Сар хүрэхгүй хугацааны өмнө Умард Солонгосын дэглэм өөрийн үйлдвэрлэсэн 5,000 тоннын тэнгисийн байлдааны хөлгийг нээсэн боловч тэр дороо эвдэрсэн нь удирдагч Ким Жон Уныг асар ихээр бухимдуулж байв.
Уг эвдрэлтэй холбогдуулан хөлөг онгоцны үйлдвэрийн гурван албан тушаалтан, төр засгийн нэг өндөр албан тушаалтан, нийт дөрвөн хүн баривчлагдсан тухай эх сурвалжууд мэдээлж байсан юм.
Тэгвэл эвдэрсэн хөлгийг засварлаж дуусаад дахин нээсэн тухай тус улсын албаны эх сурвалж Баасан гарагт мэдээлжээ.
Умард Солонгосын төв хэвлэл эвдэрсэн хөлөг бүрэн засагдсаныг баталсан байна. Харин гадаадын мэргэжилтнүүд ийм богино хугацаанд засварлаж чадсан нь эргэлзээтэй гэж дүгнэжээ.
Тус улсын Ражин боомтод болсон нээлтийн ажиллагаанд удирдагч Ким Жон Ун, охин Ким Жү Эгийн хамт оролцсоныг Солонгосын Төв Мэдээний Агентлаг мэдээлсэн байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Умард Солонгос хоёр ширхэг 5,000 тоннын байлдааны хөлөг үйлдвэрлэсний нэг нь энэ болж байгаа юм.
Эхний хөлгийг дөрөвдүгээр сард үйлдвэрээс хүлээн авч байжээ.
Эдгээр нь Умард Солонгосын тэнгисийн флотын хамгийн том хөлгүүд бөгөөд цөмийн зэвсгээр довтлох чадвартай гэгдэж байгаа юм.
Нээлтийн үеэр Ким Жон Ун цөмийн зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийн ач холбогдлыг онцолж, ойрын жилүүдэд дахин ийм хоёр хөлөгтэй болох төлөвлөгөөг зарлажээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!