Уншиж байна ...
Зураг
Зураг

"The MongolZ" баг BLAST.tv Austin Major 2025 тэмцээний Playoffs буюу шөвгийн наймд шалгарлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Counter Strike-2 (CS2) тоглоомын энэ оны эхний Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу "BLAST.tv Austin Major 2025" АНУ-ын Остин хотноо гуравдугаар шатны сүүлийн тоглолтуудаар үргэлжилж байна.

1.2 сая ам.долларын шагналын сантай энэ тэмцээнд нийт 32 баг гурван шатанд хуваагдан, тойргийн журмаар өрсөлдөж байна. Гуравдугаар шатанд нэг баг нийт таван удаа тоглох эрхтэй бөгөөд түрүүлж гурван удаа хожсон найман баг нь Playoffs-д шалгарах учиртай.

Энэ шатанд Азийн чансааны оноогоороо оролцож буй манай улсын "The MongolZ" баг АНУ-ын "Team Liquid" болон Хятадын "Lynn Vision" багийг хожсон. Харин Бразилын "FURIA" болон Европын "Faze clan" багт хожигдсоноор сүүлийн тав дахь тоглолт гаргахаар болсон юм.

Тэд гуравдугаар шатнаас шөвгийн наймд шалгарахын төлөө Европын "G2 Esports" багтай өнөөдөр Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 2:0-оор ялалт байгууллаа. 

Өнөөдрийн тоглолтод манай баг өөрсдийн сонгосон "Ancient map" дээр 13:6 онооны харьцаатай ялалт байгуулсан. Харин эсрэг багийн сонгосон "Dust II map" дээр таван удаа нэмэлт үе гаргасны эцэст 28:25 онооны харьцаатай хожиж байна. Энэ тоглолтын шилдгээр Senzu буюу М.Азбаяр тодорчээ. 

Ийнхүү манай улсын "The MongolZ" баг CS2 тоглоомын энэ оны эхний ДАШТ-ий шөвгийн найм буюу Playoffs шатанд шалгарч байна. "BLAST.tv Austin Major 2025" тэмцээний шөвгийн найман багийн тоглолтууд энэ долоо хоногийн Пүрэв гарагт эхэлнэ.