Уншиж байна ...
Зураг
Зураг

Хакүхо сонирхогчдын сүмог дэлхий дахинд хөгжүүлэх чиглэлээр ажиллах шинэ компанийнхаа нэрийг зарлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Японы Сүмогийн Холбооноос гарсан ёкозүна асан Хакүхо өчигдөр дэлхий дахинд сонирхогчдын сүмог хөгжүүлэх зорилгоор байгуулж буй компанийнхаа нэрийг зарлажээ.

“World sumo grand slam” концептын дагуу ажиллах компанийн нэр Hakuho Dayan Sumo & Sports болохыг өчигдөр Токио хотод болсон ёслолын арга хэмжээний үеэр зарласан байна.

Уг арга хэмжээнд Хакүхог дэмжигч 200 орчим хүн оролцсоны дотор Японы хөлбөмбөгийн од Кэйсүке Хонда, спортын сайд асан Сэйко Хашимото зэрэг олны танил хүмүүс байжээ.

Уг арга хэмжээний өмнөхөн сонирхогчдын сүмогийн “Japan Sumo Federation” байгууллагын удирдах зөвлөл хуралдаж, ерөнхийлөгчөөрөө Тоёота Мотор компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Акио Тоёодаг хоёр жилийн хугацаатай сонгосон байна.

Тоёода бол олон жилийн турш Хакүхог дэмжсээр ирсэн хүн юм.

Арга хэмжээний үеэр Хакүхо энэ томилгооны талаар сонсоод баяртай байгаагаа илэрхийлжээ.

Сүмог хэзээ нэг цагт олимпын төрөл болгох зорилготой тэрбээр ирэх есдүгээр сард Тайландын Бангкок хотод зохион байгуулагдах сүмогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бодолтой байгаагаа хэлсэн байна.

Хакүхо энэ долоо хоногийн Даваа гарагт Токио хотод зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр Японы Сүмогийн Холбооноос гарч байгаагаа албан ёсоор зарлаж, цаашдаа сонирхогчдын сүмог хөгжүүлэх чиглэлд ажиллах зорилготой байгаагаа мэдэгдсэн юм.

Түүний эзэмшдэг Миягино дэвжээг бөхчүүдийнх нь дунд гарсан дээрэлхэлт, дэглэлтийн хэрэгтэй холбоотойгоор хаах шийдвэрийг нэг жил гаруй хугацааны өмнө Сүмогийн Холбоо гаргаж байв.

Дэвжээг нь буцааж сэргээх эсэх асуудал тодорхойгүй болсон тул Сүмогийн Холбооноос гарч буйг Хакүхо тайлбарласан юм.

Эзэн хааны цомыг 45 удаа хүртсэн мэргэжлийн сүмогийн дээд амжилтыг эзэмшигч тэрбээр одоо 40 настай. Хакүхо 2010 оноос хойш “Hakuho Cup” нэртэй олон улсын хүүхдийн тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ. Түүний энэ туршлагыг Тоёотагийн дэмжлэгтэй хослуулснаар сүмог дэлхий дахинд амжилттай хөгжүүлэх боломжтой гэж ажиглагчид үзэж байна.

 

Эх сурвалж: Kyodo News