Баасан гарагийн шөнө Израиль улс Ираны цэргийн болон цөмийн байгууламжуудад агаараас довтолсноор Ойрх Дорнодын бүс нутагт шинэ дайны гал асах эрсдэл үүссэн билээ.
Хариуд нь Ираны тал Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнө Израилийн хотуудад баллистик пуужингаар довтолсон юм.
Тэгвэл Бямба гарагийн орой тэд харилцан нэгнийхээ эсрэг дахин шинэ агаарын довтолгоонуудыг явуулжээ.
АНУ-ын засаг захиргаа Израилийн цохилтыг зогсоох цорын ганц арга нь Ираны эрх баригчид тус улстай цөмийн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх болохыг анхааруулсан байна.
Гэвч Ираны тал Ням гарагт Оман улсад товлогдсон байсан АНУ-тай хийх яриа хэлэлцээг цуцалж байгаагаа мэдэгджээ.
Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху ойрын өдрүүдэд Иранд явуулах байлдааны ажиллагаа нь өнөөдөр үргэлжилж буй довтолгоонуудтай харьцуулахын аргагүй болохыг анхааруулсан байна.
Ираны төв телевизийн мэдээлснээр Бямба гарагийн үдээс хойш тус улс Израилийн нутаг дэвсгэрт пуужин, нисгэгчгүй онгоцоор довтолжээ.
Израилийн эх сурвалжуудын мэдээлснээр тус улсын хойд бүсийн Хайфа хотод хоёр давхар барилга Ираны пуужинд оногдсоны улмаас 20 гаруй насны нэг эмэгтэй алагдаж, 13 хүн шархадсан байна.
Нөгөө талд Тегеран хотод байрладаг Шахран газрын тосны агуулах Израилийн агаарын цохилтод өртжээ.
Бас Ираны нутаг дэвсгэрт оршдог дэлхийн хамгийн том байгалийн хийн олборлолтын талбайд Израилийн цохилтын үеэр гал гарсны улмаас үйл ажиллагааг нь хэсэгчлэн зогсоосон байна.
Өмнөд Парс мужид оршдог энэ орд Ираны байгалийн хийн гол эх үүсвэр юм.
Израилийн эхний ээлжийн агаарын цохилт Ираны газрын тос, байгалийн хийн салбарыг хөндөөгүй бол хоёр дахь ээлжийн цохилт энэ салбарт чиглэж байна. Үүний улмаас дэлхий дахинд нийлүүлэлт тасалдаж болзошгүй гэсэн айдас нэмэгдэж, газрын тосны үнэ 9 хувиар өссөн юм.
Мөн Ираны эрх баригчид Персийн буланг чиглэсэн газрын тосны тээвэрлэгч хөлгүүд дамжин өнгөрдөг Ормузын хоолойг хаах талаар хэлэлцэж байгаа гэсэн мэдээлэл өчигдөр цацагдсан байна.
Израилийн агаарын цохилтын эхний өдөр Иранд 78 хүн алагдсан бол хоёр дахь өдөр 60 хүн амиа алдсаныг Тегераны албаныхан мэдээлжээ.
Үүний 29 нь Тегераны 14 давхар барилга нурахад амиа алдсан хүүхдүүд байсныг мэдээлсэн байна.
Израилийн талд Ираны агаарын цохилтын улмаас хамгийн цөөндөө гурван хүний амь үрэгдсэн тухай мэдээлжээ.
Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху энэ ажиллагаа нь хэдэн долоо хоног үргэлжилж магадгүйг анхааруулаад байгаа.
Тэр Ираны ард иргэдэд Исламын дэглэмийн эсрэг босохыг уриалсан юм.
Тегераны эрх баригчид тус улсын харвасан пуужингуудыг унагасан Израилийн холбоотон орнуудын Ойрх Дорнодын бүс нутаг дахь цэргийн баазуудад довтлохоо бас анхааруулсан байна.
Өнгөрсөн 20 сар орчим хугацаанд Израилийн арми Газын зурвасын Хамас, Ливаны Хезболла зэрэг Ираны холбоотон зэвсэгт байгууллагуудад их хэмжээний хохирол учруулсан.
Үүнийхээ дараа Иранд довтолсон нь өөртөө чиглэсэн хариу цохилтын хүчийг сулруулах зорилготой байсан бололтой.
Израилийн эрх баригчид Ираны цөмийн хөтөлбөрийг өөрийнх нь улс орны оршин тогтнолд аюул занал учруулна гэж үздэг.
Тиймээс цөмийн зэвсэгтэй болох сүүлчийн шатанд хүрэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү ажиллагааг эхлүүлсэн бололтой.
Тегераны эрх баригчид цөмийн хөтөлбөрөө цэвэр иргэний зориулалттай, зэвсэг бүтээх зорилгогүй гэж тайлбарладаг. Гэвч НҮБ-ын шинжээчид Ираны цөмийн хөтөлбөр зэвсэг бүтээх хэмжээнд хүрэхэд улам ойртож буйг анхааруулсаар байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!