Өчигдөр буюу Даваа гарагт Орос, Украины засгийн газрын төлөөлөгчдийн хоёр дахь ээлжийн шууд яриа хэлэлцээ Туркийн Истанбул хотод болж өнгөрлөө.
Харьцангуй богино буюу нэг цаг гаруй хугацаанд өрнөсөн хэлэлцээрийн үр дүнд талууд гал зогсоох чиглэлд ахиц дэвшил гаргаж чадаагүй байна. Харин олзны цэргүүд болон алагдсан цэргүүдийн цогцос солилцох тохиролцоонд хүрчээ.
Украин болон түүний холбоотнуудын тавьж буй гол шаардлага нь “урьдчилсан болзолгүйгээр дор хаяж 30 хоног гал зогсоох” байсан юм.
Оросын тал энэ саналыг хүлээж авахаас татгалзаж, оронд нь фронтын зарим хэсэгт 2-3 өдрийн гал зогсоох хариу санал дэвшүүлжээ.
Дайтагч талуудын тохиролцсон зүйлс нь алагдсан 6,000 (нийт 12,000) цэргийн цогцсыг харилцан солилцох, өвчтэй, хүнд шархтай болон 25 нас хүрээгүй бүх олзны цэргийг харилцан солилцох байсан байна.
Мөн яриа хэлэлцээний үеэр Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрээс хүчээр ОХУ руу авч явсан хэдэн зуун хүүхдийн нэрсийн жагсаалтыг Украины төлөөлөгчид Оросын талд өгч, хүүхдүүдийг буцааж өгөхийг шаардсан тухай Киевийн албаны эх сурвалж мэдээлжээ.
Тавдугаар сарын 16-нд болсон эхний ээлжийн яриа хэлэлцээний үр дүнд талууд харилцан 1,000 олзны цэрэг солилцсон юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!