Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маскийн нууц хүүхдийн тухай яриа Японд дуулиан дэгдээв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Тэрбумтан Илон Маскийн 14 дэх хүүхдийг төрүүлсэн гэгдэж буй Америкийн инфлюэнсер Эшли Сэнт Клэйрийн хэвлэлд өгсөн ярилцлага Японд дуулиан дэгдээгээд байна.

Баасан гарагт Нью-Йорк Таймс сонинд нийтлэгдсэн ярилцлагадаа тэр Маскийг дэлхийн өнцөг булан бүрд хүүхэдтэй, тэр дундаа Японы нэг поп дуучин эмэгтэй хүүхдийг нь төрүүлсэн тухай ярьжээ.

Дэлхийн олон оронд төрөлт буурч байгаад санаа зовдог, хүссэн хүн бүрд эр бэлгийн эсээ хандивлахад бэлэн гэдгээ Маск түүнд ярихдаа үүнийг дэлгэж байсан гэнэ.

Энэ ярилцлага Японы олон нийтийн анхаарлын төвд орсон ч хэн Маскийн хүүхдийг төрүүлсэн байж магадгүй талаар тодорхой нэр яригдахгүй байна.

Ням гарагийн орой радио нэвтрүүлэгт оролцохдоо хошин урлагийн жүжигчин Хироики Ариёши “Түүний насыг харгалзан үзвэл поп дуу дуулдаг цөөхөн эмэгтэй манайд бий. Дива хэмжээний гурван хүн л байдаг. Тийм биз дээ? Гэхдээ Маск зүгээр л шоудаж байгаа байх гэж би бодож байна. Үнэндээ тэр өөрийн нууцаар шүтэн биширдэг одод сээтгэнэсэн хэрэг байж магадгүй” хэмээн хөтлөгч болон сонсогчдыг хөгжөөж байв.

Онлайн орчинд ч дээрх мэдээг янз бүрээр хүлээн авч байна. Зарим хэсэг нь тоглоом наргиа болгож байгаа бол зарим нь Илон Маскийн нөхөн үржихүйн талаар үзэл бодолд шүүмжлэлтэй ханджээ.

“Энэ бол зүгээр жигшүүртэй явдал. Энэ хүний ген, зан чанарыг өвлөн авсан хүмүүс олон болох нь дэлхийд аюултай гэж би бодож байна” гэж нэг хүн сэтгэгдлээ бичсэн байна.

Дэлхийн хамгийн баян хүнд тооцогддог Илон Маск одоогоор албан ёсны 14 хүүхэдтэй ч үүнээс хавьгүй олон байж магадгүй гэсэн таамаг яригддаг.

Тэрбээр дэлхий дахинд төрөлт буурч байгаад санаа зовж явдгаа байнга илэрхийлдэг юм.

Өнгөрсөн онд Саудын Арабын нийслэлд болсон Future Investment Initiative чуулганд зайнаас оролцохдоо Маск “Хэрвээ бид хүн үйлдвэрлэхгүй бол хүн төрөлхтөн байхгүй болно. Ингэвэл ямар ч бодлого байгаад хэрэггүй” гэж хэлж байжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post