Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

З.Энхболд: Манай намын дүрмээр надад Ерөнхий сайд болох боломж байхгүй

open.parliament.mn
2015 оны 3 сарын 30
open.parliament.mn
Зураг зураг

“ЗГМ” сонины “Хоймор”-т энэ удаа УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд уригдлаа. Түүнтэй УИХ-ын үйл ажиллагаа, өнөөгийн улс төрийн нөхцөл, намуудын төлөвшил, АН-ын бодлого зорилт, анхаарал татсан томоохон асуудлаарх хувь улстөрчийн байр суурь гээд олон зүйлийг хөндөж ярилцав.

Тэр бидний асуултад илэн далангүй хариулт өглөө.

Бүх намууд хамтарч Засаг байгуулсныг иргэд зөв гэж үнэлж байна

-Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу. “ЗГМ” сонины урилгыг хүлээн авч, “Хоймор”-т маань заларсан Танд хамт олныхоо чин сэтгэлийн талархлыг өргөн дэвшүүлье. Чуулганы завсарлагаанаар Та орон нутагт ажиллаж, бас гадаадад айлчиллаа. Явсан газрынхаа сониноос, аяны богцныхоо олзоос хуваалцана уу.

-Дундговь, Өмнөговь аймагт ажиллаж, аймаг, сумын төвүүдэд иргэдтэй уулзаж, Оюу Толгойн уурхайн ажилтай танилцлаа.

Дундговь аймгийн Гурвансайхан сумын төвд хашаанд амьдарч буй айл хувийн байшин дотроо цэвэр бохир устай болчихсон байна. НҮБ, Азийн хөгжлийн банкны бага хэмжээний тусламж, төсвийн мөнгийг нийлүүлээд сумын төвийн усан хангамжийг сайжруулах төсөл хэрэгжиж байгаа юм. XXI зуун гарчихаад байхад манай хөдөөгийн сумын төвүүд цэвэр, бохир усны сүлжээгүй, хүй нэгдлийн гэмээр орчинд амьдарч байгаа шүү дээ.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 100 сумын усан хангамжийн асуудлыг шийднэ гэж тусгасны дагуу одоогоор төсвийн хөрөнгөөр 19 суманд ажил хийчихээд байна. НҮБ-ын төслөөр хэрэгжсэнийг оруулаад тооцох юм бол нийтдээ 30 орчим суманд ийм ажил хийгдээд байгаа.

Гурвансайхан сумынх хамгийн хямд буюу НҮБ-ын төслийн 2.0 тэрбум гаруй төгрөгөөр хэрэгжсэн. Сумын төвийн бүх байгууллага холбогдчихсон, гэр хорооллын айлуудын хажуугаар шугамаа татчихаж.

Хүссэн айл өрх холбогдоход бэлэн болжээ гэсэн үг. Энийг жишээ нь гэрэл гэгээтэй, олз тээсэн жишээнд оруулж болох байх.

XXI зуун гарчихаад байхад манай хөдөөгийн сумын төвүүд цэвэр, бохир усны сүлжээгүй, хүй нэгдлийн гэмээр орчинд амьдарч байгаа.

УИХ-ын үйл ажиллагааг танилцуулж, иргэдийнхээ санал бодлыг сонсож явлаа. Дундговь аймагт үндсэндээ сүүлийн 15 жил дамнан ган, зуд үргэлжилснээс нэлээд хэцүү байдалтай болчихоод байсан.

Малчид нь бэлчээр дагаж нүүдэллэсээр нутаг орноо ч мартах шахсан. Би Өвөрхангай аймгаас хоёр удаа сонгогдсон гишүүн учраас сайн мэднэ. Отор нүүдэл хийж яваа айлууд өвөлжиж, хаваржаад буцдаг бол 10 гаруй жил байнга амьдарч, яг л Өвөрхангайн айл шиг болчихсон жишээ олон бий. Сүүлийн хоёр жил харин бороо устай, өвс ногоотой болсон тул нутгаа орхисон олон айл буцан нүүж ирж, өвөлжөө бууц, ус гол нь эзэнтэй болжээ. Хэцүү жилүүд ийнхүү ард үлдсэн учраас нутгийн түмний сэтгэл санаа ч сэргэсэн байна.

Оюу Толгойн үйл ажиллагаатай танилцлаа. Бүтээн байгуулалтын ажил эхэлж байхад очиж байсан, сая бас очлоо. Гэрээ зөв, буруу болсон гэж хэчнээн ч жил ярьж байна даа. Гэтэл Өмнөговийнхон бол маргалдаж байх хооронд энэ үйлдвэр ажиллаж байна, цаашид ч ажиллуулах ёстой гэсэн миний байр суурьтай адил бодолтой байна. 3,000 Монгол хүн ажиллаж байна.

Нийт ажилчдын 95 хувь нь Монголчууд байна. “Эрдэнэт” үйлдвэрээс хоёр дахин их бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хэдэн зуун сая төгрөгийн татвар төлж байна. Анх үйлдвэрийн тоног төхөөрөмж орж ирж байхад төлсөн гаалийн татварыг нь оруулах юм бол 1.2 тэрбум ам.долларын татвар төлсөн гэж ярьдаг шүү дээ. Манай зэсийн экспортын хэмжээ хоёр дахин нэмэгдлээ.

Өмнийн говьд дэлхийн хамгийн том, тэргүүний таван үйлдвэрийн нэг байгуулагдаад үйл ажиллагаа явуулж байна. Энэ л бидэнд илүү чухал биз дээ. Мэдээж, гэрээнд эргэж харах, засах зүйл бий. Гэхдээ аливаа гэрээг хоёр тал хоёулаа зөвшөөрч, санал нийлж байж хийдэг. Н.Алтанхуягийн Засгийн газар гарангуутаа л гэрээг сайжруулах гэж оролдсон, нөгөө тал үгүй гэсэн.

Ингээд яриа хэлэлцээ зогсонги байдалд орсон. Одоо маргаж байхын оронд нийт баялгийнх нь 80 хувь байгаа гүний уурхайг хурдан ажиллуулахаа л бодмоор байгаа юм. Гүний уурхайг ашиглахад Монголын талаас саад болоод байгаа юм байхгүй. Түүнд шаардлагатай хөрөнгө мөнгө босгоход Монголын тал оролцохгүй байхаар гэрээ хийгдсэн.

Одоо ил уурхай дээр ажил хэвийн явж байна. “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой зэсийн баяжмал савлагдаад экспортлогдож байна. XX зуунд бидний хийсэн хамгийн том бүтээн байгуулалт “Эрдэнэт” байсан бол XXI зууны эхний жилүүдийн бахархал “Оюу Толгой” болж байна. Борлуулалтын хэмжээгээрээ Монголын хамгийн том компани болсон.

Өмнөговь манай хамгийн том уул уурхайн бүс нутаг. Уурхайнуудын заримынх нь үйл ажиллагаа зогсож, бүтээгдэхүүнийх нь үнэ ханш уначихсан, хэцүү л байгаа. Гэхдээ энэ байдлаас гарах арга замаа манай иргэд их зөв томъёолж байгаа нь анхаарал татсан. Бид ашигт малтмалын үнэ байнга өндөр байх юм шиг бодож, төсөөлж байсан нь ийнхүү мухардмал байдалд орууллаа. Тэгэхээр үнэ унасан нөхцөлд улсын эдийн засаг дагаад хямардаггүй байх аргыг бодож олъё. Үүний тулд уул уурхайн бус экспортоо нэмэгдүүлье.

Ноолуураа бүгдийг нь цамц болгож гаргая. Махаа урагш нь, хойш нь заръя. Ашигт малтмалын үнэ өндөр байх үед компаниуд өөрийгөө хөгжүүлж, шинэ бүтээгдэхүүн гаргадаггүй, уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сонирхдоггүй юм байна. Харин үнэ унаж, хөрсөн дээрээ буугаад ирэхээр улсын төсөв ундаргагүй болж, компаниуд ч бид байнга ингэж газар ухаад амьдарч болохгүй юм байна, чаддаг юмаа хийе гэсэн ухаарал авч байх шиг. Хэмжээ нь бага ч гэсэн бидэнд чаддаг, экспортолж болох зүйл олон байна гэж ярьж байна. Энэ бол олз мөн шүү.

-Засаг, төрийн үйл ажиллагааны талаар юу ярьж байх юм?

-Бүх намууд хамтарч Засгийн газар байгуулсныг сайн гэж үзэж байна. Намууд хэрэлдэж суухын оронд эдийн засгаа өөд татахыг бод.

Намууд хэрэлдэж суухын оронд эдийн засгаа өөд татахыг бод. 

Сонгуулийн үеэр л манай, танай нам гэдгээ ярьдаг юм байгаа биз гэж байна. Бид яг ийм зорилгоор улс төрөө хойш тавиад эдийн засгаа сайжруулъя гэсэн зорилготой хамтарсан Засаг байгуулсан л даа.

-Ази, Европт хийсэн айлчлал хэр үр дүнтэй болов?

-Төлөвлөсөн айлчлалууд. Чуулган завсарлалаа, би нэг буугаад мордъё гээд оччихдоггүй, жилийн өмнөөс төлөвлөгддөг ажил. Япон, Герман, Польш Улсад айлчиллаа. Япон, ХБНГУ бол манай гуравдагч хөрш. Нэг нь Азийн, нөгөө нь Европын холбооны, нөлөө бүхий хамгийн том эдийн засагтай улс орнууд.

Аль аль нь машин үйлдвэрлэл, аж үйлдвэрлэлийн салбараараа хөгжсөн. Аль алинд нь түүхий эдийн тогтвортой хангамж хэрэгтэй байгаа. Тэр нь манайд байна. Энэ хоёр улсын техник, технологиос суралцаж, түүхий эддээ хоёр, гурав дахь шатны боловсруулалт хийн, хэмжээ хэлбэрийг нь хувиргахад эдгээр улсуудын хөгжсөн эдийн засаг бидэнд хэрэгтэй. Дээрх гурван улстай манай улс төрийн харилцаа маш сайн байгаа. Харин эдийн засаг, худалдааны харилцаа хоцрогдонгуй байна. Худалдааны тэнцвэр алдагдсан.

Тиймээс хамтын ажиллагааны олон хэлбэрүүдийн талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо. Япон Улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг УИХ баталсныг дуулгалаа. Одоо Японы парламент соёрхон баталчих юм бол хэлэлцээр албан ёсоор үйлчилж эхэлнэ.

-Японы парламентаар батлагдаагүй байгаа юм уу?

-Тийм. Биднийг очих үеэр улсын төсвөө хэлэлцэж байсан. Төсөв хэлэлцэж байхад өөр асуудал ярьдаггүй шүү дээ. Хэлэлцээрийг ойрын хугацаанд батална гэж амласан.

-Хаврын чуулган удахгүй эхэлнэ. Ач холбогдол ихтэй, хариуцлагатай чуулган болно гэж олон нийт хүлээж байгаа болов уу. Олон чухал хууль, тогтоол хэлэлцэж таарна. Тэдгээрээс хамгийн чухлыг нь онцолж болох уу?

-Цагаан сарын өмнө, завсарлах үед хэлэлцэж байсан хуулиудаасаа эхэлж, үргэлжлүүлж хэлэлцэнэ. Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай гэх мэт.

Сонгуулийн тухай хууль, Намуудын тухай хууль, Намуудын санхүүжилтийн тухай хууль, Үндсэн хууль гэх мэт нэгээс илүү жил яригдаж, Ажлын хэсэг байгуулагдчихсан хуулиуд бүх чуулганаар хэлэлцэгдээд явж байгаа. Хаврын чуулганаар зайлшгүй хэлэлцдэг хэд хэдэн асуудал бий. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэнэ. Мөн 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг баталдаг.

2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг одооноос эхлэх учиртай. 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Санхүүгийн нэгдсэн тайланг баталдаг. Эдгээрээс цааш жагсаалтад багтсан хуулийн төслүүдээ хэлэлцээд, батлаад явна даа.

-Шинэ чуулганаар хэлэлцэх асуудлуудын жагсаалт гээд нэлээд урт зүйл гардаг. Гэтэл чуулган хуралдаад дуусахад олон хуулийг хэлэлцэж чадалгүй, дараагийнхад шилжүүлэх жишээтэй. Хэлэлцэж баталсан нь тун цөөхөн байх нь бий. Үүнийг иргэд манай УИХ-ын гишүүд тааруухан ажиллалаа, чуулганы үр дүн маруухан боллоо гэж хардаг. Ингэж үзэх нь хэр оновчтой вэ?

-Нэг хуулийн ганц үг, өгүүлбэрийг өөрчилсөн ч хууль баталж л байгаа юм. Эрүүгийн хууль гэх мэт том хуулийг хэдэн ч чуулган дамнуулан хэлэлцэж болно. Хамгийн сүүлд 2002 онд хэлэлцсэнээс хойш шинэчилсэн найруулгын түвшинд маш том өөрчлөлт хийх гэж байна шүү дээ.

Хууль болгонд зарцуулах цаг өөр, нормчлоход хэцүү. Чуулганы төгсгөлөөр энэ хуулиудыг яаран батлах хэрэггүй, нухацтайхан үзье гээд дараагийн чуулганд шилжүүлэх нь бий. Тэгэхээр төлөвлөгөөгөө биелүүлээгүй юм шиг харагддаг байх. Гэхдээ гишүүдийн олонх нь батлахгүй гэвэл батлагдахгүй үлдэж таарна.

Тэдэн сарын тэдэнд тийм хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гээд үйлдвэр шиг төлөвлөчихөж болдоггүй, онцгой байгууллага л даа, манай УИХ.

2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг одооноос эхлэх учиртай. 

-Эрүүгийн хууль ярьснаас нэг зүйл асуучихъя. Манай сэтгүүлчидтэй холбоотой юм л даа. “Гүтгэх” тухай зүйл анги. Сэтгүүлчдийг бичсэн зүйлийнх нь төлөө эрүүгийн хэрэг үүсгэдэг, барьдаг хорьдгоо болиоч гэж олон жил ярьж байгаа. Х.Тэмүүжингийн өргөн барьсан “Гэмт хэргийн тухай” хуулийн төсөлд байхгүй байснаа Д.Дорлигжав сайдын өргөн барьсан хуульд дахиад ороод ирж байгаа бололтой. Энэ талаар Таны байр суурийг сонсмоор байна.

-Ер нь бол хүн гүтгэж болохгүй. Гүтгэсэн хүнд ямар нэг хариуцлага ногдуулж таарна. Тэр нь эрүүгийнх байх уу, иргэнийх байх уу гэсэн сонголт л бий. Иргэнийх байх юм бол торгуулиа төлчихөөд л гүтгээд байж болох нь ээ дээ. Тэгэхээр нэг мөр байр сууриа илэрхийлэхэд хэцүү. Хуулийн төслийг харах хэрэгтэй. Хүн гүтгэчихээд зүгээр явж байдаг ёс энэ дэлхий дээр байхгүй. Манай чөлөөт хэвлэл төлөвшлийн замдаа мөн ч олон хүнийг гүтгэж, нэр төрийг нь гутаалаа шүү дээ. Ингэж хоолоо олж иддэг хэсэг бүлэг хүмүүс танай салбарт байгаа шүү. Хэвлэлийнхээ ёс зүйг баримталдаг танай сонин шиг байгууллага олон болоосой гэж хүсдэг.

Хуулийн төсөл ямар байдлаар өргөн баригдах нь нэг их чухал биш. Тэрэнд би анхаарал хандуулахгүй байгаа. Хууль яаж гарах вэ гэдэг л чухал. “Гүтгэх” гэсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хасъя гээд санал хураагаад баталчихаж болно шүү дээ. Х.Тэмүүжингийн үеийн, Д.Дорлигжавын өргөн барьсан хуулийн төслүүдэд харьцуулсан судалгаа хийлгэсэн. Бараг л ялгаагүй байна лээ. Сэтгүүлчид “гүтгэх” гэмт хэргээр яллуулахаа больё, торгуулдаг болъё гэвэл тэрийгээ гишүүдэд тайлбарла, ойлгуул, лообий хийсэн ч болно. Гэхдээ цаана нь гүтгэгддэг нэг хэсэг бий.

Олны танил урлаг, соёлынхон, Их хурлын гишүүд гэх мэт. Сэтгүүлчийн ёс зүйн дүрэм гээд та нарын өөрсдөө баталсан, 10 заалттай баримт бичиг бий шүү дээ. Та нар тэрийгээ цээжээр мэддэг байлгүй.

Тэрэн дотроо хамгийн чухал зүйл болгоод “Хүн гүтгэхгүй, хүний нэр төрд зориудаар халдахгүй, мэдээ мэдээлэлд нэр дурдагдаж буй хүнээс өөрөөс нь заавал асууна” гээд заачихсан байдаг юм билээ. Гэтэл энэ ёс зүйн дүрмээ мөрддөггүй сонин хэвлэл олон, зохиогоод биччихдэг сэтгүүлч цөөнгүй байгаа шүү. Залруул гэхээр үгүй гэнэ, тэгээд шүүх рүү очдог.

-Гэхдээ сүүлийн үед ийм байдал харьцангуй багасч байгаа байх аа?

-Тийм байгаасай. 90-ээд онтой харьцуулах юм бол харьцангуй сайжирсаан.

Ерөнхий сайдад сайдаа томилдог, өөрчилдөг эрхийг нь өгөх хэрэгтэй

-Энэ чуулганаар хэлэлцэж батална байх, хэрвээ одоо л батлахгүй бол сонгууль дөхөөд аль ч биш болж магадгүй гэж хүлээж байгаа хэд хэдэн хуулиуд байна л даа. Жишээ нь, Сонгуулийн тухай хууль...

-Сонгуулийн тухай хуульд тийм том өөрчлөлт орохгүй. Хамгийн том өөрчлөлт гэвэл олон мандаттай тойргийг нэг мандаттай болгох дээр гишүүд санал нэгдэж магадгүй.

Бас сонгуулийн маргаан шүүхээр хэдэн жил үргэлжилдгийг болиулж, тэр дор нь шийддэг болно. Өөр онцгой өөрчлөлт хэрэггүй.

Сонгуулийн тухай хуульд тийм том өөрчлөлт орохгүй. 

Сонгууль болгоноор хуулиа өөрчлөөд байж болохгүй. Сонгуулийн зардлыг багасгах талаар тодорхой заалтууд орох байх.

Европын болон Барууны орнуудтай харьцуулахад бид замбараагүй их мөнгө зардаг. Америкаас л арай бага байх. Нэр дэвшигчдийн нэгдсэн танилцуулга хэвлэх тухай ч ярьж байгаа. Орон нутгийн сонгуультай хамт явах учраас нийт нэр дэвшигчийн тоо 10000 орчим л байна байх.

-Бүх шатны сонгууль цуг явах нь ээ дээ?

-Тийм. Нийслэлийнх цуг явдаг. Аймгуудынх намар явдгийг нааш нь татъя гэж байгаа. Нэг саналын хуудсан дээр УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ хамт бичээд явуулж болно. 2012 оны зун ингэж үзсэн шүү дээ. Цаг, мөнгө, хяналтын зардал маш их хэмнэгдэж байна лээ.

-Тойргоос хэд нь, жагсаалтаар хэд нь сонгогдох вэ гэдэг тоон дээр өөрчлөлт орох уу?

-48:28 хэвээрээ байна байх. 48 нь нэг мандаттай тойргоос сонгогдоно. Ийм хувилбар батлагдах магадлал өндөртэй. МАН жижиг 76 гээд байгаа. Тэр батлагдахгүй биз ээ. Энэ бол холбирдог тогтолцоо. 2000 онд нийт сонгогчдын 51 хувийн саналаар МАХН 76 суудлын 72-ыг авч байлаа шүү дээ.

49 хувийн санал авсан хэсэг нь дөрөвхөн суудалтай байж болохгүй л дээ. Ялимгүй цөөхөн саналаар илүү нь л ялагч болоод явчихдаг АНУ, Англи маягийн ийм тогтолцоонд хэтэрхий савалт үүсээд байгаа тул Монголын нөхцөлд тохирохгүй нь харагдсан. Тиймээс холимог тогтолцоотой байя гэж байгаа юм.

-Үндсэн хуулийг өөрчлөх Ажлын хэсгийн ажил ямар шатандаа яваа вэ? Тодорхой ямар өөрчлөлтүүд орох байх гэж Та харж байна?

-Ажлын хэсэг хоёр удаагийн хуралдаан хийчихээд байгаа. Бас л том хэмжээний өөрчлөлт хийх боломжгүй, хийх ч шаардлагагүй. Сумын Засаг даргыг нийт ард иргэдийн саналаар сонгодог байх, аймгийн ИТХ-ыг бүрдүүлэхдээ сумын ИТХ-даа хамгийн олон санал авсан хүмүүсээс сумын иргэдийн тоотой нь харьцуулаад сонгодог болох гэх мэт сонгуулийг илүү хялбаршуулах зүйлүүд орох байх.

УИХ-ын гишүүн сайдаар ажиллахгүй гэдэг заалт орно. Зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болно. Тэгэхээр УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүс сайд болохгүй гэсэн сонголтоо хийгээд нэр дэвшинэ. Сайд болъё гэсэн нь үлдэнэ, намынхаа сонгуулийн ажилд тусална, дараа нь сайд болох эсэх асуудлаа ярих хэрэгтэй.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмье гэсэн санал яваад байгаа юм байна лээ. Тэр юу болох бол?

-Нэмье гэдгийг дэмждэг нь ч байна, дэмжихгүй нь ч бий. Нэг их чухал асуудал биш.

-Таны байр суурь ямар байгаа вэ?

-Ер нь бол 76 гэдэг тоог тогтоож байх үед манайх 2.0 сая хүнтэй байсан. Сая бид гурван сая дахь иргэнээ тосож авлаа. Хоёр сая хүнтэй байхдаа 76 байсан юм бол гурван сая болсны дараа хэд байх хэрэгтэй вэ гээд хувилаад үзэх юм бол 99-100 болдог юм. Гэхдээ тоо чухал биш, хууль тогтоох ажлын чанар чухал л даа.

-Ерөнхийлөгчөө УИХ-аас сонгодог болох хувилбар яригдаж байгаа байх аа?

-Тийм ээ. Манай Үндсэн хуульд засчихмаар хэдэн заалт байдаг юм. 1992 оны Үндсэн хуулийн төсөл анх орж ирж байхдаа Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байхаар байсан юм. Одоо ч гэсэн тэр заалтууд нь хэвээрээ. Хэлэлцүүлгийн явцад Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шат буюу бүх ард түмнээс сонгогддог байх заалтыг нэмчихсэн.

Одоо Ерөнхийлөгчөөр сонгогдлоо гэдгийг баталгаажуулсан эцсийн шийдвэрийг УИХ хэлдэг шүү дээ. Та нар санаж байгаа байх, сүүлийн сонгуулийн дараа Чингис хааны хөшөөний өмнө “Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцож, тангараг өргүүлсүгэй” гэсэн тогтоолыг УИХ гаргаж, би уншсан.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгууль манайд хоёр шаттай байгаа юм. Нэгдүгээр шатнаас хамгийн олон санал авсан хүнийг хоёрдугаар шатанд буюу УИХ “Ерөнхийлөгч мөн” гэж үзэж, шийдвэрээ гаргадаг. Үндсэн хууль анх өргөн баригдсан хэлбэрээр нь Ерөнхийлөгчөө УИХ-аас сонгодог болгоход болохгүй юм байхгүй. ХБНГУ-ын жишээ байна. Герман бол Холбооны улс. Сая би Бундестаг буюу Холбооны улсын парламентад нь зочилсон.

Тэрний дээр Дээд танхим маягийн, зөвхөн Ерөнхийлөгчөө сонгодог Бундесрат гэж байгууллага байдаг. Тэнд Бундестагийн гишүүдтэй тэнцүү тооны гишүүдийг Холбооны муж улс бүрийн парламентуудаас эдийн засгийн хүчин чадал, хүн амын тоотой нь харьцуулж сонгож ирүүлээд Бундестагийн гишүүдтэй хамтарч Ерөнхийлөгчөө сонгодог юм байна. Сонгогдсон Ерөнхийлөгч нь манай Ерөнхийлөгчийн зиндааны л эрх мэдэлтэй. Ер нь манай Үндсэн хууль, ХБНГУ-ын Үндсэн хууль хоёрт адил төстэй зүйл олон бий.

Гишүүнийг шууд сонгоно, гэхдээ холимог системтэй, 50 хувь нь тойрогтой, 50 хувь нь тойроггүй гэх мэтээр. Намуудын санхүүжилтийн тухай хууль, Улс төрийн намуудын дэргэдэх сангийн тухай хууль зэргийг үнэнийг хэлэхэд Германаас хуулбарлах маягаар авах гэж байгаа. Нэгэнт Европын холбооны стандартыг нутагшуулъя гэж байгаа тохиолдолд энэ мэт зүйлийг шууд авахад болохгүй зүйлгүй. Манайх Сонгуулийн хуулийнхаа холимог тогтолцоог бас л Германаас авсан.

Бид Ерөнхийлөгчөө сонгохдоо УИХ дээр нэмэх нь орон нутгийн иргэдийн төлөөлөл гэсэн хувилбар хэрэглэхэд болохгүй гэх зүйл байхгүй. Яагаад ийм өөрчлөлт оруулъя гэж бодоод байгаа юм гэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал дийлдэхээ байчихаад байна. Нэг хүн сонгох гэж маш их зардал гаргаж байгаа. Ерөнхийлөгч нийт ард түмнээс сонгогдлоо гээд хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын эрх байхгүй. Ийм байхад тийм их мөнгө зарах хэрэг байна уу, үгүй юү гэсэн асуудал байгаа.

Манайд Ерөнхий сайд эрх мэдэл муутай. Японы Ерөнхий сайд өөрийнхөө хүссэнээр сайд нараа өөрчилж болдог. Парламенттайгаа санал нийлэхгүй бол парламентын ээлжит сонгуулийг зарлах эрхтэй байдаг. Манайд байдаггүй нэг зүйл бол тэнд Эзэн хааны институци байгаа. Эзэн хаан Ерөнхий сайдын мэдүүлснээр сайдыг нь томилдог.

Манайх тийм болгох гээд Ерөнхийлөгчид Эзэн хаан шиг эрх мэдэл өгөлтэй биш. Ийм тогтолцоо нэг их олон биш. Англид байдаг ч тэр нь шал өөр. Тэгэхээр бид Германы тогтолцооноос санаа авсан л бол тэр замараа л явсан нь дээр гэж бодож байгаа юм. Гэхдээ ХБНГУ-ын Канцлерт ээлжит бус сонгууль зарлах эрх байхгүй.

Бид ямар ч байсан Ерөнхий сайдад сайдаа томилдог, өөрчилдөг эрхийг нь өгөх хэрэгтэй гэж би хувьдаа бодож байгаа. Сайд болгоныг Их хурлаар баталдаг, сайдуудаас нь шүд сугалах гэж ярьдгаар огцруулдаг байдал буруу. Засгийн газар Кабинетийн зарчмаар ажиллана гэсэн Үндсэн хуулийн нөгөө заалтаа зөрчөөд байгаа юм.

Эцсийн хариуцлагыг Ерөнхий сайд өөрөө л хүлээнэ. Ерөнхий сайд жишээ нь, би Доржийг Боловсролын сайдын ажлыг бүрэн дүүрэн хийж чадна гэж бодож байна гээд оруулаад ирэхэд нь УИХ унагадаг юмаа гэхэд томилох эрхийг нь Ерөнхий сайдад үлдээе гэсэн саналтай байгаа. Гэхдээ УИХ-ын 90 хувь нь томилохгүй гээд байхад зөрөөд томилоод байж бас болохгүй нь ойлгомжтой л доо.

-Дордуулсан долоон өөрчлөлт бүгдээрээ буцах уу?

-Бүгдийг нь буцаахгүй болов уу. Жишээ нь санал хураалтыг ил болгосныг буцаах хэрэггүй байх. Ерөөсөө нууц санал хураалтын ард нуугдах ямар хэрэг байгаа юм бэ. Парламентын үйл ажиллагаа ил тод байх ёстой шүү дээ.

-Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулийн ерөнхий зарчим дээр иргэд олон нийт нэлээд эерэг байр суурьтай байх шиг байна. Улс төрийг эрүүлжүүлэх, Засаг төрөө өнгө мөнгөнөөс хамааралгүй болгоход санхүүжилт нь ил байх зарчим нийцнэ гэж үзэж байна л даа.

-Том компаниудын халаасанд орох уу, гишүүд дэмжигчдийнхээ хяналт, улсын төсвийн дэмжлэг дээр байх уу гэсэн сонголтын асуудал л даа. АНУ том компаниудынхаа халаасанд орчихсон, түүнээсээ гарах гэж сүүлийн 50 жил үзээд ч амжилт олохгүй байна. Дахиад л нөгөө Европын тогтолцоо манайд илүү таараад байгаа юм.

Намын гишүүн хүн цалингаасаа, тогтоосон хувь хэмжээгээр намдаа татвар төлдөг манай бүр хуучны арга одоо болтол Европт байсаар байна. Одоо манай намуудын гишүүдээсээ авдаг татвар санхүүжилтэд маш өчүүхэн хувь эзэлж байгаа.

Европт улс төрийн намуудын дэргэдэх санг улсын төсвөөс санхүүжүүлж байна. Ардчилсан намын дэргэдэх сан байлаа гэхэд ардчилсан үзэл санааг улс орон даяар түгээн дэлгэрүүлэх ажил хийж байдаг, Социал демократ намын сан болохоор социал демократ үзэл гэж ийм юм байдаг, үүгээрээ бид бусдаас ялгаатай гэх мэтээ таниулж, ойлгуулж байдаг юм билээ.

Энэ зорилгоор төсвөөс өгсөн мөнгийг намын санхүүжилтэд тооцдоггүй. Намын санхүүжилтэд өгөх мөнгө нь гишүүдийн татвар, дэмжлэгийн мөнгөнөөс заавал бага байх ёстой гэсэн хуультай юм байна лээ. Компаниудаас авах хандивыг ч хязгаарлачихсан байдаг.

-Намуудын нэгдсэн байрны тухай асуудал хуулийн төсөлд яригдах болов уу?

-Намуудын өмч хөрөнгийн тухай асуудлыг Намуудын тухай хуулиар шийднэ. Намуудын хувьд зарим нь өмч хөрөнгөтэй байх ёстой гэдэг, зарим нь өмчөөр яадаг юм, МАН-ын цагаан байрыг худалдаж аваад бүх намыг оруулчихъя, тэртэй тэргүй улсын төсвийн мөнгөөр барьсан байшин шүү дээ гэдэг.

Улс төрийн намын Төрийн бус байгууллагаас ялгаатай нь төрийг бүрдүүлдэг институци тул байрны зардал нь улсын нуруун дээр байх ёстой гэх мэт янз бүрийн үзэл бодол байна. Ийм асуудлуудыг санал хурааж олонхоороо л шийдэхээс УИХ-ын дарга нь “Ийм хууль гаргана. МАН-ын цагаан байрыг хурааж авна” гэж хэлж болохгүй.

-Парламент Дээд, доод танхимтай байх санал хэр оновчтой вэ?

-Манай хувьд зохимжгүй байх. Энэ бол түүхэн уламжлалтай л холбоотой юм байна лээ. Холбооны улсад хүссэн хүсээгүй хоёр танхим байна. Тэрэндээ ямар эрх мэдэл өгч вэ гэсэн ялгаа л байдаг. АНУ-д муж улс болгон өөрийн хууль тогтоох институцтэй. Муж улс болгон тус бүр хоёр төлөөлөгчийг Сенатдаа илгээнэ.

Сенат нь Конгрессийн шийдвэрийг өөрчилдөг, хүчингүй болгодог, буцаадаг эрх мэдэлтэй. Франц мэтийн улсад хаант засгийн үед Хааны эрх мэдлийг хязгаарлах гэж Сенат байгуулж байжээ. Польш бас Сенаттай. Гэхдээ Холбооны улс биш учраас Сенаттай байх уу, болих уу гэдэг асуудлаар олон жил маргалдаж байгаа. “Энэ бол түүхэн уламжлалтай холбоотой зүйл. Долоон зууны өмнө 1400-гаад оны үед байгуулагдсан зүйлийг хөндөж яах юм бэ” гэсэн хэсэг байхад “Тэр үеийн Хаан одоо байхгүй байхад хэрэггүй. Хууль тогтоох хугацаа хоёр дахин удааширч байна шүү дээ” гэх мэтээр маргадаг аж.

Монгол Улс бол нэгдмэл улс. Холбооны улс биш. Тиймээс нэг танхимтай байх нь хамгийн тохиромжтой. Нэг зүйлийг хэлэхэд, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, үгүй юү гэдэг дээр манай ард түмний дийлэнх олонх нь “Үгүй” гэж байгаа. Ер нь бол бид Үндсэн хууль дахь засаглалын эрх мэдлийг хөндөх эрхгүй. Б.Чимид гуайн амьд сэрүүн байхдаа батлуулсан “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай” хууль дотор хөндөж болохгүй гээд заачихсан зүйлийн нэг.

-Ноён уулын тухай асуулгүй өнгөрч болохгүй нь. Нэг мөр ойлголт алга байх шиг. УИХ уг нь шийдвэрээ гаргачихаа биз дээ?

-Тийм ээ. Стратегийн ордод багтаачихсан. Тэгэхээр “Урт нэртэй” хуулийн үйлчлэлд хамаарахгүй болчихож байгаа юм. Ашиглах эрхийн “А” лиценз нь тэр аж ахуйн нэгждээ байгаа. Тэгэхээр ашиглах шийдвэр гарчихсан гэсэн үг. УИХ бас нэг хууль баталснаар стратегийн орд эзэмшиж байгаа компаниудад сонголт бий болсон.

Төрд 34 юм уу, 51 хувиа өгнө, эсвэл тусгай роялти төлж болно. Тусгай роялтигийн хэмжээ нь 0-5 хүртэл хувь байна. Засгийн газар тухайн аж ахуйн нэгжтэй гэрээ хийхдээ үүнийгээ тогтоно, тусгай роялти төлж байгаа тохиолдолд 34 хувиа авсантай адилд тооцно гэж баталсан. Тэгэхээр энэ хуулийг Гацууртын орд дээр хэрэглэж болно. Гэрээ нь Засгийн газар дээр хийгдэж байгаа. Бусад алтны компаниудаас илүү татвар төлнө гэсэн үг л дээ.

-Нутгийн иргэдийн саналыг сонсоно. Хэрвээ тэд ашиглуулахгүй гэвэл яах ч арга байхгүй гэсэн зүйл бас яригдаад байгаа биз дээ?

-Би бол үүний эсрэг байгаа. Иргэдийн үгийг сонсох хууль бол бий. Газар дор 70 тонн алт байгааг мэдсээр байж хараа хяналтгүй орхиж болохгүй. Хяналтгүйгээр, хууль бусаар алт олборлосон жишээ олон бий. “А” лицензээ өгчихсөн, хууль ёсны компаниар ухуулж ашиглах уу, эсвэл хулгайд алдах уу гэсэн хоёр сонголтын өмнө л бид байгаа.

Хууль бус нинжа нарт Монголын төр, түмний мэдлийн баялаг болсон алтыг хулгайлуулах эрх УИХ-д байхгүй. Ноён уулын булш гэж яриад байгаа зүйл чинь Гацууртын ордоос хол, зайтай байгаа. Хоорондоо холбоогүй юмыг хольж яриад байх хэрэггүй л дээ. Ноён уулын булшин дор бага хэмжээний алт бий. Тэнд үйл ажиллагаа явуулж байгаа Монголын компани олдворыг хуулийн дагуу өөрийнхөө хөрөнгөөр илрүүлж, гаргаад музейд тушаах үүрэгтэй. Хэрвээ тийм ажил хийхгүй бол тэдэнд алт олборлох эрх өгөхгүй. УИХ ямар нэгэн хөдөлгөөн, холбоо, нинжа нарын үгийг сонсоно. Тэгэхдээ хуулийн дагуу л шийдвэрээ гаргана.

-Оюу Толгой төслийн гацаа хэзээ тайлагдах бол? Яг юун дээр очоод гацчихсан бэ?

-“Рио Тинто”-гийн ерөнхий захирал Сэм Уолш ирж байгаа. Би Ерөнхий сайдад асуудлаа хурдан шийд. “Бидэнд далд уурхайн санхүүжилтийн асуудал хамаагүй. Ил уурхай дээр Монголын Засгийн газар өөрт хамаарах бүх асуудлаа шийдсэн. Одоо та нар далд уурхайгаа ажиллуул. Зээлээ аваад ажлаа эхэл. Монголын Засгийн газраас хамаарч байгаа юм байхгүй” гэж хэл гэж байгаа. Би ийм л байр суурьтай байгаа.

Аливаа уурхай төмөр замаа өмчилж болохгүй гэдэг сургамж бол дэлхий нийтийнх

-Таван Толгойн дээр хийж байгаа гэрээ бас л зогсчихлоо...

-Төмөр зам хөрөнгө оруулагчдын мэдэлд биш, тусдаа байхаас өөр арга байхгүй. Гэрээн дээр яригдаж буй, төмөр зам нь төслийн бүрэлдэхүүн хэсэг байна гэсэн нөхцөл урьд нь УИХ-аар баталсан хууль, шийдвэрүүдийг зөрчөөд байгаа юм. Хэрвээ тэгж шийднэ гээд байгаа юм бол УИХ-ын өмнө гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгох саналаа оруулж ир гэж Ерөнхий сайдад хэлсэн. Миний хувьд төмөр зам, уурхай хоёр хамт байж болохгүй гэдэг 10 жилийн өмнөх байр суурин дээрээ хэвээрээ л байгаа.

Тэр төмөр замаар зөвхөн нэг уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэж болохгүй. Жишээ хэлье. “Энержи ресурс” гэдэг компани дангаараа урд хил рүү засмал зам тавьсан. Тэр замаар явж байгаа өөрийнхөө машинд нэг тариф тавиад, бусдын машинаас илүү татвар авдаг байсан. Яг ийм зүйл болох учраас Таван Толгой Монгол Улсынх байсан ч өгч болохгүй л гэж үзэж байгаа. Төмөр зам нэг төрлийн, уурхай нөгөө төрлийн, тусдаа бизнес. Нүүрсний үйлдвэрлэл бол үнэ нь дээш доош хөдөлж байдаг бизнес.

Төмөр зам бол нүүрсний үнэтэй огт хамаагүйгээр нэг тонн ачаа тээсэн тохиолдолд ямар үнэ тарифтай байх вэ гэдгийг хуульчлан тогтоодог, түүнээ тогтвортой мөрддөг ажил. Тийм ч учраас төмөр зам бол хувьцааных нь ихэнх хэсэг төрийн мэдэлд байх стратегийн чухал салбар мөн гэж УИХ шийдвэрээ гаргасан. Тэр төмөр замаар олон төрлийн бараа бүтээгдэхүүн нэг тарифаар тээвэрлэгддэг байх нь улсын эдийн засгийн ашиг сонирхолд нийцнэ. Тэрнээс төмөр зам тавьсан нэг компанийн ачааг хямдхан зөөх зориулалттай байж болохгүй.

-Таван Толгойн гэрээг УИХ-аар оруулж батлуулах шаардлагагүй, Засгийн газар гэрээгээ хийгээд л яваг гээд байгаа нь зөв үү?

-УИХ-аас баталсан хууль, шийдвэр хүчин төгөлдөр байгаа нөхцөлд тэрийг өөрчилж байж л цаашаа явна. Миний бодлоор бол Засгийн газар юу ч хүслээ гэсэн УИХ баталсан бодлогоо өөрчилж болохгүй. Ингэхгүй бол яг Австрали шиг алдаа гаргана. Австралид “BHP” компани эх газраас далайн боомт хүрэх төмөр зам барьчихаад өөрийнхөө нүүрсийг хямдхан явуулж, бусдын нүүрсийг өрсөлдөгч гэж үзээд тээвэрлэхгүй, хориг тавьчихаад байсан. Засгийн газар нь яаж ч оролдоод дийлээгүй тул хажуугаар нь дахиад нэг төмөр зам тавих шийдвэр гаргасан. Энэ бол аливаа уурхай төмөр замаа өмчилж болохгүй гэсэн сургамжийг дэлхий нийтэд өгсөн жишээ.

-Монгол Улсын иргэдийн олонх нь Таван Толгойд 1,072 ширхэг хувьцаатай. Гэхдээ бид хувьцаанаасаа ногдол ашиг хүртэж чадах юм уу?

- Одоо явж байгаа гэрээгээр бол чадахгүй юм байна лээ. 1,072-ыг чинь ерөнхийдөө 1,000,000 төгрөгний багцаанд бодож өгсөн юм. Хэрвээ та нэг сая төгрөгийг банкинд аваачаад хийчихвэл 150,000 төгрөг хүүд нь аваад байна гэсэн үг.

Манай банкны хадгаламжийн хүүгийн хэмжээ дэлхийд байхгүй өндөр шүү дээ. 150,000-аа гурван сая хүнээрээ үржүүлэх юм бол 450 тэрбум төгрөг болох нь. Тэгэхээр Тавантолгой 450 тэрбумын ногдол ашиг өгч чадахгүй л юм бол нөгөө нэг сая төгрөгийн өгөөж байхгүй болчихож байна аа даа.

Одоо төрийн өмчит “ТаванТолгой” компани бизнес хийхээ больчихно. Захирал, нягтлан гэх мэтийн цөөхөн орон тоотой, хуулийн компани л болж хувирах юм байна лээ. Бүх ажлыг ялсан консорциум хийгээд “Таван Толгой” ХК-д хоёр хувийн борлуулалтын тусгай роялти өгөхөөр гэрээний төсөлд тусгасан байгаа.

Гучин сая тонн нүүрсийг өнөөгийн ханшаар тонн тутмыг нь 84 орчим ам.доллараар экспортолно гэж тооцвол “Таван Толгой” жилдээ 25 сая ам.долларын орлого олдог компани байна. 25 сая доллар буюу 50 тэрбум төгрөг, 450 тэрбум төгрөгийн хооронд мөн ч их зөрөө байгаа биз.

Тэгэхээр консорциумаас өгөх роялтигийн хэмжээг 200 орчим сая ам.доллар буюу 450 тэрбумд дөхүү байлгах саналыг би тавьж байгаа. Ингэж чадвал бид иргэддээ банкны хүүтэй ойролцоо хэмжээний ногдол ашиг хуваарилаад байх боломж бий болно. Тэр нь гаргаж байгаа тонн нүүрс тутмаас таван ам.доллар аваад байхад л боломжтой. Гэтэл нөгөө консорциум үгүй гээд байгаа гэсэн. Тэгвэл ерөөсөө ийм гэрээ хийж яах гээд байгаа юм бэ л гээд байгаа юм.

-Ер нь гэрээний асуудал нэлээд эвгүй гацаанд орчихсон уу?

-Түрүүчийн Засгийн газрын “Чалко”-той хийсэн гэрээнээс болоод л гацчихсан. Дээр нь миний сая ярьсан төмөр зам уурхайгаасаа тусдаа байна гэсэн шаардлага байгаа. Нөгөө тал уурхай сонирхохоос илүү нүүрсний үнэ унахаас хамаардаггүй салбар буюу төмөр замыг сонирхоод байх шиг байгаа юм.

-Та УИХ-ын даргаар гурав дахь жилдээ ажиллаж байна. Хэр төвөгтэй ажил вэ? Цуглуулах, хуралдуулахаас эхлээд “гахай хариулах”-тай адил ажил юм байна даа гэсэн бодол төрдөг. Ер нь амаргүй биз?

-Би оногдсон үүргээ биелүүлж, ажлаа л хийж байна гэж боддог. Амар, хэцүү гэж элдэв шалтгаан тоочиж, тайлбар хэлэх шаардлага байхгүй. УИХ-ын чуулганы хуралдаанд гишүүдийг цуглуулах, хуралдуулах тухайд бол сонгогчид нь сонгосон гишүүнээ хуралдаа сууж байгаа эсэхийг харах хянах бүрэн боломжийг олгосон.

Гишүүдийн үйл ажиллагаа иргэдэд аквариум доторх загас шиг л ил тод байгаа. Гишүүндээ ямар дүн тавих, дахиж сонгох уу, эс сонгох уу гэдэг нь иргэдийн эрхийн асуудал. Чуулганы ирц бол сайжирсан. Гэхдээ энэ бол нэг талын асуудал. Цаана нь олон зүйл бий. Тухайн гишүүний биеэ авч явах байдал, ажлын үр бүтээл, асуудалд хандах арга барил, ажлын үр дүн, ажилдаа чин сэтгэлээс хандаж байна уу, эсвэл популизм хийгээд суугаад байна уу гэдэгт тойргийн сонгогчид нь дүнгээ тавиад л сууж байгаа байх.

-Таны удирдаж байгаа парламентын бусдаас ялгарах онцлог юу вэ?

-Олонхгүй Их хурал. Арга ядаад бүгдээрээ нийлж Засгийн газраа байгуулж байна шүү дээ. Ийм олонхгүй Их хурал 20 жилийн түүхэнд хоёр дахь удаагаа тохиож байна. Өмнө нь 2004-2008 онд бас нэг ийм Их хурал байсан.

-Оны өмнөхөн Та АН-ын дарга боллоо. 2008 онд Намын даргын төлөө Н.Алтанхуягтай өрсөлдөөд ялагдаж байсан. Гэхдээ би АН-ыг удирдана гэсэн зорилго Танд байсан биз?

-Байсан. Тэрийгээ ч нуугаагүй. Өмнө ярьж хэлж байсан зүйлүүдийг үзэх юм бол тэнд тодорхой байгаа.

Одоогийн нөхцөлд намуудын дарга нар УИХ-даа байх нь зөв

-Засаг барих үедээ АН-ын дарга нар дандаа Ерөнхий сайд байсан. Зарим тохиолдолд Ерөнхий сайд болчихоод Намын даргаа авдаг байлаа. Одоо бол өөр байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь Намаа даргалаад явах нь илүү зохимжтой гэж ярьдаг л даа. Гэтэл Та яагаад өөр сонголт хийсэн юм бэ?

-Манай намын дүрэмд “Сонгуульд ялбал”, “Ялагдвал” гэсэн бүлгүүд байдаг юм. Гэтэл энэ удаагийн “хамгийн олон суудал авсан” тохиолдол нь ялсан, ялагдсан хоёрын дундуур болчихлоо. Манай Үндсэн хуулиар олон суудал авсан нам Ерөнхий сайдын суудлаа аваад, бусадтай хамтарч Засгийн газраа байгуулах эрхийг л өгдөг.

Бид 39 буюу түүнээс дээш суудал авч чадаагүй. Тэгэхээр сонгуульд ялбал Намын дарга нь Ерөнхий сайд байна гэсэн манай намын дүрмийн заалтад хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл надад Ерөнхий сайд болох боломж нь алга.

Хоёрдугаарт, энэ удаагийн Засгийн газрыг байгуулагдахад би хэлж байсан даа, Засгийн газар дотор баахан намын дарга нар орчихоод улс төр хийгээд л, сонгуулиа яриад л, дараагийн сонгуулийг ингэе, тэгье гээд байх нь зохимжгүй. Эдийн засгийн хүндрэлийн үед байгуулагдаж байгаа тул болдог бол УИХ-ын гишүүдийн оролцоогүй “мэргэжлийн” Засгийн газар байгуулах юмсан. Тэд хүндрэлээс улс орноо гаргаг. Намуудын дарга нар харин УИХ дотроо суугаад бодлогоо зорилтоо хэрэгжүүлээд явах нь зөв юм байна аа л гэж үзсэн хэрэг.

МАХН 2008 онд олонх болчихсон хэрнээ хамтарсан Засаг байгуулсан. Тэр үед нэг зохимжгүй юм ажиглагдсан юм. МАХН-ын дарга С.Баяр Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайд байлаа. МАХН-ын дарга нь АН-ын даргадаа үүрэг өгөөд суугаад байгаа харагдсан л даа.

Хэдийгээр Засгийн газрын түвшиндээ, Засгийн газрын тухай хуулиар бололцоотой боловч манай нам дотор тэр үед “Бид чинь МАХН-ын үгээр явдаг нам болчихсон юм байна” гэсэн нэлээд эвгүй уур амьсгал бий болж байсан. МАХН олонх болчихоод Үндсэн хууль зөрчиж Засгийн газар байгуулсныг эсэргүүцэж байсан гишүүдийн үг л дээ. Би ч тэдний нэг байсан.

Хэрвээ АН 39 юмуу, түүнээс олуулаа байсан бол үүргээ дангаараа үүрэх ёстой. Гэтэл бид сонгуульд ялахдаа 31-үүлээ л байсан. Энэ мэтээр Монгол Улс янз бүрийн онцлог үе шат, түүхэн цаг үеүдийг туулсаар, тухайн нөхцөлд зөв гэсэн сонголтоо хийгээд л явж байна. Магадгүй дараагийн сонгуулиар бас нэг хувилбар гараад ирэхийг ч үгүйсгэхгүй.

Сонирхуулахад, сая Израйльд сонгууль боллоо. Намайг Польшид явж байхад дүн нь гарсан. 129 гишүүнтэй парламентад 29 суудлыг одоогийн Ерөнхий сайд Б.Нетаньяхугийн удирддаг “Ликуд” нам авч, дараа нь 24 суудалтай нам орж байна. 129-өөс 29 суудал авчихаад “Бид сонгуульд цөм яллаа” /Landslide victory/ гэж хэлж байх юм. Тэдний сонгуулийн босго ердөө хоёр хувь юм байна лээ.

Ийм тохиолдолд манай Л.Гүндалай шиг хүмүүс нам байгуулж, ганц хоёр суудал аваад, Засгийн газарт ороод явдаг юм байна л даа. Манай босго таван хувь учраас дуртай нь нам байгуулаад босго давчихгүй. Израйль тийм хуультай учраас тархай бутархай олон намтай, сүүлийн жилүүдэд дандаа Эвслийн Засгийн газар байгуулж байгаа. Манайд арай ч ийм байдалд хүрчихгүй байх. Гэхдээ хоёр удаагийн сонгуульд олонх бүрдсэнгүй шүү дээ. Манай Үндсэн хуульд олонх болсон бол, олуулаа болсон бол, хамгийн олон болсон бол гэх мэтийн зохицуулалтууд сайн суусан байдаг юм.

С.Баяр, Н.Алтанхуяг хоёрын байгуулсан Засгийн газрын жишиг 2012 оны сонгуулийн сонголтод нөлөөлсөн байж магадгүй. Ер нь Засгийн газарт олон намын дарга орчихоод, хамгийн олон суудалтай намын дарга нь нөгөө намуудаа удирдаад байх нь ардчилалд их сөрөг хандлагатай. Тиймээс ийм үед намуудын дарга нар Их хуралдаа байх нь зөв гэсэн алхмыг анх удаа хийж байгаа юм Засгийн газарт М.Энхсайханаас өөр намын дарга байхгүй.

-Гэхдээ 2016, 2020 оны сонгуульд ердийн олонх бүрдэхгүй байж магадгүй гэсэн таамаглал байдаг л даа. Хоёр гол нам нэг нь нөгөөгөөсөө ялимгүй илүү суудал авч, дахиад л хамтарсан Засаг байгуулах нөхцөл бүрдэх хандлага Танд ажиглагдахгүй байна уу? Сул болон давуу тал нь юу юм бэ?

-Хүчтэй сөрөг хүчингүй болчихдог сул тал байна. Гэхдээ энэ удаагийн Засгийн газарт АН-аас ч, МАН-аас ч, “Шударга ёс” эвслээс ч өөрсдийгөө сөрөг хүчин гээд зарлачихсан хэсэг гишүүд гараад ирчихлээ. Нэгэнт албан ёсны сөрөг хүчин байхгүй учраас албан бус сөрөг хүчин гарч ирээд хяналтаа тавьж байгаа нь сайн хэрэг. Олон нийтэд ил тод байх, хяналттай ажиллах нь ажил төрөлд хэрэгтэй. Гэхдээ орц хэмжээ нь таарч байх ёстой.

Манайд заримдаа дооз нь хэтрээд, зарим асуудал дээр зоримог шийдвэрийг УИХ, Засгийн газрын аль нь ч гаргаж чадахгүй л байна.

Хүчтэй сөрөг хүчингүй болчихдог сул тал байна.

2016 оны Засгийн газарт бүх намууд ялна гэж орно. Харин аль нэг нам 70 суудал авна гэж байхгүй байх. Гэхдээ 39 суудал авах магадлал бол бий л гэж бодож байна.

-Танай намын Их хурал яагаад хойшлоод байгаа юм бэ. Дүрмээр бол Намын даргыг Их хурлаас сонгодог. Гэтэл Н.Алтанхуяг дарга зургаан жил гаруй Их хурлаараа баталгаажилгүй Намын дарга байсаар байсан. Та ч бас ийм маягтай яваад байх уу? Их хурлаараа орж батламжлагдана биз дээ?

-Намын Их хурлыг олонхийн саналаар Намын дүрэм өөрчлөгдөхөөр хийдэг. Дүрэм өөрчлөгдсөн тохиолдолд түүнийгээ Дээд шүүхэд бүртгүүлэх учиртай. Намуудын тухай, Намуудын санхүүжилтийн тухай зэрэг хуульд өөрчлөлт орохоор намууд их өөр нөхцөлд ажиллаж, амьдрах болох гээд байгаа юм.

Жишээ нь гишүүнчлэлтэй байх уу, үгүй юү? Өмч хөрөнгө байх юм уу, сонгуулийн санхүүжилтээ яаж босгох юм, том компаниудын халаасанд байгаа чигээрээ байх юм уу, ил тод байдал нь яах юм, намын удирдлага гэж хэнийг хэлэх юм бэ, хөдөө орон нутагт салбар нэгж байх уу үгүй юү. Цаашилбал Герман маягийн тогтолцоог авах уу, АНУ-ынхтай адил хэвээрээ байх юм уу гэх мэт олон сонголтыг нэг мөр шийдэх хэрэгтэй болж байгаа.

Бид 25 жил шинэ замаар явахдаа төвөгтэй, шийдэх ёстой асуудлуудаа олж харж чаджээ. Түүнийгээ нэг мөр хийхгүй бол улс төрийн намд итгэх иргэдийн итгэл буурч байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй. Их хурал хойшлоод байгаагийн шалтгаан энэ.

-Ч.Сайханбилэг сайд Намын дэд дарга болох юм гэнэ ээ гэсэн яриа байна. Үнэн үү?

-Манай намын дүрэмд Дэд дарга гэсэн орон тоо байхгүй ээ.

-МАН энэ намар юм уу, ирэх оны эхээр Засгаас гарна. Тэгэхээр дахиад Засгийн газар шинээр байгуулагдана. Тэр үед З.Энхболд Ерөнхий сайд болно гэсэн хувилбар байгаа гэж ярьж байгаад ямар тайлбар өгөх вэ?

-МАН гарлаа ч шинэ Засгийн газар байгуулах шаардлага байхгүй. МАН гарсан тохиолдолд одоогийн Засгийн газар цааш үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явахаар бодож, суудлын квот, хувиа тогтоосон юм. МАН-ын сайд нар гарлаа гэхэд 50 хувьд хүрэхгүй.

Тиймээс оронд нь шинэ сайд нарыг томилон, Засгийн газрын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах боломжтой. Энэ нь бас л сургамжаас үүдэлтэй. 2006 онд тарсан Засгийн газарт 50 хувь нь МАХН-ынх байсан учраас Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорч байв. Тэр алдааг давтахгүйн тулд одоо байгаа бүтцийг анхнаасаа тооцоолж шийдсэн бүтэц.

Эдийн засаг, улс орны эрх ашгийг тооцох юм бол МАН засгаас гарах нь буруу л харагдах байх. Хийх ажил маш их байна. Ийм үед сайдын сандал ширээ яриад байх нь сонин биш.

-Та улс төрд 20 гаруй жилийг үджээ. Улстөрчийн зам мөрөө эргэж харж, дүгнэж цэгнэж үзэж байсан уу? Алдаа, оноо харагдах юм уу?

-Би анхнаасаа баримталж байсан зарчмууд дээрээ, хэвээрээ л байгаа. Гэхдээ улс төрийн намын гишүүн хүн олонхоо дагадаг. Энэ бол ардчиллын үндсэн зарчим. Намын хурал дээр, УИХ-д би цөөнх байсан, энэ шийдвэр надад хамаагүй гэж хэлж болдоггүй. Би хэлж байсан даа, өнөөгийн улс төр, эдийн засгийн хүндрэл бэрхшээлд Монголчууд бид бүгдээрээ буруутай юм байна аа гэж. Алаагүй баавгайн арьсыг хуваана гэдэг шиг орж ирээгүй орлогыг урьдчилж зээлж аваад тараачихсан. Улс оронд хэрэгтэй, нэмэртэй зүйл нэг их хийсэнгүй.

Тухайн үед 21,000-аа бүгдээрээ л аваад хүртчихсэн. Ашигт малтмалын үнэ өндөр байх үеийн орлогыг бид буруу ашигласан гэж хэлбэл хэтэрхий зөөлрүүлж хэлсэн болно. Хэрвээ тараалгүй хуримтлал үүсгэчихсэн бол өнөөдрийн хүндрэлийг давчих л байсан. Уг нь олоогүй орлогыг зээлж тараах нь буруу, түүний оронд Таван Толгойн хувьцааг ард түмэндээ өгчихье гэж тэр үед бид хэлж л байсан.

Одоо алдсанаа засъя. Дахиж алдахгүй байя гэсэн үзэл баримтлалаараа л чиг зүгээ хийх цаг ирсэн байна.

-Танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.

                                          ЭХ СУРВАЛЖ:   С.Батбаатар “Засгийн газрын мэдээ” сонин