Олон зүйлийн зангилгаа тайлах учиртай “Оюу Толгой”-н төслийн хөрөнгө оруулагч талын хамгийн том босс нь болох “Рио Тинто”-ын Гүйцэтгэх захирал Сэм Уолш Монголд ирээд буцав.
Хэдийгээр түүний Монголд ирсэн зорилгыг ОТ төслийн хүрээнд нэг сая тонн зэсийн баяжмалаа экспортолсонтой холбон тайлбарлаж байгаа ч гацаанд ороод буй хэд хэдэн асуудлыг шийдэхээр ирсэн болов уу гэх хүлээлт бий болоод байгаа билээ.
Сэм Уолш өчигдөр ОТ уурхай дээр нэг сая тонн зэсийн баяжмал экспортолсон баярын арга хэмжээнд оролцож энэ төслийн хүрээнд ажиллаж буй нийт хамт олонд баяр хүргэсэн. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Уул уурхайн сайд Р.Жигжид арга хэмжээнд нь оролцсон юм.
Харин Сэм Уолшийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзах хөтөлбөр тусгагдсан эсэхийг албан эх сурвалжууд нууцалсаар байсан бөгөөд хэрвээ Ерөнхий сайдтай уулзахгүй буцвал төслийн гацаанд ороод байгаа олон асуудал асуултын тэмдэг хэвээр үлдэнэ хэмээж байв.
Харин өнөөдөр авсан мэдээллээр Сэм Уолш ноён Ч.Сайханбилэгтэй албан бус уулзалт хийсэн бөгөөд энэ уулзалтаар чухам юу ярьсан талаарх хэвлэлийн мэдээ цацах дээр албаны эх сурвалжууд тохиролцоонд хүрээгүй байгаа аж.
Нөгөөтэйгүүр Монгол Улсын Ерөнхий сайд энэ Ням гараг буюу дөрөвдүгээр сарын 5-ны өдөр олон нийтэд хандаж мэдээлэл хийхээр төлөвлөгдөөд байна.
Энэхүү мэдээллээрээ Ерөнхий сайд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил болоод өчигдрийн уулзалтын талаар албан ёсоор олон нийтэд мэдээлэл хийх байх хэмээх таамаглал бий болоод байгаа юм.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газарт ОТ-н хөрөнгө оруулагчдын зүгээс өргөн барьсан санамж бичгийг “Рио Тинто”-с Монголын Засгийн газарт төлөх шаардлагатай гэгдэх 30 сая ам.долларын татвар болон далд уурхайн санхүүжилтийн дөрвөн тэрбум ам.доллар зэрэг асуудлуудтай холбоотой тавьж буй эцсийн санал гэж ойлгож болох эсэх талаар Сэм Уолш Mongolian Economy сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хамгийн сайн боловсруулсан, мөн бидний зүгээс санал болгож байгаа эцсийн хувилбар болно. Бидний зүгээс дээрх санамж бичгийг тун боломжийн гэж харж байгаа. Мэдээж эцсийн шийд хүртэл боловсронгуй болгох олон зүйл бий. Ийм ч учраас хэлэлцээр үргэлжилсээр байна” гэсэн юм.
“Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал нь хүртэл Монгол Улсад өөрийн биеэр хүрэлцэн ирж гэрээг урагшлуулахаар чармайж буйгаа олон улсад харуулж чадлаа.
Хөрөнгө оруулагчдын зүгээс тавьсан энэхүү саналын дараа буюу өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхий сайд “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн зам:
Чухам ОТ-н хөрөнгө оруулагчдын зүгээс ямар ээдрээтэй санал тавьсан болоод Ерөнхий сайд ийнхүү олон нийтээс зөвшөөрөл авах болов гэдэг өдий хүртэл тодорхойгүй байсаар байна.
Татварын маргаантай асуудал нь эдгээрийн халхавч болж байгаа ч далд уурхайн санхүүжилттэй холбоотой өөр ямар асуудал байв гэдэг асуултын тэмдэг хэвээрээ байгаа юм.
Ямар ч байсан “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал нь хүртэл Монгол Улсад өөрийн биеэр хүрэлцэн ирж гэрээг урагшлуулахаар чармайж буйгаа олон улсад харуулж чадлаа.
Харин одоо Монгол Улсын Засгийн газар ямар мэдэгдэл хийх вэ гэдэг дотоодод ч олон улсад ч сонирхол татсан сэдэв болоод байна.
Энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт Монгол Улсын Эдийн Засгийн Форум болно. Ерөнхий сайд форумын үеэр ч ам нээлгүй байсаар Ням гарагт нь ийнхүү олон нийтэд хандан мэдээлэл хийхээр болоод байна.
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдрийн “Засгийн Газрын Мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа ОТ-н асуудлаар “Бидэнд далд уурхайн санхүүжилтийн асуудал хамаагүй. Ил уурхай дээр Монголын Засгийн газар өөрт хамаарах бүх асуудлаа шийдсэн. Одоо та нар далд уурхайгаа ажиллуул. Зээлээ аваад ажлаа эхэл. Монголын Засгийн газраас хамаарч байгаа юм байхгүй” гэх байр сууриа дахин бататгажээ.
Харин Сэм Уолш “Бид ямар нэг онцгой эрх хүсч, тусгай шаардлага тулгаагүй. Асар их хөрөнгө оруулалт хийгдэх ийм хэмжээний төслийг урагшлуулахад шаардлагатай тэр л алхмуудыг хийхийг зорьж байна. Монголын Засгийн газартай хамтран шийдэх асуудлууд дээр ажиллаж байгаа. Зөвшилцөлд хүрнэ гэж итгэж байна” гэжээ.
Хөрөнгө оруулагч тал Монгол Улсын Засгийн газарт ямар нэг онцгой эрх хүсч, тусгай шаардлага тулгаагүй харин Монгол Улсын Засгийн газар асуудлыг уяад байгаа мэт олон улсад ойлгогдохоор байгаа бол УИХ-ын даргын хэлж буйгаар бүх зүйл хөрөнгө оруулагчдаас хамаарч байгаа талаар хэдэнтээ мэдэгдээд буй.
Энэ бүх зангилааны дүнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Рио Тинтогийн захиралтай уулзаж ойлголцолд хүрч чадсан болов уу гэдэг сонин ч Риогийн зүгээс Монгол Улсад ямар нөхцөл шаардлага тавив гэдэг бүр ч их сонин …
Ч.БОЛОРТУЯА Bolortuya@ikon.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!