Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Гүндалай: Сонгуульчлагдсан болон бусад хэлбэрийн дарангуйлалд удаан орших орон зай Монголд байхгүй

ikon.mn
2017 оны 12 сарын 26
iKon.MN

Монголын Залуучуудын Холбооноос оны төгсгөлд нийгэм, улстөр, эдийн засаг бизнесийн шилдэг залуу гэж шалгаруулдаг уламжлалтай. Харин шалгарсан залуус нь ирж буй шинэ ондоо багтаж Монгол Улсын хөгжлийн талаарх өөрийн санал санаачлага бүхий илтгэлийг тавьдаг. 

Энэхүү илтгэлүүдийг бид Монголын Залуучуудын Холбоотой хамтран 14 дэхь цувралаа хүргэхээр бэлдлээ.

2001 оны нийгэм, улс төрийн салбарын шилдэг залуугаар тодорсон Ард Түмнээ Хайрлая намын дарга Л.Гүндалайн илтгэлийг хүргэж байна.

 
2002 он
 
2002 оны 10 дугаар сарын нэгэнд болсон УИХ-ын чуулганы нээлт дээр надад тохиолдсон үйл явдлын дараа би “хонины арьс нөмөрсөн чонын соёог олж харлаа” гэж сэтгүүлчдэд мэдэгдэж байсныг та бүхэн санаж байгаа байх. Гэтэл түүнээс хэдхэн хоногийн дараа 11 дүгээр сарын 13-ны шөнө монголчууд чоно хониныхоо арьсыг өөрөө хуулан унагааж жинхэнэ дүрээ ил тод харуулахыг нь үзлээ. Үүр шөнийн харанхуйд амгалан нойрсож буй хот руу мярааж хонь таслан авч явдаг амьтныг чоно гэдэг хэмээн бид сайн таньдаг билээ.
 
Харин үүр шөнөөр цэрэгжсэн цагдааг зуу зуугаар тушаал буулган энгийн иргэд, сэтгүүлчид, хувийн өмч, байр байшингууд руу дайруулж хүч хэрэглэсэн эрх баригчдыг хэн гэж таних вэ?
 
Баривчилгаа болсон яг тэр шөнийн 03 цаг 40 минутын үед би гаднаасаа зуу зуун цагдаагаар бүслэгдсэн Ардчилсан Намын байр руу орох гээд чадаагүй юм. Намын байр руу орох гэж хэд хэдэн удаа оролдсон намайг цагдаа нар харанхуйд бүслэн хааж хүчээр түлхэн намын байр руу яасан ч оруулахгүй гэдэг тушаал авснаа хүйтнээр хэлж байсан юм. Энэ үед би “Монголчууд бид нар дарангуйллын нийгэмд амьдарч байгаа юм байна” гэж жихүүцэн бодож байлаа.
 
2000 оны сонгуулиар “шинэчлэгдсэн, өөрчлөгдсөн, ардчилагдсан” гэж ард түмнээ төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийг, ялангуяа Социалист Интернациональ хэмээх ардчилсан үнэлэмжийг дээдэлдэг нэр хүндтэй байгууллагыг итгүүлж байж ялан гарч ирсэн МАХН өнөөдөр засаглалыг хэнтэй ч хуваалцахгүй ганцаараа эзэгнэж байх үед дээрх явдлууд тохиолдож байна. Сонгуулийн үр дүн эрх баригчдад парламентын 95 хувийн суудлыг олгосон эхний өдрөөс ажиглагдаж эхэлсэн ардчилалаас ухарсан алхмууд даамжран даамжирсаар өнөөдөр иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэх хэмжээнд хүрчээ.
 
Өнгөрсөн хоёр жилийн турш МАХН-ыг “ардчиллын үнэт зүйлсийг бүрэн судлаагүй, бүрэн суралцаагүй ардчилагчид” гэж ойлгож явсан гадаад дотоодын байгууллага, хүмүүс тэдэнд ардчиллын үнэт зүйлсийн тухай ойлгуулах гэж олон удаа оролдож, хөрөнгө мөнгө зарцуулж МАХН-ын бодлогыг барьж, шийдвэрийг гүйцэтгэж буй идэвхтэн нарт семинар сургалт явуулсаар ирсэн билээ.
 
Гэвч чоно махнаас гарахгүй учир чононд ногоо идэхийг заагаад нэмэргүй билээ. Чононд хэчнээн ч давхраар нь хонины арьс нөмрүүлээд, түүнийг хонины хашаанд хашаад ч чоно хэвээрээ үлдэх билээ. Хонины хашаанд орж, хонины ааш араншинг таньсан чоно улам л олон хонь идэхийн төлөө шунах нь малчин гаралтай ямар ч монгол хүнд ойлгомжтой юм.
 
 

Гэвч улс төрийн хэллэгээр, онолын хувьд бид ямар нэгэн чоно хониор зүйрлээд Монгол дахь одоогийн засаглалын байдлыг бүрэн таньж чадахгүй юм. Тиймээс ч би энэ тухай судалж, Монголын эрх баригчдын хийж байгаа үйлдэл, энэ засгийн үйл ажиллагааны дүр төрх, түүний нийгэмдээ авчирч байгаа хор уршгаар нь тэднийг улс төр судлалын мэргэжилтнүүдийн тодорхойлсон ангиллаар дүгнэж цэгнэхийг хичээлээ.

Монголд эрх баригчдын хэрэгжүүлж байгаа өнөөгийн засаглалын хэлбэр нь дарангуйллын нэг хувилбар мөн гэдэг нь хэнд ч харагдаж байгаа юм. Энэ нь улс төр судлаачдын англиар “elective dictatorship” буюу “сонгуульчлагдсан дарангуйлал” гэж би үзэж байна. Энэ дарангуйлал манай түүхэнд анх удаа МАХН-ын гараар монголчилсон хувилбараар орж ирлээ. Тийм ч учраас би энэхүү лекцэндээ сонгуульчлагдсан дарангуйлал гэж юу болох, түүнийг хэрхэн таних, дүрх төрх, сул талууд болон аюул нь юу байдаг вэ? гэдгийг, улмаар энэ дарангуйлалд эцэс төгсгөлийг хэн хэзээ хэрхэн тавьж чадах вэ? гэдгийг өгүүлэхийг зорилоо.

Сонгуулъчлагдсан Дарангуйлал гэж юу вэ?

Юуны өмнө сонуульчлагдсан дарангуйлал хэмээх үгэнд орж байгаа “сонгууль”, “дарангуйлал” гэсэн ойлголтуудыг товч авч үзье.
 
Авторитар дэглэмийнх шиг өрсөлдөөнгүй, чөлөөт бус сонгуулийн тухай яригдаагүй учраас энд хөндөгдөж байгаа сонгууль гэдэг ойлголтод бид тодорхой хэмжээгээр хүндэтгэлтэй хандах ёстой. Өөрөөр хэлбэл онолын хувьд сонгууль нь ардчилсан байдлаар явагдаж байгаа гэж тооцогдож буй учир гадаад дотоодын ажиглагч нар уг сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх үндэстэй байдаг гэдгийг энд цохон хэлмээр байна.
 
Гэхдээ сонгуулийг ардчилсан, чөлөөтэй болсон эсэхийг тодорхойлдог дараах үзүүлэлтүүд байдаг. Үүнд:
  1. Хэнээс ч үл хамаарах сонгуулийн хороотой байх.
  2. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харьцах улс төрийн хүчнүүдийн адил тэгш эрх хангагдсан байх.
  3. Сонгуулийн өрсөлдөөний санхүүжилт нь ил тод байх.
  4. Засаг захиргааны нэгжүүд дээр байгаа сонгуулийн хэсгүүд хэнээс ч үл хамааралтай ажиллаж чаддаг байх ёстой юм.
Харамсалтай нь энэ дөрвөн үзүүлэлтийн аль нь ч Монголд хэрэгжихгүй байгаа учир сонгуулиа ч ардчилсан, чөлөөт гэж зуун хувь үзэхэд бэрхшээлтэй болгож байна.
 
Харин дарангуйлал гэдэг нь улс төр судлаач Линц, Якубович нарын тодорхойлсноор “нэг намын гүйцэтгэх засаглалын тэргүүн нь парламент, шүүх засаглал, цэрэг цагдааг өөрийн нөлөөнд оруулж, бүх шатны удирдах албан тушаалыг өөрийн хүмүүсээр төлөөлүүлэн улс төрийн сөрөг хүчин ба сонгогчдын санал хүслийг аливаа шийдвэр гаргахдаа огт тусгахгүй хааж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг өөрийн дур зоргоор залуурдаж буйн улмаас хүмүүсээ байнгын бие сэтгэлийн дарамт, айдаст байдалд байлгаж, хүлцэнгүй болгодог” засаглал юм.
 
“Сонгуульчлагдсан Дарангуйлал” гэдэг нь Харвардын Их Сургуулийн профессор Нориссын тодорхойлсноор “сайн замаар гарч ирсэн муу засаглал” буюу ардчилсан сонгуулиар сонгогдож гарч ирээд дарангуйллын дэглэм тогтоож байгаа засаг юм. Ийм засаглалыг Норисс болон бусад улс төр судлаачид улс орнуудын урьд өмнөх жишээн дээр тодорхойлж байсан бөгөөд хамгийн томоохон ийм дарангуйлагчдаас Германы Гитлер, Аргентины Перрон, Филиппиний Маркос нарыг дурдаж болно.
 
Харин Н.Энхбаяртан мэтийн жижиг, зальт дарангуйлагч нар Бурунди, Заир, Уганда, Перу, Либери, Бангладеш гэх мэтийн Африк, Латин Америк, Азийн орнуудад өдгөө ч олноор оршиж улс төр судлаачдын хараанд өртөн гутамшиг эмгэнэлийн жишээ болсоор байна.
 
Эрх баригчдын 2000 оны долоодугаар сарын 3-наас хойш хязгааргүй олон удаа давтан хэлж байгаа “бид ард түмнийхээ итгэлийг авч чөлөөт ардчилсан сонгуулиар гарч ирсэн хууль ёсны эрх баригч” хэмээх хэллэг нь сонгуульчлагдсан дарангуйлагч нарын хамгийн түгээмэл үг хэллэг бөгөөд чухам ардчилсан сонгуулийг дарангуйлал тогтоохдоо ашигладгаар нь тэднийг “сонгуульчлагдсан дарангуйлагч” гэж тодорхойлдог юм.
 
Монголд сонгуульчлагдсан дарангуйлал тогтож эхэлснээс хойш ардчилал ямар хэмжээнд хаана үлдэв гэдэг асуудал гарч ирж байна. Энэ асуудал эрдэмтэн судлаачдын анхаарлын төвд орох цаг болжээ.

Сонгуульчлагдсан дарангуйллыг хэрхэн таних вэ?

Чөлөөт ардчилсан сонгуулиар ялж гарч ирснийхээ дараа явуулж байгаа үйл ажиллагаагаар нь сонгуульчлагдсан дарангуйллыг таньж болдог. Хэдийгээр сонгуулийн дүн нэгэнт өөрчлөгдөхийн аргагүй болсон байдаг ч тэднийг аль болох эрт таних нь ардчилсан нийгмийг эргүүлэн тогтооход үнэлж баршгүй ач холбогдолтой хэрэг болно.
 
Сонгуульчлагдсан дарангуйлал тогтсон газарт дараах шинж тэмдгүүд заавал илэрдэг байна. Үүнд:
  1. Эрх баригч нь цөөнх болох намууддаа шударга бус хандан тэдний эрхийг боогдуулах замаар ёс бус хэт их эрх мэдлийг төвлөрүүлэн авах,
  2. Чөлөөт хэвлэл, цөөнх болон олон нийтийн түүнчлэн тогтолцооны өөрийнх нь хууль ёсны хяналт зэргийг дарж, хяналтгүй болсон засаг захиргааны сүлжээ нь бүхэлдээ авилгад идэгдэх,
  3. Олон нийтийн шаардлага, хүсэл сонирхлыг үл тоомсорлох буюу ард түмний эрх ашгийг мэдрэхгүй болтлоо “дүлийрэх” явдал байдаг байна.
Монголын өнөөгийн дүр зурагтай яв цав нийцэж байгаа энэ тодорхойлолтыг Монголын жишээн дээр гаргаагүй гэдгийг дахин хэлэхийг хүсч байна. Харин ийм муу засаглалыг өнөөдөр монголчилж нзвтрүүлж байгаа МАХН-ын үйл ажиллагааны жишээн дээр дээрх шинж тэмдгүүдийг авч үзэж монголчилсон сонгуульт дарангуйлагчдыг таниулахыг оролдъё.
 
Би өнгөрсөн хоёр жилийн дотор УИХ-ын танхимд хэд хэдэн удаа эрх баригчдыг “коммунистууд” гэж дуудаж байсан билээ. Өөрсдийгөө коммунист биш болсон хэмээдэг МАХН Засгийн эрхэнд гарснаас хойш цөөнхийн эрхийг дэндүү олон зөрчиж, Монгол Улс ардчилсан орон мөн үү гэж итгэхийн аргагүй байдалд оруулаад байгаа учраас би тэдний байгаа байдлыг байгаагаар нь нэрлэхээс өөр аргагүйд хүрдэг юм.
 
“Ардчилал гэдэг бол цөөнхийн эрх, олонхийн засаглалын тухай ойлголт юм” гэсэн маш товчхон нэгэн тодорхойлолт байдаг. Үнэхээр ч цөөнхийн эрхийг аль шатандаа хэрхэн хангаж байгаагаар нь Монголын эрх баригчдын зүгээс ардчиллыг хэрхэн хүлээн зөвшөөрч байгааг харж болно.
 
Саяхан болсон УИХ-ын 2002 оны Намрын чуулганы нээлт дээр эрх баригчдын гаргасан үйлдлийг эргээд санацгаая. УИХ-ын дарга С.Төмөр-Очир УИХ-ын индэр дээрээс “цөөнх гэж байхгүй шүү” гэж ил тод мэдэгдсэн. Бид дөрвөн гишүүн олонх биш гэдэгтэй та бүхэн маргахгүй биз. Тэгээд биднийг цөөнх биш, бас олонх ч биш гэж үзэж байгаа бол биднийг ер нь хэн ч биш , юу ч биш болгоод байгаа юм биш үү.
 
Тэгвэл ард түмнийхээ 49.9 хувийг тэд үгүйсгэж байгаа юм байна. Тэгээд ч бас Их Хурлын гишүүдээс “цөөнх гэж юу юм? Та нарын үг гэж юу байдаг юм” гэсэн дуу хоолой ч сонсогдож, түүнийг нь заал дэмжиж байсныг санаж байна.
 
Харин сонгуулийн мажоритари системийн үйлчлэлээр сонгогчдоос авсан 50.1 хувийн саналаасаа даруй 45 хувиар илүү суудал парламентад эзэлсэн ийм олонхийг “хиймэл олонх” гэж улс төр судлаачид тодорхойлсон байгаа юм. Өөрөөр хэлбэл одоо парламентад сууж байгаа Олонхийн бүлгийн хоёр гишүүн тутмын нэг нь ийм хиймэл олонхийг бий болгодог хий суудал дээр сууж байгаа юм.
 
Өнөөдөр олонх хүчиндээ эрдэж бардах, энэ хорвоо дээр зөвхөн өөрсдөөсөө өөр хэн ч байхгүй мэт авирлах зориг зүрх, итгэл үнэмшлийг яаж олж авсан бэ гэх гайхал төрж магадгүй! Мэдээж энэ бол хоёр жилийн турш цөөнхийн эрхийг удаа дараа зөрчсөн, улс төр, эдийн засаг, нийгмийн эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлж байгаадаа бардсан хүчний авир юм.
 
2001 оны зургаадугаар сард УИХ-ын Дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулж, өнөөгийн цөөнхийн гишүүдийг чуулганы нээлт, хаалт дээр үг хэлэх эрхгүй болгон хуульчилж авсан нь манай парламентын түүхэнд урьд өмнө гараагүй цөөнхийн эрхийг боосон, дарласан алхам болсон юм. Ингэснээрээ өнөөгийн Их Хурлыг ардчилсан гэж нэрлэх үндэслэлгүй болж парламент бус харин дарламент боллоо.
 
Ер нь МАХН 2000 онд эрх барьж эхэлмэгцээ хэвлэлийн эрх чөлөө рүү системтэйгээр халдсан.
 
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2000 оны наймдугаар сард оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Үндэсний Радио Телевизийн хэрэг эрхлэх газар Монгол Улсын Ерөнхий Сайдын шууд эрх мэдэл дор орж хуульчлагдсан. Ингэснээр Үндэсний радио, телевиз ард түмнийхээ мөнгөөр тэднийг хууран мэхлэх бохир ажлын гар хөл болж, ард түмний тархийг угааж байна.
 
Н.Энхбаяр нь радио телевизийг эрх мэдлээр далайлган барьж, чөлөөт хэвлэлийг дэмжих сан байгуулж түүний нэрийн дор хэвлэлийнхнийг мөнгөөр урхидаж байгаа нь нийгэмд хяналт тогтоож байгаагийн илрэл юм.
 
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сэтгүүлчид эрүүгийн цагдаад олноор дуудагдаж, шүүхээс ял хүлээж, шоронд хоригдож, баривчлагдаж, зодуулж, дарамтлуулж, сонин хэвлэл хаагдаж ч амжлаа. Сэтгүүлчийг шоронд хорьсон орны тоонд Монгол улс шинээр орж, хэвлэлийн эрх чөлөөнийхөө байдлаар дэлхийн улс орнуудын дотор 73 дугаарт тооцогдох болсон нь ухралт юм.
 
Хэвлэл мэдээллийн орчинг ардчилсан нийгмийн нийтлэг жишигт ойртуулах, сэтгүүлчдийг шоронд хорьдог заалтуудыг эрүүгийн хуулиас авч хаяхад эдэнд хэн ч саад болоогүй. Ийм шийдвэр гаргахад өнөөгийн эрх баригчдад зөвхөн хүсэл, зориг зүрх байхад л хангалтай юм. Гэтэл эрх баригчид өөрсдөө сэтгүүлчидтэй холбоотой хэргийг “эрүүжүүлэх” маш их сонирхолтой байдаг нь сүүлийн хоёр жилийн байдлаас харагдаж байна.
 
Эрх баригчдын хувьд цөөнхийн эрх, хэвлэлийн эрх чөлөөг ийнхүү хязгаарлан боож ирсний “эдийн засгийн утга” нь тэдний гар дээрээ авч байгаа орлого, хээл хахууль, давуу эрхүүд юм. Монгол улсын засаг захиргааны бүх нэгж сүлжээ даяар хүнд суртал газар авч, төрийн албан хаагчдад хээл хахууль өгөхгүйгээр бизнес эрхлэх аргагүй боллоо гэж авилгын талаар санал асуулгад оролцсон ихэнх бизнесмэнүүд хариулж байсан байна.
 
Харин улс төрийн зорилго талаас нь МАХН-ын өнгөрсөн хоёр жилийн үйл ажиллагааг харахад тэд сөрөг намынхаа, цөөнхийнхөө байр суурийг Үндэсний радио телевизээр гарчих вий гэж үхтлээ айдаг хүчин юм. Энэ нь тэд ард түмнээ сонголт хийх чадвартай болчих вий, мэдээлэлтэй болчих вий гэхээс айж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл МАХН эрх барьсан эхний өдрөөсөө эхлэн ард түмнээ аль болох ганц талын мэдээллээр дарангуйлж байж 2004 оны сонгуульд дахин ялахыг мөрөөдөн бэлтгэлээ хамгийн өөдгүй аргаар хийж эхэлсэн гэсэн үг. Ингэж тэд намынхаа дараагийн ялалтын явцуу эрх ашгийн үүднээс өөрийн эрхгүй нөгөө л дарангуйллынхаа тогтолцоо руу эргээд орж явчихсан юм.
 
Тийм ч учраас өдгөө төр засгийн эрх мэдэлтнүүд ард түмнийхээ эрх ашгийг огоорон тэднийхээ үгийг ч хүлээн авах чадваргүй болж, эрх ашгийнхаа төлөө үгээ хэлсэн иргэдээ баривчлах, хоморголох арчаагүй арагт шилжлээ.
 
Хүчтэй төр гэдэг бол олон цагдаагийн хүчээр хүмүүсийг баривчилж чаддаг төрийг хэлдэг юм биш, харин чухам л олон нийтийн өмнө нээлттэй байж чаддаг төрийг хэлдэг. Өнөөдрийн хаалттай байдал, ард иргэдийнхээ үгнээс айсан, тэдэнтэй ярилцлагад орохоосоо зугтаасан арчаагүй байдал нь хамгийн сул засаглал болох дарангуйлагчийн нүүр царай юм.
 
Гэвч эрх баригчдын төвлөрүүлсэн, төвлөрүүлэхийг цаашид оролдож байгаа эрх мэдэл нь ёс бус байгааг нийгэм олж харж байна. Ганц жишээ хэлэхэд тариалангийн газрыг монополь аж аж ахуйн нэгжүүдийн мэдэлд давуу эрхээр хувьчлах гэж байгааг эсэргүүцсэн тракторчид бол чухамхүү өнөөдрийн болон ирээдүйн дарангуйллын эсрэг тэмцэж байгаа хүмүүс юм.
 
Харин тракторчдын дуу хоолойг Үндэсний радио телевизээр сонсгохгүй, болсон үйл явдлыг улайм цайм гуйвуулж байгаа, тэрчлэн халз ярилцлагад оролцъё гэсэн жагсагчдын шаардлагыг эрх баригчид хүлээн авахгүй байгаа нь үнэнээс айж нуугдан олон нийтийн хяналтыг дарагдуулж байгаагийн тод жишээ юм.
 
Сонирхолтой нь 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монголоос гадна өөр гурван оронд тариаланчдын жагсаал болжээ. Франц, Бельги, Нидерландын тариаланчид Монголын тариаланчдын нэгэн адил өөрсдийнхөө эдийн засгийн эрх ашгийн төлөө жагссан байна. Харин дөрвөн орны тариаланчдаас зөвхөн Монголын тариаланчид баривчлагдаж, шөнө дөлөөр хорих байранд туугдан орсон бол бусад гурван орны Засгийн газрууд тариаланчдаа хэлэлцээрийн ширээний ард угтан авчээ.
 
Эндээс аль засгийн газрууд иргэддээ хүн шиг хандаж, аль нь нохой шиг хандсан нь ил харагдаж байна. Чухамхүү иргэндээ, тэднийхээ эрх чөлөөнд яаж хандаж байгаагаар нь сонгуульчлагдсан дарангуйлагчдыг илүү сайн таньж болдог гэдгийг улс төр судлаачид цохон тэмдэглэдэг юм.

Сонгуульчлагдсан дарангуйлагчдын хувьд ард түмэн гэж хэн бэ?

Дарангуйлагч дэглэмийн үндсэн логик нь ард түмнийг дээр нь юу ч бичиж болох цагаан цаас гэж үздэг. Тиймээ, үнэхээр мэдээлэлгүй бол энэ үнэн үг юм. Хэрэв ард түмэн нь олон талын мэдээлэлтэй, сонголттой байх юм бол тэд цэвэрхэн цагаан цаас биш, харин дээр нь санал бодол, байр суурь, тооцоо томьёо, хууль дүрэм бичигдсэн, дээрээс нь хамаагүй юм бичих зай багатай тийм цаас болох учиртай.
 
АНУ-ын Ерөнхийлөгч агсан Томас Жефферсон Америкийн ардчиллыг Монголынх шиг нялхаараа байх үед “Ард түмнээс өөрсдөөс нь өөр нийгмийн эцсийн дээд эрх мэдлийг найдвартай хамгаалж чадах хэнийг ч би мэдэхгүй. Хэрэв ард түмэн эрхээ бүрэн хэмжээгээр хэрэгжүүлж чадах түвшинд боловсроогүй гэж үзэж байвал үүнийг ард түмнээс эрхийг нь булаах замаар биш, харин тэднийг гэгээрүүлэн эрхийг нь мэдүүлэх замаар л эмчлэх ёстой.” гэж хэлж байжээ.
 
Харин сонгуульчлагдсан дарангуйлагчдын хувьд ард түмэн гэдэг тэдэнд засгийн эрхийг авчирч өгдөг саналаас өөр юу ч биш болоод байна. Тэд ард түмнийг хэнд санал өгсөн, цаашид хэнд санал өгөх магадлалтай сонгогч вэ гэдэг өнцгөөс л хардаг. Нэгэнт дарангуйллаа зөвтгөхийн тулд ардчилсан сонгуулийн аргаар гарч ирэх нь тэдэнд хамгийн ашигтай байдаг учраас ард түмэнд хүргэж байгаа мэдээ мэдээлэл бүхнээ эрх баригчид дараагийнхаа сонгуулийн ялалтад зориулж гаргадаг.
 
Тийм зорилготой учраас иргэдийнхээ эрх чөлөөг эдлүүлэхээс төр нь айх болжээ. Эрх баригчид 2000 оны 7 дугаар сараас эхлэн өөрсдийнх нь эсрэг байр суурьтай гэх иргэдийг ажлаас нь хоморголон халж, үзэл бодлоор нь хавчин гадуурхаж, бизнесийг нь шалгах дарамтлахаас өгсүүлээд хааж боох гээд элдвийн санаанд оромгүй зүйлийг тасралтгүй хийж байгаа нь үүний нэг илрэл юм.
 
Эрх чөлөөгүй газар ардчилал ч үгүй, ядуурал ч буурахгүй нь ойлгомжтой. Хүн бүхэн өөрийнхөө санаснаар хөтжиж болно гэж зөвшөөрөгдсөн орчинд баян хоосны ялгаа тэгтлээ их гардаггүй. Харин манай оронд хот хөдөө шилжин нүүхээс авахуулаад амьдралын бүх алхмыг нь шат дамжлагатай, нарийн төвөгтэйгээр дээрээс зааж чиглүүлсэн байдаг учир хүмүүсийн материаллаг байдлын ялгаа эрс тэс байсаар байна. Хүмүүст юу хийвэл бусдын эрх ашгийг хөндчих вэ гэдгийг нь сануулсан дүрэм илүү их хөгжих бололцоо олгож, хүмүүсийн ёс суртахууны түвшинг дээшлүүлдэг байхад бүх зүйлийг яаж хийх вэ гэдэг талаас нь зааж чиглүүлсэн дүрэм журам чөлөөтэй хөгжих, дэвших бололцоог нь хааж боосоор байдаг.
 
Хүмүүс өөрсдийн мэдлэг чадварыг дуртай зүгтээ хөгжүүлж байж хэний ч санаанд оромгүй шинэ туурвилыг гаргаж ирдэг. Тиймээс хөгжил дэвшил, боловсрол мэдлэгтэй болоход эрх чөлөө хамгаас чухал гэдгийг эрх баригчид ойлгохгүй байна.
 
Харин дотооддоо эрх чөлөөгөө эдлэх боломжгүй байгаа ард түмний нэр нөлөө сонгуульчлагдсан дарангуйлагч нарт маш их хөрөнгө мөнгө, ашиг хонжоо, нэр төрийг авчрахад нь тусалсаар байна. “Бид ард түмнийхээ чөлөөт сонголтоор гарч ирсэн” гэдэг үгийг эрх баригчид ашиглаж болох бүх төрлөөр ашиглаж чаддаг хэрнээ ард түмнээсээ үнэнийг нуудаг гэдгээ хэзээ ч хэлдэггүй юм.
 
Монгол оронд олон жил дараалан НҮБ-аас санхүүжин хэрэгжиж байгаа “Сайн засаглал” хэмээх хөтөлбөр, Соросын сангийн ивээн тэтгэлгээр хэрэгжиж буй “Цагдаагийн байгууллагыг олон нийтийн цагдаа болгохыг дэмжих” хөтөлбөр, Данийн Засгийн газраас үзүүлж ирсэн чөлөөт хэвлэлийг дэмжих хөрөнгө, АНУ, Германы Засгийн газруудаас хууль эрх зүйн хүрээнд шинэтгэл хийхийг дэмжсэн хөтөлбөрүүдийн зарцуулж буй сая сая долларын хөрөнгө нь Монголын ард түмнийг эрх баригчдынхаа тухай мэдээллийг нээлттэй авч чаддаг байгаасай, Монголын төр тунгалаг байгаасай гэдэг зорилгоор л Монголд орж ирсэн билээ. Гэтэл төрийн үйл ажиллагааны арга барил ард түмний шүүмжлэл, ажиглалтаас улам л хаалттай, олон нийтийн эрх ашгийн эсрэг чиглэгддэг болсоор байна.
 
2000 оны Намрын чуулганы нээлтийн үеэр дөнгөж ялаад Засгийн эрхэнд гараад байсан Н.Энхбаяр “Бид ард түмний эрхийг авлаа” гэж Их хурлын индэр дээрээс хэлж байсан юм. Тухайн үеийн сонин хэвлэлүүд түүнийг “ард түмний итгэлийг авлаа” гэж хэлэх гээд хэл нь халтирчихлаа гэж тайлбарлаж байсныг санаж байна. Харин өнөөдрийн өндөрлөгөөс харахад Н.Энхбаяр сонгогчдын 50.1 хувийн санал авснаараа Монголын ард түмний эрхийг авчихлаа гэж ойлгосон нь, хоёр жилийн өмнө хэл нь халтираагүй байж гэдэг нь амьдрал дээр харагдаж байна. Ард түмэн ч эрхээ Н.Энхбаяр нарт хэдийнээ алдчихсан байна.
 
Гэхдээ ард түмний эрхийг авчихлаа гэдэг бодол бол ганцхан Н.Энхбаярын сэтгээд олчихсон зүйл биш бөгөөд сонгуульчлагдсан дарангуйлагч бүхэн сонгуулиар олонхийн санал авсныгаа төрийн хэмжээлшгүй эрх мэдлийг хэрэгжүүлэх хууль зүйн баталгаатай болчихлоо гэж үздэг болохыг улс төр судлаачид илрүүлжээ.
 
Тиймээс ард түмэн сонгуулиар дарангуйлагч нарт эрхийг нь өгдөг, тэдний дарангуйлагч үйлдлийг олон улсын хэмжээнд “зөвтгөгч” бамбай нь болж ашиглагддаг. Сонгуульчлагдсан дарангуйлагчид ард түмнийг дараа дараагийн сонгуульд дахин ашиглахын тулд аль болох мэдээлэлгүй, аль болох эрх мэдэлгүй, эрх чөлөөгүй байлгадаг төдийгүй элдвээр дарамталдаг. Ийм ч учраас нийгэмд үгээ хэлдэг хүмүүс хавчигдаж, жирийн иргэд хүртэл байнгын болгоомжлол, айдас хүйтэст автсан байдаг.
 
Үнэн хэрэгтээ дарангуйлагч нарыг сонгуулийн аргаар нэгэнт төрүүлчихсэн болохоор ард түмэн л тэдгээр сонгуульчлагдсан дарангуйлагч нарын эцсийн шүүгч нар нь юм. Сонгуульчлагдсан дарангуйлагч нар сонгуулиар гарч ирсэн шигээ сонгуулиар унадаг бөгөөд чухамхүү тэд өөрсдийгөө сонгуулиар ялагдчих вий гэдгээс айж, янз бүрийн дүр төрх, зан авир гаргаж, үнэн нүүр царайгаа ард түмнээсээ нууж байдаг юм.

Сонгуульчлагдсан дарангуйлагч нарын Монголчилсон араншин

Сонгуульчлагдсан дарангуйлал тогтоосон хэмээн миний нэрлэж байгаа МАХН-ын одоогийн удирдлагыг бэлтгэж бойжуулсан байгууллага нь тэдэнд ямар зан араншин өвлүүлэв ээ гэдгийг эхлээд авч үзье.
 
Коммунизмыг мөрөөдсөн өмнөх зууны социалист Монголд зөвхөн нэг намын үзэл суртал, дарангуйлал ноёрхож, ЗХУ-аас улс төр, эдийн засгийн хувьд бүрэн хараат байдалд орсон тоглоомын засгийн газар “оршин тогтнож” байсан тул Монголын коммунистуудад төр барих хангалттай уламжлал байхгүй гэж үзэхэд болно. Өөрөөр хэлбэл Хувьсгалт намын өнөөгийн удирдах боловсон хүчнүүдийг монгол төрийн бодлогоор гэхээсээ илүү коммунист үзэл суртлын пропагандист уламжлалаар бэлтгэсэн нь тодорхой харагддаг.
 
Энэ нь өнөөдөр ардчилсан төрийн жолоон дээр сууж байгаагаа мартсан, үзэл сурталч пропагандист эрх баригчдын явуулж байгаа үйл ажиллагаа болон тэдний монополь сонин хэвлэл, Монгол ТВ-ээр нэвтрүүлж буй мэдээг нэг удаа харахад л танигддаг юм. Эдийн засгийн хувьд Монголд оршиж ирсэн коммунист намын дарангуйллын тогтолцоо нь Монголыг гадаадаас улс төрийн хараат байдалд оруулах замаар л асуудлаа шийдвэрлэж ирсэн байдаг.
 
Харин Монгол Улсын эдийн засаг ядуу буурай, гадаадын зээл тусламж, дэлхийн хамтын нийгэмлэгээс хараат хэвээр байгаа өнөө үед Монголд ямар ч дарангуйлал зуун хувь ил тод оршин тогтнох боломжгүй юм. Тийм ч учраас дарангуйлал тогтоох хүсэл байвч Монголыгоо ядахдаа хүн харахад ардчилсан орон мэт харагдуулах сонирхол тусгаар тогтнолоо худалдчихдаа тулаагүй л бол өнөөгийн эрх баригчдын гол эрх ашиг, үнэн нүүр царайгаа халхлах баг нь болчхоод байгаа юм.
 
Нэг талаас ганцаар дарангуйлах хүсэл эрмэлзэл, нөгөө талаас ард түмнээс сонгогдож байж эрхээ баталгаажуулж байгаа үндэслэл, гуравдагч талаас эдийн засгийн ядуу буурай байдал ба их гүрнүүдийн завсар оршиж байгаа байрлал зэргээс үүдэн Монголын сонгуульчлагдсан дарангуйлагч нар хамелеон мэт хувирах шаардлагатай болчихдог байна. Иймээс сонгуульчлагдсан дарангуйлагч нарын монголчилсон хувилбарын хамгийн зайлшгүй дүр төрх бол эрх баригчид олон нүүртэй байх явдал юм.
 
Өнөөдөр Монголд ардчилал эхлээгүйсэн бол МАХН-ын одоогийн удирдагчид өрсөлдөөнгүйгээр дахин эргэж сонгогддог социалист нийгмийн цөөнхийн засаглалын эзэд буюу МАХН-ын улс төрийн товчооны гишүүд байх байлаа. Тийм ч учраас тэд өөрсдийнх нь “эрсдэлгүй” ирээдүйг халхалж гарч ирсэн ардчиллын алтан хараацайнуудыг үзэн яддаг. Арван гурван жилийн өмнө амь насаараа дэнчин тавьж байж хүний эрх, эрх чөлөөтэй нийгмийг Монголд авчирсан хүмүүсийг тэд өнөөдөр хэн ч биш болгох гэж улайран дайрч, зөвхөн үүний төлөө хэдэн саяар нь хөрөнгө мөнгө цацахдаа харамладаггүй. Ер нь тэдний дотооддоо хийдэг гол үзэл суртал нь ардчиллын анхдагч нарыг гутаан доромжилж, хөрсөн дээр нь өөрсдийгөө шинэ ардчилагч нар болгон харуулах ажил байдаг юм. Гэтэл үнэн хэрэг дээрээ тэд ардчиллын төлөө яг юу хийсэн юм бол?
 
Ардчилалд хувь нэмэр оруулаагүй хэрнээ ардчилагч болж жүжиглэх нь одоогийн эрх баригчдын олон нүүрний дөнгөж эхлэл нь байдаг байна.
 
Олон нүүртний өөр нэг жишээ болгож Н.Энхбаярын малчдын ирээдүйн тухай байр суурийг авч үзье. Түүнд гадаадын олон сонин, сэтгүүл, телевизээс “Монголын үндэсний жинхэнэ баялаг болох нүүдлийн мал аж ахуйнхаа ирээдүйг яаж төсөөлж байна?” гэсэн асуулт тавьсан байдаг. Н.Энхбаяр хариуд нь Германы Долгион телевизэд өгч байсан хариулттайгаа нэн төстэй байдлаар “Та хэчнээн удаан хугацаагаар нүүдэлчин амьдарна төдий чинээгээр та байгалиас хамааралтай болдог.
 
Гаднаас хамааралтай нүүдэлчин удаан байх тусмаа та байгалиас улам хамааралтай болсоор байдаг. Тиймээс бид хот руу нүүх нь байгаль цаг агаараас хамаарал багатай болно гэж хэлж байгаа. Энэ нь бидэнд учирч байгаа бэрхшээлийг шийдвэрлэх нэг маягийн арга юм.” гэж удаа дараа хариулсан байдаг. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр нүүдлийн мал аж ахуй хоцрогдсон хэмээн эсэргүүцсэн орчин үеийн хотын шинэчлэгчийн дүр төрхийг харуулах гэсэн хариултуудыг гадаадынханд өгдөг юм.
 
Нөгөө талаар Н.Энхбаяр сонгогчидтойгоо уулзахдаа малчин удамтай, малд хайртай болж харагдахаа мартахгүй. Тэрээр малчдыгаа малаа хаяад хот руу нүүцгээ, та нарыг хотод сургууль, ажил, хөгжил хүлээж байна гэж хэлж чаддаггүй. Харин ч бүр малчдын хүүхдийг дээд сургуульд үнэгүй сургана, та нарыг малжуулна, малын түүхийн эдийг үнийг өсгөж өгнө, малчид та бүхэн бол Монголын эдийн засгийн гол онцлог, гол ачааг нуруун дээрээ үүрч байгаа хүмүүс гэж хэлэх шаардлагатай болдог.
 
Харин УИХ-ын танхимд суугаад шийдвэр гаргах замаар хэлсэн үгсээ ажил хэрэг болгох цаг тулгармагц хот суурин газар төвлөрч ирж байгаа малчдын тухай бүр ч ойлгомжгүй бодлого явуулдаг. Жишээлбэл, Газрын тухай хууль батлахдаа хотод шинээр ирж, оршин сууж байгаа хөдөөгийн иргэдэд хашааны газар олгохгүйгээр заасан байх жишээтэй. Хөдөөний хүн бол зөвхөн хөдөөнөө л газар авна, өөр сум, аймаг руу шилжин газар авч болохгүй гэсэн утгатай заалтыг баталсан байдаг.
 
Зөвхөн дээрх гурван байр суурийг харьцуулаад үзэхэд Н.Энхбаярын засгийн газар хотжилтыг дэмжээд ч байгаа юм шиг, эсэргүүцээд ч байгаа юм шиг, хотод ороод ирсэн малчдыг гадуурхаад ч байгаа юм шиг, эсвэл бүр өөрөө дуудаад аваад ирчихсэн ч юм шиг ойлгомжгүй байдал харагдаж байгаа юм.
 
Уг нь нээлттэй, ардчилсан, тунгалаг засаг хэлбэрээр ажиллах юм бол нийгэмд нэгэнт оршин байгаа демографийн хувьслын идэвхтэй үйл явцыг ил тод, тоо баримттайгаар зохицуулж, амьдрах газраа сонгоод хүрээд ирсэн иргэдээ чирэгдэлгүйгээр иргэний зохих бүртгэлд үнэ төлбөргүйгээр хамруулан, хүүхдүүдэд нь шинээр сургууль байгуулан өгч, нөгөө хүсээд байсан хотжих үйл ажиллагаагаа цэгцтэй явуулж, нэг ч өрх, иргэнээ гадуурхаж орхилгүйгээр газрын хувьчлалд шударгаар хамруулчихмаар санагдаж байгаа юм.
 
Гэтэл энэ үйл ажиллагааг ил тод хийж, бүртгэлжүүлэх нь эргээд л нөгөө сонгуулийн эрх ашигт нь нөлөөлчих гээд байдаг бололтой. Өөрөөр хэлбэл хөдөөнөөс орж ирээд “хууль бусаар” оршин сууж байгаа иргэдээ эрх мэдэл бүхий төрийн захиргааны байгууллагууд байнгын барьцаандаа байлгаж, тэдний саналыг хүсвэл авч хүсэхгүй бол орхих замаар сонгуулийн үр дүнд нөлөөлөн өөрт ашигтай үр дүнд хүрэх арга хэрэглэж байгаа нь нууц биш юм.
 
Өөр нэгэн хэн бүхний мэддэг жишээ бол Н.Энхбаярын хэлдэг “500 саяын хахуулийн” асуудал юм. Тэрээр сонгогчдынхоо өмнө их л баатар хүн болох гээд өөрт нь хэн нэгэн хүн 500 сая төгрөгийн хахууль өгөхийг оролдсон, тэр хүнийг өөрийнхөө өрөөнөөс хөөж гаргасан гэж ярьсан. Харин яг Их хурлын танхимд энэ асуудлыг албан ёсоор асуухад “тийм зүйл нийгэмд байгаа” гэдгээс илүү тодорхой зүйл хэлж чаддаггүйгээр барахгүй асуулт асуусан намайг эргэж дарамтлах оролдлого хийж байсан юм. Чухам 500 саяын хахуулийн эзнийг нуугаад байгаа юм уу, эсвэл сонгогчдодоо бас шударга хүн болох гэж жүжиглэв үү?. Харин юу тодорхой байна гэхээр Н.Энхбаяр ямар ч байсан үнэнийг хэлэхгүй байна гэдэг л ойлгогдож байгаа юм.
 
Өөрөөр хэлбэл худал үг, хуурмаг зан бол сонгуульчлагдсан дарангуйлагч нарын хамгийн түрүүн монголчилсон араншин юм.
 
Худлаа ч болсон хэмжээ хязгааргүй амлаж байгаад сонгуульд заавал ялах, худлаа мэдээлэл цацаж байгаад ард түмний тархийг угаах, хуурамч дүр төрхөндөө олон улсын төлөөлөгчдийг итгүүлэх нь сонгуульчлагдсан дарангуйллын зайлшгүй хэрэгцээ байдаг бөгөөд энэ нь аль ч улсын дарангуйлагч нарын түгээмэл араншин байдаг байна. Монголд ч энэ араншин нэгэнт өөрийн жишээ баримтаар хангалттай нотлогддог тул энэ тухай дэлгэрэнгүй нуршихыг орхиё.
 
Харин сонгуульчлагдсан дарангуйллын хамгийн том аюулт дайсан бол үнэн баримт бөгөөд чухамхүү үнэн баримтыг ард түмнээс нуухын тулд тэд төрийн мөнгө хөрөнгө, хүн хүчийг хайр найргүй зарцуулахад бэлэн болдгоороо сонгуульчлагдсан дарангуйлагч нар маш их хортой.
 
Тухайлбал ядуу орны маань ядуу эдийн засгаас татаж төвлөрүүлсэн ядруухан төсвийн хөрөнгө үзэл суртал, улс төрийн ухуулга сурталчилгааны зардалд явж, улс орныг улам бүр ядууруулах үүд хаалга нээгддэг байна. Мөн элдэв хүнд суртал, лиценз зөвшөөрөл, эрх мэдэл, хөрөнгө оруулалт, төсөв зарцуулалтыг эн тэргүүнд түрийвчээ зузаалах хэрэгсэл болгож, төсвийн мөнгөнөөс луйвардан түүнийг улс төрийн зорилгоор тараах ичгүүргүй араншин бол сонгуульчлагдсан дарангуйлагч нарын монголчилсон араншин юм.
 
Үүний тодорхой жишээ бол эрх баригчид улсын төвлөрсөн төсвөөс УИХ-ын гишүүдэд 760 сая төгрөгийн улс төрийн хахуулийг хоёр удаа тарааж, сүүлийн хэд хэдэн нөхөн сонгуулиудын тойрогт Засгийн газрын хуралдаан хийж төсвийн хөрөнгийг сонгуулийн кампанид зарцуулж ирсэн.
 
Ер нь дарангуйлагч нарын араншин хэзээд худал хуурмагийг агуулдаг бөгөөд харин Монгол шиг ядуу оронд дарангуйлал тогтоохыг эрмэлзвэл зүгээр ч нэг худал хуурмаг байх бус, харин бүр өрөвдөлтэй зальт, өөдгүй худал хуурмаг, хөрөнгөтэйн өмнө арчаагүй зусарч, хөрөнгөгүйн өмнө хатуу ширүүн гэсэн хоёр нүүртэй байх шаардлагатай болдгийг энд дахин хэлэхийг хүсч байна.

Сонгуульчлагдсан дарангуйллын төгсгөл

Сонгуульчлагдсан дарангуйлал сонгуулиар төгсдөг гэж дээр хэлж байсан билээ. Гэхдээ сонгууль нь ардчилал руу эргэлт буцалтгүй оруулна гэсэн үг хараахан биш юм. Сонгуульчлагдсан дарангуйллын үнэн нүүр царайг таньж чадсан ард түмэн л тэднийг сонгуулиар зайлуулж чаддаг байхад тэднийг таньж чадаагүй, тэдэнд дахин дахин хууртсан ард түмэн ч бас байдаг байна. Ийм орнуудад сонгуульчлагдсан дарангуйлал нь жинхэнэ ил тод дарангуйллаар төгсдөг.
 
Монгол оронд ил, сонгодог дарангуйллыг даах эдийн засгийн даац байхгүй гэдэг санааг би дээр хэлсэн. Өөрөөр хэлбэл сонгуулиар ард түмэн дахин хууртаж, сонгуульчлагдсан дарангуйллыг дахин баталгаажуулж, жинхэнэ дарангуйллыг тогтоох юм бол манай орны тусгаар тогтнол, хараат бус байдлын асуудал зайлшгүй хөндөгдөх болно.
 
Эцэст нь хэлэхэд Монгол Улсын улс төрийн хараат бус байдлыг эх орныхоо эрх ашигтай холбон авч үзвэл сонгуульчлагдсан болон аливаа бусад хэлбэрийн дарангуйлалд удаан оршин тогтнох орон зай Монголд байхгүй гэдгийг хэлэх гэсэн юм.
 
Эсвэл тусгаар тогтнол, эсвэл дарангуйлал, эсвэл ардчилал, эсвэл дарангуйлал гэсэн байдлаар асуудал тавигдаж байгаа оронд ардчиллыг эргээгээд дарангуйлал тогтоох хэрэгсэл болгон ашиглаж байгаа одоогийн эрх баригчдын үнэн нүүр царайг бүрэн илчилж таних, тэдний талаар эргэцүүлэн бодох нь улс төрч хүн бүрийн, эх орноо гэсэн иргэн бүрийн өмнө тулгарч байгаа хариуцлага болж байна.
 
Аливаа орны ардчиллыг зөвхөн сонгуулиар хэмждэггүй. Харин ч сонгуулийн дараах алхмууд ямар байна, сонгуулийн хоорондох үйл явцууд хэр зэрэг ардчилсан байдлаар өрнөж байна гэдгийг судлаачид сүүлийн үед ихэд анхааралтай ажиглах болжээ. “Хуучин социалист орнууд дахь сонгуулийн систем нь ардчилал хэдийн тогтчихсон баруун Европынхонтой адил ардчиллын гол хэмжүүр биш болжээ” гэж Петра Бендл, Аурел Гросан, Фридберт Рюб нарын хэсэг судлаачид саяхан дүгнэсэн байна.

Төгсгөлийн үг

Сонгуульчлагдсан дарангуйллын монголчилсон хувилбарын тухай өөрийнхөө дүгнэлтийг та бүхэнд хүргэхийг зорьсон энэхүү лекцээ би ардчилагч, дарангуйлагч хоёрыг ялгаж таних нэгэн энгийн харьцуулалтаар дуусгая гэж бодож байна.
 
Францын философич Волтерын хэлсэн үгийг та бүхэнд толилуулъя. Тэрээр хэлэхдээ, “Таны хэлж байгаа зүйлийг би үзэн ядаж байна, гэхдээ таны ингэж үгээ хэлэх эрхийг чинь хамгаалахын төлөө би үхтэлээ тэмцэх болно” гэсэн байх юм. Энэ бол ардчилагчийн хэлдэг үг гарцаагүй мөн.
 
Харин сонгуульчлагдсан дарангуйлагчид юу хэлэх бол? Тэд “Таны хэлж байгаа зүйлийг би үзэж ядаж байгаа учир таны үг хэлэх эрхийг хуулиар хориглож байна” гэх юм уу эсвэл “Таны хэлэх гэж байгаа үгийг би үзэн ядаж байгаа учир микрофоныг хаалаа”, эсвэл “Таны үзүүлж байгаа лоозонг би үзэн ядаж байгаа тул лоозонг чинь урж хаялаа” гэдэг юм.
 
Миний илтгэлийг сонсохоор хүрэлцэн ирсэн эрхэмсэг Хатагтай, Ноёд оо,
 
Ардчиллын үнэт зүйлсийг өмгөөлөн хамгаалж, ардчиллыг эргүүлж авчрах үйлсдээ улам их амжилт гаргахыг энэхүү хүндтэй индрээс та бүхэндээ хүсэн ерөөе!
 
2002 он