Өнгөрсөн Пүрэв гарагт Энэтхэгийн Ахмедабад хотоос Британийн Лондон хотын чиглэлд хөөрсөн Air India компанийн Boeing нисэх онгоц сүйрсний улмаас зорчигчид, бүхээгийн багийн гишүүд нийлээд 241 хүний амь үрэгдсэн билээ.
Уг ослоос Их Британийн иргэн 40 настай Вишваш Кумар Рамеш ганцаараа амьд үлдсэн нь маш ховор тохиолдолд тооцогдож байна.
Биедээ бага хэмжээний гэмтэл авсан түүнийг хэрхэн амьд үлдсэнийг нисэхийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд тайлбарлажээ.
Британийн нислэгийн ослын мөрдөгч асан Тони Кэйбл үүнийг “сугалааны азтан болсонтой адил” тохиолдол гэж дүгнэсэн байна.
Рамеш амьд үлдсэн гол шалтгаан нь түүний суудлын байрлалтай холбоотой гэж тэр тайлбарлажээ.
Рамеш нь Boeing 787-7 Dreamliner агаарын хөлгийн урд хэсгийн ослын гарцны дэргэд байрладаг 11А дугаартай суудалд суусан байна.
Энэ суудал “далавчны хайрцаг” гэгддэг онгоцны эх биеийн хамгийн бат бөх хэсгүүдийн нэгний ойролцоо байрладаг ажээ.
Онгоц хөөрснөөсөө хойш 30 секундийн дараа барилга мөргөхөд Рамеш өөрийгөө үхсэн гэж бодсоноо ярьсан юм.
Гэвч амьд байгаагаа мэдээд суудлын бүсээ тайлж, онгоцны задарсан хэсгээр мөлхөж гарчээ.
Энэ хэсэг нээгдсэн ослын хаалга, эсвэл эх биеийн задарсан хэсэг байсан эсэх нь тодорхойгүй байна.
“Барилга мөргөх үеэр онгоцны хамар нэлээд өндөр байрлалд байсан. Үүний үр дүнд ослын хаалганы ойролцоо хэсэг задарсан нь энэ залууг ноцтой гэмтэл авалгүйгээр гарах боломж олгосон байх магадлалтай” гэж Кэйбл тайлбарлажээ.
Мөн ослын хаалганы ойролцоох суудал урдаа илүү их зайтай байдаг нь бусад зорчигчдоос илүү хурдан онгоцноос гарах боломжийг Рамешт олгосон гэж тэр үзэж байна.
Онгоцны энэ хэсэг бас илүү бат бэх бүтэцтэй байдаг нь мөргөлтийн хүчийг сулруулсан гэж өөр нэг мэргэжилтэн дүгнэжээ.
“Тэр онгоцны далавчны урд ирмэгийн харалдаа суусан нь цохилтын нөлөөг багасгасан байх гэж би үзэж байна. Тэр хэсэгт далавчийг эх биеийн шахалтаас хамгаалах нэмэлт бүтэц байдаг” гэж Йоркийн Их сургуулийн аюулгүй байдлын тэнхимийн профессор Жон Макдермид тайлбарласан юм.
Гринвичийн Их сургуулийн галын аюулгүй байдлын мэргэжилтэн, профессор Эд Галеа “Дүүрэн шатахуунтай онгоц барилга байгууламж мөргөхөд амьд үлдэнэ гэдэг бараг боломжгүй. Энэ бол ид шид. Тэр азтай байсан гол шалтгаанууд, нэгд цохилтын нөлөөнд ороогүй, хоёрт хүнд бэртэл аваагүй, гуравт ослын хоёрдугаар хаалганы дэргэд суусанд оршиж байна. Тэр ослын хаалгаар гарсан, эсвэл онгоцны задарсан хэсгээр гарсан эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ л тэр ослын хаалганд маш ойр байжээ” гэж ярьсан юм.
Галеа өмнөх судалгаагаараа онгоцны бага хэмжээний ослын үед ослын хаалганд хамгийн ойр таван эгнээнд суусан зорчигчид эрсдэлгүй үлдэх магадлал өндөр байдгийг тогтоож байжээ.
Тиймээс тэр онгоцоор нисэх бүрдээ энэ хэсэгт суудал авахыг хичээдэг гэнэ.
Суудлын байрлалаас гадна Рамеш хөнгөн бэртсэн нь онгоцноос хурдан гарах боломж олгосон гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
“Хэрвээ тэр хэдхэн секундийн дотор гараагүй бол дэлбэрэлтээс аврагдах боломжгүй байсан” гэж Макдермид хэлжээ.
Осолдсон онгоц нь Ахмедабадаас Лондон хүртэл нисэхэд хангалттай хүрэлцэх түлштэй байсан тул барилга мөргөснийхөө дараа хурдан шатсан юм.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!