндөр түвшин, гадаад дотоодын хөрөнгө оруулалтын таатай нөхцөл гэх мэтээс 1993 оны Монголд аль нь ч үгүй байгаа билээ. Өнөөдөр Монголын эдийн засгийн өмнө:
  1. Зах зээлийн эдийн засгийн сонгомол зохицуулалтыг бий болгох;
  2. Тэдгээрийн үйлчлэх боломжийг бүрдүүлэх;
  3. Зах зээлийн эдийн засгийн зохицуулалтыг Монгол оронд хамгийн тохиромжтой хөгжлийн тодорхой бодлого хэрэгжүүлэхэд чиглүүлэх зэрэг гурван үе шаттай алхмуудаас зөвхөн эхний хоёрыг хэрхэн бий болгох асуудал тавигдаж байгаа болов уу.
Учир нь, ирээдүйн хөгжлийн чиглэлийг тодорхой бодлого болгож хэрэгжүүлэхийн тулд бид эдийн засаг, нийгмийн ямар өгөгдөхүүнтэй вэ? гэдэг асуудал нэлээд хэдэн жилийн (3-5) хөгжлийн явцаас тод харагдсан байх шаардлагатай байдаг билээ.
 
 
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад, дотоод талд гарсан объектив өөрчлөлтүүд нь манай эдийн засгийн орчинг эрс цоо шинэ байдалд оруулсан тул өмнөх тогтолцооны үед бий болсон эдийн засаг, нийгмийн өгөгдөхүүнүүдэд үндэслэн аливаа эдийн засгийн шийдвэр гаргаж нэгэнт болохгүй болсон бөгөөд шинэ өгөгдөхүүнүүдийг хараахан танин мэдэх нөхцөл, цаг хугацаа ч өнгөрөөгүй байна.

Иймээс манай орны өөрчлөлтийг эдийн засгийн өмнө тавигдаж буй шийдвэрлэх ёстой асуудлууд болон гадаад, дотоод орчинд гарсан өөрчлөлтийн хувьд (сүүлийн арваад жилийн дотор гүн гүнзгий өөрчлөлтийн үр дүнд цоо шинэ эдийн засгийн харилцааны суурийг бүрдүүлж эхэлсэн) Зүүн Европын орнуудтай жиших нь илүү бодитой болов уу. Мэдээж хэрэг Зүүн Европын орнуудад хийгдсэн өөрчлөлтүүд нь тухайн эдийн засгийн хувьд өөр өөрийн өвөрмөц онцлог өгөгдөхүүнд тулгуурласан боловч өөр хоорондоо болон манай эдийн засагтай харьцуулахад нийтлэг шинж олон байгааг тод харж болно. Тухайлбал:
  • Төрийн өмчийн өндөр хувь,
  • Банкны нэг шаттай систем,
  • Эдийн засгийн төвлөрсөн төлөвлөгөө, зохицуулалт,
  • Үндсэн зах зээлд ЭЗХТЗ-ийн орнууд,
  • Санхүүгийн системийн дорой хөгжлийн түвшин гэх мэт.
Нэгэнт шийдвэрлэх асуудал болон эцсийн зорилго нэг тул эдгээр орнуудын эдийн засгийн өөрчлөлтийг судлан үзэх нь өөрчлөлтийг харьцангуй сүүлд эхэлсэн манай орны хувьд нэн чухал байх нь лавтай.
 
Нөгөө талаас аливаа макро түвшингийн өөрчлөлт, зохицуулалтын хувьд ямар ч эдийн засгийн өөрийн өвөрмөц онцлог гэж үгүй ба Монгол маягийн макро зохицуулалт гэж огт байдаггүй бөгөөд аливаа эдийн засагт зөвхөн нийтлэг макро эдийн засгийн хууль үйлчилдэг тул Зүүн Европын орнуудын макро зохицуулалт хэрхэн өөрчлөгдсөн нь мөн бидний анхаарах зүйл байх ёстой.
 
Ийнхүү манай эдийн засгийн хувьд тулгарч буй, шийдвэрлэх ёстой асуудлууд нь Зүүн Европтой өнөөгийн шатандаа илүү төстэй тул манай эдийн засгийн өөрчлөлтийн алхмуудыг тэднийхтэй жиших нь зүйтэй болов уу. Магадгүй цаашдын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого нэгэнт өөр өөр өгөгдөхүүнтэй тул өөр байж болох юм.

Өөрчлөлт ба шилжилт

1993 онд манай эдийн засаг зах зээлийн эдийн засагт шилжихийн тулд өөрчлөлт хийж байгаа нь мэдээж. Гэвч сүүлийн хоёр жил гаруйд хийгдсэн бүхий л эдийн засгийн өөрчлөлтийн алхамууд чөлөөт зах зээлд шилжих шилжилтийн төлөө хийгдсэн үү гэдэгт хариулахын тулд юуны өмнө өөрчлөлт ба шилжилт гэдэг нэр томьёон дээр тогтон тэдгээрийг томьёолохыг оролдъё.
 
Энэхүү хоёр нэр томьёоны зааг өнөөг хүртэл бидний хувьд тодорхойгүй, маш бүрхэг байгаа нь манай орны эдийн засгийн шинэчлэлт, өөрчлөлт диалектик хөгжлийн шинэ шатандаа хүрч чадалгүй нэлээд хэдэн жил удаашралтайгаар явагдаж байгаагаас гол нь шалтгаалж байгаа болов уу. Аливаа эдийн засаг дахь дотоод зохицуулалтад гарч буй шинэлэг алхмуудыг өөрчлөлт гэж үзсэн тохиолдолд тэдгээрийн үр дүнд хэрэв эдийн засгийн шинэ тогтолцоо бүрдэж байвал түүнийг шилжилт хэмээх нь зүйтэй байх. 
 
Шилжилт нь бидний хувьд эдийн засгийн хөгжлийн зайлшгүй алхам бөгөөд манайд социалист хэмээн нэрлэгдэж, гадаадад коммунист гэдэг тодотголтойгоор оршин тогтнож байсан төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоог чөлөөт зах зээлийн хэлбэрт шилжүүлэх явц хэмээн хэлж болох юм.

Энэхүү шилжилт нь эдийн засгийн зайлшгүй алхам болох нь диалектик хөгжлийн зүй тогтолтой бүрэн уялдаж байгаа ба эдийн засгийн өөрчлөлтийг хэрэгжүүлж эхэлсэн Ази болон Зүүн Европын орнуудад тодорхой хугацааны дараа шилжилт болон хувирч байгаагаас бид тодхон харж болох юм. Жишээ нь Унгар, Польш, Чехословак, ЗХУ-д хийгдэж эхэлсэн гадаад хөрөнгө оруулалтын зохицуулалт, өмч хувьчлал, ханшийн өөрчлөлт зэрэг эдийн засгийн зохицуулалтын өөрчлөлтүүд нь 1980-аад оны дунд үеэс эхэлсэн гэж тооцвол Зүүн- Европ 1989, 1990 онуудад ЗХУ 1991 оноос өөрчлөлт, тодорхой хэмжээнд хүрсний дараа шинэ эдийн засгийн тогтолцоо бий болох шилжилтийн шатанд орсон нь харагдаж байна.

 
Латин Америк болон Зүүн Өмнөд Азийн орнуудын хувьд хэзээ ч шилжилтийн тухай яригдаагүй бөгөөд нийт эдийн засгийн тогтолцоо хэвээр үлдэн зөвхөн зарим нэг зохицуулалтын өөрчлөлтүүд гарч байгаа нь өөрчлөлт, шилжилт хоёрын заагийг улам тодруулж өгч байгаа болов уу.
 
Өөрчлөлт нь үнэ, гадаад худалдаа, валют, аж ахуйн нэгжийн чөлөөт сонголт, санхүүгийн тогтолцоо, улсын төсвийн бүтэц зэргийн аль нэгэнд нь гарч буй зохицуулалтыг хамардаг байхад шилжилт нь тэдгээрийн бүгдэд нь богино хугацааны дотор зэрэг гарч буй өөрчлөлтөөс гадна өмчийн харьцаанд гарч буй өргөн хүрээтэй огцом өөрчлөлтийг багтаадаг бөгөөд улмаар нийгмийн тогтолцоог зайлшгүй өөрчлөхөд хүргэдэг нь туршлагаас харагдаж байна.
 
Шилжилтийн үед дээрх өөрчлөлтүүдийн дэс дараа, цаг хугацаа, гарч болох сөрөг үр дагавруудын нарийн тооцоо, хэрэгжүүлэх механизм зэрэг нь нэн чухал байдаг бөгөөд нэгэнт нийгмийн тогтолцооны өөрчлөлтийг шаардан нийгмийн нэн их идэвхжилтэй давхарддаг тул улс төрийн тогтворжилтоос мөн ихээхэн шалтгаалах нь гарцаагүй.

Шилжилт ба хямрал

Өнөөдөр шилжилтийн алхмуудыг хэрэгжүүлж буй аливаа эдийн засгийн хувьд тодорхой түвшингийн хямралын шинж тэмдэг нь бүтцэд нь нэгэн ижил байгаа тул шилжилт, хямрал хоёр зайлшгүй цуг явдаг хэмээх онолчдын тоо эрс нэмэгдэж байна. Уул нь, энэхүү хямралыг цаг хугацааны хувьд ч, шалтгааны хувьд ч шилжилтийн өмнөх, шилжилтийн үеийнх гэж 2 хувааж үзсэн тохиолдолд дээрх дүгнэлт учир дутагдалтай нь тодорхой харагдах болов уу.
 
  1. Шилжилтийн өмнөх үеийнх буюу хэдэн арван жил үргэлжилсэн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн зохицуулалт, түүний өмчийн харьцаа нь байж болох хамгийн үр ашиггүй хувилбар байснаас эдийн засгийн хямралыг нийт социалист лагерийнхны өмнө зайлшгүй болгосон билээ. Энэхүү хямралыг бодитойгоор урьдчилан мэдрэлгүйгээр, мөн чанарыг нь гүйцэд ойлголгүйгээр төрөл бүрийн хэсэгчилсэн өнгөц өөрчлөлт хийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх гэж оролдсон нь зарим тохиолдолд шилжилтийн үеийн хямралыг улам өндөр түвшинд хүргэх шалтгаан болж байсныг Зүүн Европын орнуудын болон манай орны туршлагаас харж болно.

    Нийгмийн амьжиргааны түвшинг нэмэгдүүлэхийн тулд их хэмжээний зээл авах, зах зээлийн ирээдүй муутай үйлдвэрүүдийг хөгжүүлэх зэрэг алхмууд нийтлэг байсан билээ. Энэ үеийн хямралын гол илрэл нь барааны хомстол буюу далд инфляц, төсвийн их хэмжээний алдагдал, их хэмжээний гадаад өр, ҮНБ-ийн бодит өсөлтийн зогсонги байдал юм. Энэ үед Румын 11 млрд, Унгар 15 млрд, Польш 33 млрд ам.долларын гадаад өртэй байсан бөгөөд нефтийн үнийн огцом өсөлтөөс өмнөхөн химийн үйлдвэрлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн нь өнөөдөр үнэхээр эдийн засгийн шийдвэрийн хувьд алдаатай байсан нь харагдаж байна.
     
  2. Шилжилтийн үеийнх буюу эдийн засгийн зохицуулалт болон өмчийн харьцаанд гарч буй эрс өөрчлөлтийн үед хямрал өмнөх үеийнхээсээ нэмэгдэх нь олонтой боловч түүний хурд, үр дагавар өөр өөр байгааг олон орны туршлагаас харж болох юм. Хэрэв энэ үед өөрчлөлтийн дэс дараа, үр дагавруудыг нь буруу тооцоолсон тохиолдолд хямрал улам гүнзгийрдэг бөгөөд богино хугацаанд хямралаас гарах боломж улам багасдаг бололтой.

    Энэ үеийн хямралын гол илрэл нь өндөр инфляц, төсвийн их хэмжээний алдагдал, их хэмжээний гадаад өр, ҮНБ-ийн огцом уналт, нийгмийн бага орлоготой хэсгийн амьжиргааны түвшингийн огцом доройтол, их хэмжээний ажилгүйдэл зэрэг юм.
Зүүн-Европын хувьд 1980-аад оны дунд үеэс эхлэн 88-90 онуудад дээд цэгтээ хүрсэн хямралын шинж чанарууд (жилийн 150-600 хувийн инфляц, экспортын уналт 10-50 хувь, ҮНБ-ийн 10-20 хувийн уналт, төсвийн алдагдал ҮНБ-ийн 5-15 хувь хүрсэн нь) манай орны хувьд 80-аад оны сүүлээс мэдрэгдэж эхэлсэн бөгөөд өнөөдөр дээд цэгтээ тулж ирж байна уу гэмээр.
 
Эдийн засгийн зохицуулалтын хүрээнд хийсэн өөрчлөлтийн дээрх үр дагавар нь зайлшгүй юу, шилжилтийн үед заавал хямрал зайлшгүй гүнзгийрэх ёстой юу гэдэг дээр хямрал зайлшгүй гүнзгийрнэ гэдгийг баримтлагчдын нэг хэсэг нь өмнөх тогтолцоо муу байсанд хамаг учир байсан бөгөөд хямрал зайлшгүй гэж нотолж байхад нөгөө хэсэг нь зах зээлийн эдийн засаг угаас хүнд, хэцүү тогтмол хямарч байх ёстой хатуу орчин тул түүнд шилжих нь мэдээж амаргүй байж таараа хэмээн таамаглаж байна.
 
Хямралыг гүнзгийрүүлэлгүйгээр шилжилтийг хийж болно гэж үзэж байдаг хүмүүс цөөн бөгөөд улам цөөрсөөр байна. Эдгээр нь юуны өмнө жинхэнэ текнократууд бөгөөд тэдгээрийг зарчмын хувьд хоёр хувааж болох юм. Аажим шилжилт буюу бага багаар өөрчлөн бэлтгэе тэгээд шилжих нь зүйтэй гэж үздэг нэг тал байхад нөгөө тал буюу маш хурдан багц өөрчлөлт хийн шилжих нь зүйтэй хэмээн үздэг тул “Биг-Банг” талынхан эсвэл “Шок эмчилгээ” гэж нэрлэгддэг хэсэг юм.
 
Өнөөдөр хүртэл манай хэвлэл мэдээлэл, олон нийтийн хувьд "Шок эмчилгээ”, хямрал зайлшгүй гэгчдийн их хямран-хурдан сэхэх гэдэгтэй хутгаж ирсэн нь өмнөх Засгийн газрын “өөрийн хөрсөн дээр хурдан буух-хямрах, тэгээд хөгжих-сэргэн мандах” хэмээх тайлбараас зарчмын  ялгаатай зүйл билээ.
 
“Биг-Банг” буюу “Шок эмчилгээ" нь юуны өмнө зайлшгүй хямрана гэдэг онол огт биш бөгөөд хямрахгүйн тулд эсвэл нэгэнт бий болсон хямралыг зогсоон цаашид хөгжихийн тулд маш богино хугацаанд багц өөрчлөлтийн арга хэмжээ авахыг хэлж байгаа юм.

Шилжилтийн өмнөх өөрчлөлтүүд

Ийнхүү өөрчлөлт, шилжилт болон эдийн засгийн шилжилтийн үеийн хямралын талаарх ойлголтуудыг тодотгосны дараа Монголд дээрх томьёоллууд хэрхэн хэрэгжиж байгаа тухай авч үзье. Манай  оронд 80-аад оны сүүлээс хийгдэж ирсэн эдийн засгийн өөрчлөлтүүд нь үнэхээр хагас дутуу, эцсийн зорилгыг буруу томьёолон буруу төсөөлөлд үндэслэж байсныг батлахад хялбархан. Тэр үеийн эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл нь хувийн хэвшлийг төрийн хэвшлийн дагавар болгон хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг төрийн идэвхтэй оролцоотойгоор зохицуулах, дэлхийн зах зээлийн хандлагыг зөв тодорхойлон түүнд дотоод эдийн засгийн бодлогыг уялдуулах, аж ахуйн нэгжийн эрх чөлөөг нэмэгдүүлэх зэргээс бүрдэж байсан билээ.

Гэвч 1990 он хүртэлх 4-5 жилийн дотор эдийн засгийн бодит өсөлт гараагүй бөгөөд тавьж байсан эдгээр зорилтоос алинд нь ч хүрч чадаагүй билээ.

Хувийн хэвшлийнхэн үйлдвэр үйлчилгээний зөвхөн хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжтой байсан тул хувийн хэвшлийн үйлдвэр ҮНБ-ний 1 хувийг ч үйлдвэрлэдэггүй байсан. Өрнөдийн орнуудын хөрөнгө оруулалттай ганц ч объект бий болоогүй зөвхөн зээлээр томоохон үйлдвэрүүд бий болгох хандлага хэвээр үргэлжилж байсан бөгөөд энэ үед Дарханы хар төмөрлөг, Чингис зочид буудал зэрэг өнөөдрийн манай ҮНБ-тэй тэнцэх том объектууд барих шийдвэр гарсан. Алт, нефтийн салбарыг анх удаа гадаадынхан (Бритиш Петролеум, Амекс зэргийн дэлхийн томоохон пүүсүүд) сонирхож эхэлсэн боловч бодит ямар ч үр дүн гараагүй билээ.

Улсын төсвийн алдагдал (20-30 хувь) тогтмол гадаад зээлээр санхүүжин, мөнгөний өсөлтийн хэмжээ үйлдвэрлэлийн өсөлтөөс хол давж эхэлсэн юм. Барааны хомстол буюу далд инфляц улам бүр нэмэгдэн цөөн тооны бараанаас бусад нь огт үгүй болон цохолтоор, картаар эсвэл шууд хуваарилалтын журам газар авч эхэлсэн юм. Аж ахуйн тооцоо, хамт олны сонгууль зэрэг нь ААН-ийн эрх чөлөөг бага ч гэсэн нэмэгдүүлсэн боловч нийт эдийн засгийн хүрээнд үүний үр дүнд үр ашиг огтхон ч дээшлээгүй юм.

Ийнхүү 80-аад онд хэрэгжиж эхэлсэн өөрчлөлтүүд нь цөөн тооны зөвхөн маш хязгаарлагдмал хүрээтэй байсан бөгөөд энэ үеэс дамжин ирсэн зарим шийдвэрүүд нь хямралыг урьдчилан сэргийлэхэд, үр дагаврыг нь багасгахад муугаар нөлөөлөн шилжилтийн үед бидний туулах хямралыг улам хүндрүүлсэн нь ойлгомжтой.
 
Шилжилт
 
1990 оноос эдийн засгийн зохицуулалтад гарсан гадаад болон дотоод шалтгаанаас эдийн засгийн хямрал улам гүнзгийрэн эдийн засгийн зохицуулалтад бодит өөрчлөлт хийх шаардлага улам тодорхой болж эхэлсэн юм. Хэдий 1990 оноос манай эдийн засгийн өөрчлөлт эхэлсэн гэж тооцох боловч өнөөг хүртэл маш цэгцгүй, урсгал хэлбэрийн өөрчлөлт зонхилж байсан тул хямрал огт багасаагүй бөгөөд харин ч улам даамжирсан гэж хэлж болох юм.
 
БАНК ба ҮНЭ: Хоёр шаттай банкны тогтолцоо бий болгох, үнийг чөлөөлөх алхмууд эхэлсэн боловч цаг хугацааны хувьд, дарааллын хувьд алдаа гарсан билээ. Жишээ нь:
  • Арилжааны банк бий болгох-1990.12
  • Үнэ хэсэгчлэн чөлөөлөх-1991.1
  • Төв банк байгуулах-1991.4
Эдгээр алхмууд нь цаг хугацааны хувьд эсрэгээрээ хийгдэх ёстой  байсан болов уу. Асар их барааны хомстолтой үед богино хугацаанд арилжааны банкнуудыг зохих хяналтгүйгээр бий болгон мөнгөний нийлүүлэлтийг эрс нэмэгдүүлсний дараа үнийг хэсэгчлэн чөлөөлж, Төв банкийг байгуулснаас харахад макро шилжилтийн үеийн бодлого урсгалаар явсных болов уу. Уул нь Төв банкны хяналтын систем урьдчилан бий болгосны дараа арилжааны банкнуудыг бий болгон дараа нь үнийг чөлөөлөх нь зүйтэй байсан болов уу. Барааны хомстолтой үед мөнгийг их хэмжээгээр үйлдвэрлэсний дараа үнийг чөлөөлөхөд мэдээж хэрэг инфляц асар хурдан өсөхийг урьдчилан тооцоолж болох байсан.
 
Үнийг хэсэгчлэн чөлөөлж байсан нь инфляцыг нэмэгдүүлэх нэгэн шалтгаан болсон юм. Гол суурь бараа, үйлчилгээний (эрчим хүч, шатахуун) үнэ одоо хүртэл хатуу байгаа нь цаашид дотоод зах зээл тогтворжиход бодит саад учруулж байгаа юм. Мөн энэ үед дөнгөж шинээр бий болж буй банкны шинэ тогтолцооны цаашдын хөгжил, нэр хүндэд асар муугаар нөлөөлсөн үнийн масштабын өөрчлөлт хийгдсэн нь ямар ч макро эдийн засгийн агуулгагүй, огт шаардлагагүй алхам байсан нь өнөөдөр улам тодорхой болоод байна. 
 
ХАНШ ба ГАДААД ХУДАЛДАА: Энэ хугацаанд ханшийг чөлөөлөх, гадаад худалдааг чөлөөлөх чиглэлийн арга хэмжээнүүд эхэлсэн боловч дараа дараагийн алхмууд нь хойшлогдсон огт арга хэмжээ аваагүйгээс ялгаагүй болсон бөгөөд долларын ханшийг хатуу тогтоон хэвээр байсан бөгөөд гадаад худалдааг бүрэн лицензийн системд шилжүүлсэн нь угаас асар буруу бүтцээр хийгдэж байсан гадаад худалдааг улам уналтад оруулах нэгэн шалтгаан болсон юм. Учир нь импортыг урамшуулан, экспортыг хавчих ханшийн бодлого нь үнэн хэрэгтээ гадаад худалдааг нийтэд нь унагадаг бөгөөд нэгэнт бий болоогүй орлогоор импортолж болдоггүй тул экспорт зогсох хэрээр импорт автоматаар буурч эхэлсэн юм. Шинээр бий болсон лицензийн систем нь хээл хахуулийн тогтолцоог л улам нэмэгдүүлсэн боловч гадаад худалдаанд нааштай нөлөөлөл огт үзүүлээгүй.
 
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ба ТУСЛАМЖ: Гадаадын хөрөнгө оруулалтыг бодитой нэмэгдүүлэх арга хэмжээ огт авагдаагүй бөгөөд алт, нефтийн томоохон төслүүд манай талын буруугаас одоо хүртэл урагш огт алхаагүй байна. Донор болон Олон Улсын байгууллагаас авч буй тусламжид гол анхаарал найдварыг тавьсны үр дүнд нэг хүнд ногдох тусламжаар (75 ам.доллар Монголд, 30 орчим дэлхийн дундаж) дэлхийд дээгүүр орохоор байсан боловч тэдгээрийн ашиглалт үнэхээр хангалтгүй хэвээр байна.
 
ТӨСӨВ ба ӨМЧ ХУВЬЧЛАЛ: Улсын төсвийн бүтэц, бодлого хэвээр үлдэн, бусад өөрчлөлтийг даган огт өөрчлөгдөөгүйгээр барахгүй төсвийн орлого, зарлагад тавих хяналт өөрчлөгдөөгүй тул сүүлийн 3 жил дараалан алдагдал, өндөр байгаа бөгөөд баланслах найдвар маш бага байна. Шинээр бий болж буй татварын тогтолцоо нь үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэгдэхийн оронд манай орны өнөөгийн байдалд огт тохироогүй тогтвортой эдийн засгийн хувьд ч нэлээд хатуу болсон нь төсвийн орлогод муугаар нөлөөлөх хандлагатай байгаа нь 93 оны 1 дүгээр улирлын дүнгээс тод харагдаж байна. Иймд 1993 оны Монголын эдийн засагт огт тохирохгүй татварын системийн оронд өөрийн оронд тохирсон хялбаршуулсан татварын системийг хэрэглэх нь зүйтэй байх байсан.
 
Улсын хэмжээнд өмч хувьчлал маш эрчимтэйгээр өргөн цар хүрээтэйгээр хийгдэж байхад яамдын зардал бүтцэд огтхон ч өөрчлөлт ороогүй нь хачирхалтай. Өнөөг хүртэл шинэ бүртгэлийн аргачлал гараагүй тул одоогоор улсын хэмжээнд бий болсон бүхий л компаниудын баланс тайлан тэнцэл буруу гарсан хэвээр байна. Өмч хувьчлал энэ хугацаанд маш эрчимтэйгээр хийгдэж эхэлсэн боловч хурд, цар хүрээний хувьд бахардах хандлага 92 оны сүүлчээр гарч ирж байна.
 
Гэвч сүүлийн 3 жилийн хамгийн зөв алхмын нэг болох өмч хувьчлалын үр дүнд ҮНБ-ний 50 хувиас илүүг үйлдвэрлэж буй хувьчлагдсан компаниуд нь УҮГ-аас Засгийн газарт үзүүлж байсан аливаа зах зээлийн бус шахалтыг багасгасан гол шалтгаан болсон нь үнэхээр өнөөдөр үр дүнгээ өгч байна.
 
БУСАД: Энэ үед нийгмийн бага орлоготой давхаргыг зөвхөн хамгаалахын оронд бүх нийтийн картын системд шилжсэн нь нийгмийн хангамж болон дотоод худалдаа богино хугацаанд зөв бүтцээ олоход бодит саад болоод зогсолгүй үнэ чөлөөлөлтийн нэр хүндийг эрс унагаасан билээ. Үйлдвэрлэгчийн сонгох эрх эхэн үедээ улсын даалгавраар, сүүлийн үед төрөл бүрийн захиргааны хязгаарлалт, зөвшөөрөл, хураамж, хяналтаар хязгаарлагдмал хэвээр байна. Сүүлийн 3 жилийн дотор иргэдийн өргөн хэрэглээнд хувийн сектор зонхилох байр суурь эзэлж эхэлсэн нь гадаад худалдаа, дотоод эдийн засгийн зохицуулалтад гарсан өөрчлөлтийн нааштай үр дүн боловч тэдгээрийн үйлчлэх хүрээ хязгаарлагдмал байгааг харуулж байгаа юм.
 
Энэ хугацаанд хийгдэж эхэлсэн болон хийгдээгүй өөрчлөлтүүдийг дүгнэн үзэхэд шилжилтийн төлөө цогцолбороор хийгдсэн нь тодорхой харагдахгүй байгаа бөгөөд шилжилтийг зөвхөн аажмаар хийх хандлага ноёрхож байсныг харуулж байгаа болов уу. Энэ үед макро бодлогын түвшинд зохицуулалт дутагдан, шилжилтийн алхмуудын дараалал алдагдаж байсан нь тод харагдаж байгаа бөгөөд энэ хямралыг улам гүнзгийрүүлсэн гол шалтгаан болсон юм.
 
Ийм ч учраас дээрх хугацаанд үнэ 13 дахин өсч, инфляц жилийн 400-600 хувь орчимд хүрч ҮНБ эрс унан (30-40 хувь) гадаад худалдаа 60 хувь бууран хямрал улам гүнзгийрч цаашдын өөрчлөлт хийх боломж багасан, гол анхаарал зөвхөн тухайн үеийн “гал унтраах” бодлогод чиглэж байгаа нь манай эдийн засгийн шилжилт нэлээд удаан хугацаанд үргэлжлэн ихээхэн гарз хохирол туулан эцсийн дүнд эдийн засгийн чадавхыг сайжруулах зорилгоос улам бүр холдох хандлагатай болж байгаа нь харамсалтай.

Сонголт 

1990 оны эхэнд гадаад худалдаа, ханш болон үнийг бүрэн чөлөөлөн гол анхаарлыг санхүү, банкны шинэ тогтолцоог бий болгон түлхүү хөгжүүлэх, өмч хувьчлалыг богино хугацаанд эрчимтэй хийхэд хандуулах нь зүйтэй байсан болов уу. Энэхүү хувилбарыг дотоодод зөвхөн цаашдын зорилго болгон зарласан бөгөөд гадаадын донор орнуудын тусламжийг авах зорилгоор 1991 онд багтаан өмч хувьчлалаас бусдыг нь дуусгахаар 1991 оны 5 дугаар сард бэлтгэн тэдгээрт гардуулсан билээ. Гэвч энэхүү хөтөлбөр өнөөг хүртэл зөвхөн цаасан дээр л үлдсэн юм.
 
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 6 сард ханш, гадаад худалдааг чөлөөлөх, үнийг7 сард 100 хувь чөлөөлөх төсөв болон УҮГ-ын зээлийг эрс хязгаарлан донор орнуудаас нэг хүнд 75 ам.долларын хэмжээний тусламж аван бага орлоготой иргэдийн амьжиргааны түвшинг баталгаажуулахад чиглүүлэхээр төлөвлөж байсан боловч хэдий тусламж (250-300 сая ам.доллар) бүрэн авч чадсан боловч эдгээр макро өөрчлөлтүүд дараах маш өнгөц шалтгаанаар хойшлогдсон юм.
 
Ханш чөлөөлөгдвөл (тэр үед захын ханш 150 байсан) ханш өсөн шатахууны дотоод үнэ 3-4 дахин өсөн газар тариалангийн зардал нэмэгдэхээс гадна төсвийн алдагдал ихсэхээс болгоомжилсон нь үнэхээр хэрэг дээрээ ханш чөлөөлөлгүйгээр бодит байдал болсон билээ. (Манай орны газар тариалан дэлхийн дунджаас 4 дахин бага үр өгөөжтэй бөгөөд хамгийн үрэлгэн техник технологид үндэслэгддэгийг санууштай. Мөн улсын төсвийн алдагдал 1991 онд төлөвлөснөөс даруй 4 дахин илүү 2.8 млрд болсон юм).
 
Гадаад худалдааг чөлөөлсөн тохиолдолд дотоодын түүхий эд маш хямдаар гарч яван зайлшгүй шаардлагатай валютын орлого багасна хэмээн тооцоолсон нь мөн л ижил үр дүнд хүргэсэн юм. Түүхий эд үнэхээр их хэмжээгээр нөөцлөгдөн яваандаа маш бага өгөөжтэйгөөр борлогдсон билээ. Энэ үед худалдан авах үнийг 6 сарын дараа нэмэхийг урьдчилан зарлаж байсан нь үүний бас нэгэн шалтгаан болсон биз ээ. Бодит амьдрал дээр дотоодын үр ашиггүй үйлдвэрлэл валют их хэмжээгээр “идсэн” хэвээр байсан бөгөөд дэлхийн зах зээлийн үнэнд нөлөөлж байна гэсэн нэрийдлээр 1990 онд зах зээл дээр 70-80 ам.доллар орчим байсан ноолуур нэг жил илүү хадгалагдсаны үр дүнд үнээ 2-3 дахин алдсан нь харамсалтай. 1991 оны эхэн үед нөөцлөгдөж байсан гадаад худалдааны барааны нөөц 80 сая ам.долларт хүрч байсан боловч (ноолуур, хивс, савхи) ямар нэг эдийн засгийн өөрчлөлтийг дэмжихэд чиглүүлэгдэлгүй урсгал зардал болсон билээ.
 
Дотоод зээлийн хүрээнд төсвийн болон УҮГ-ын төрөл бүрийн шаардлага, тулгалтын үр дүнд үйлдвэрлэл хэдий буурсан ч зээлийн хэмжээ огцом өсөн (7 млрд-аас 22 млрд) өнөөгийн хямралыг хурцдуулах гол шалтгаан болсон юм. Ийнхүү эмээж байсан бүхий л зүйлдээ дээрх макро өөрчлөлтүүдийг хийлгүйгээр хүрсэн юм.
 
Хэрэв хөтөлбөр цагтаа хэрэгжин дотоод зах зээл дээр зохих хяналт тавьсан тохиолдолд ханш 5-6 сарын дотор тогтворжин, гадаад худалдаа жилийн дотор баланслан, дотоодод үйлдвэр үйлчилгээний өрсөлдөөн маш эрүүл хэлбэрт шилжих байсан бөгөөд дотоодын албан тушаалын хахууль ч багасах бүрэн боломжтой байсан билээ. Энэ үед гадаадын тусламж зөвхөн бага орлоготой иргэдэд хүрсэн тохиолдолд (картаар бүгдэд тараахын оронд) цогцолбор өөрчлөлтийн 2-3 жил онцгой нийгмийн дарамтгүйгээр хэрэгжүүлэх боломж байсан болов уу.
 
Энэ хугацаанд өмч хувьчлал дээр гол анхаарлыг төвлөрүүлэн үйлдвэрийн газрын дотоод зохион байгуулалтад бүрэн гүйцэд анхаарсан тохиолдолд өнөөдрийнхөөс хавьгүй илүү үр дүнд хүрэх байсан нь дамжиггүй. 1990 онд их хувьчлалаас бусад арга хэмжээг авч хэрэгжүүлсэн Польшийн эдийн засаг тухайн жилдээ экспортоо 2 дахин  нэмэгдүүлэн анх удаа сүүлийн 10-аад жилийн дотор позитив гадаад худалдааны сальдотой болсон бөгөөд өнөөдөр 2 жилийн өмнөх жилийн  480 хувийн инфляцыг 40 хувь хүргэн ҮНБ нь нэмэгдэж эхэлсэн анхны  Зүүн Европын орон болсныг үнэлэхгүй байхын аргагүй.
 
Дүгнэлт
  • Өнөөг хүртэл манай эдийн засагт хийгдсэн өөрчлөлт нь эхний үед шилжилтийн төлөө хийгдээгүй, сүүлийн 3 жилд цогцолбор арга хэмжээ болж чадаагүйн улмаас эдийн засгийн хямралыг хөнгөлөөгүй бөгөөд зах зээлийн эдийн засгийн шилжилт болж чадсангүй гэж хэлж болох болов уу.
  • Чөлөөт зах зээлийн зохицуулалт үйлчлэх бүтэц, орчин бий болсон боловч эдийн засгийн зохицуулалт хараахан бий болоогүй тул эдийн засгийн макро сигналууд бодит шаардлагаас гажууд мэдээлэл өгөх шилжилтийн хугацаа уртсан, удаашрах улмаар хязгааргүй өөрчлөлтийн орчин бий болгох бүрэн аюултай болж байна.
  • Өмчийн зөв харьцаа хэдий бий болж байгаа ч суурь бараа, үйлчилгээний үнэ эдийн засгийн бус (захиргааны) шийдвэрээр дахин дахин өөрчлөгдөх боломжтой байгаа бөгөөд эдийн засгийн төрөл бүрийн зохицуулалтууд богино хугацаанд өөрчлөгдөж байгаа тул аж ахуйн нэгжүүдэд тогтвортой хөгжих орчин нь үгүйлэгдэн эдийн засаг үр ашигтай хэлбэрээ олж ажиллаж чадахгүй хэвээр байна.
  • Өнөөг хүртэл өөрчлөх оролдлого урсгал шинж чанартайгаар хийгдсэн тул хямрал зогсоогүй бөгөөд улам эрчээ авч байгаа ч багц өөрчлөлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх бүрэн боломж өнөөг хүртэл байгаа тул хэдий эрт үнэ, ханш, гадаад худалдаа, үйлдвэрлэгчийн чөлөөт байдлыг дэмжсэн цогцолбор арга хэмжээг хэрэгжүүлнэ манай эдийн засаг шилжилтийг бага зардлаар богино хугацаанд хэрэгжүүлэх юм.
1993.05.27