• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

Тойрог замын станцын битүүмжлэл алдагдсантай холбоотойгоор сансрын нисэгчдийн аялал хойшлогдов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн тойрог замд ажиллаж буй Олон Улсын Сансрын Станцын битүүмжлэл алдагдсантай холбоотойгоор Энэтхэг, Польш, Унгарын сансрын нисэгчдийн аялал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

Сансрын нисэгчдийг илгээхээсээ өмнө станцын Оросын хэсгийн бүхээгийн агаарын даралтыг хэсэг хугацаанд ажиглах шаардлагатай болсныг NASA мэдээлсэн байна.

Гэхдээ энэ асуудал одоо тойрог замын станцад байрлаж буй долоон сансрын нисэгчийн аюулгүй байдал, үйл ажиллагаанд нөлөөлөхгүйг нэмж мэдэгджээ.

Оросын сансрын агентлаг Роскосмос өөрийнх нь сегментэд битүүмжлэл задарсныг засварлаж дууссанаа Баасан гарагт мэдээлсэн байна.

SpaceX компани тойрог замд 14 хоног ажиллах хувийн хэвшлийн дөрвөн сансрын нисэгчийг Флорида мужийн Канавералын хошуунаас хөөргөх байсан нь цаг агаарын таагүй байдал, пуужингийн асуудал зэргийн улмаас хойшлогдоод байсан бол нэмээд станцын битүүмжлэлийн асуудал бас гарч иржээ.

Тойрог замд байгаа Оросын гурван сансрын нисэгч 2000 оноос хойш ашиглаж буй хуучирч муудсан Звезда модулийн битүүмжлэлийг саяхан шалгаж, зарим хэсгийг нөхөж засварласан юм.

Тэгвэл энэ ажлын дараа бүхээгийн даралтын тогтвортой байдлыг хянах, нэмэлт засвар үйлчилгээ шаардлагатай эсэхийг үнэлэхэд хугацаа хэрэгтэй гэж NASA дүгнэжээ.

Дөрвөн сансрын нисэгчийн аяллыг АНУ-ын төлбөртэй нислэгийн Axiom Space компани зохион байгуулж байгаа. Энэтхэг, Польш, Унгарын харьяат нисэгчдийг NASA-гийн сансрын нисэгч Пэгги Вилсон ахлах ажээ.

Роскосмос тойрог замын станц дахь өөрийн сегментийн битүүмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр сүүлийн таван жилийн турш ажиллаж байгаа юм.

NASA одоогийн тойрог замын станцыг 2030 он хүртэл ашиглаад орхих төлөвлөгөөтэй байгаа.

Цаашдаа хувийн хэвшлийн станцыг ашиглахаар төлөвлөсөн бөгөөд энэ үүргийг гүйцэтгэхээр сонирхож буй компаниудын дотор Хьюстонд төвтэй Axiom Space компани байгаа юм.

Гэвч NASA-гийн сансрын нисэгчдийг тойрог замд хүргэх ажлыг хариуцдаг SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Маск станцыг үүнээс ч эрт халах ёстой гэж үзэж байна.

“Олон Улсын Сансрын Станцын урт хугацааны аюулгүй байдлын асуудал санаа зовоож байна. Түүний зарим хэсэг хэтэрхий хуучирсан, цаашдаа эрсдэл улам нэмэгдэх нь тодорхой. Хэдийгээр SpaceX сансрын нисэгчид болон хангамжийн ачаа тээвэрлэхээс олон тэрбумыг олдог ч би уг станцыг хоёр жилийн дотор ашиглалтаас гаргах саналтай байна” гэж тэр Баасан гарагт сошиал хуудсандаа бичжээ.

 

Эх сурвалж: Reuters