Багануур дүүрэгт баригдсан 50МВт-ын хүчин чадалтай, 200МВт-ц-ийн багтаамжтай эрчим хүч хуримтлуурын станцаас төвийн бүсийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн.
Өнгөрсөн тавдугаар сарын 28-нд “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-г “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК болон “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК”-ийн охин компани болох “Улаанбаатар Энержи” ХХК хооронд байгуулжээ. Ингэснээр “Диспетчерийн үндэсний төв” буюу төвийн системд эрчим хүч худалдахаар болж байна.
Улсын комисс хүлээж авсны дараа уг станцыг ашиглагч тал буюу "Улаанбаатар хотын хөгжлийн корпорац" ХК-ийн охин компани “Улаанбаатар энержи” ХХК-д хүлээлгэж өгнө гэж албаны хүмүүс мэдээлж байсан юм.
Эрчим хүч хуримтлуурын станцын барилгыг БНХАУ-ын “Энвижн энержи” компани барьж, туслан гүйцэтгэгчээр дотоодын “Монхорус Интернэшнл” компани ажиллажээ.
Батарей хуримтлуурын станц ашиглалтад орсноор шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад, оргил ачааллын үед төвийн системд буцаан нийлүүлдэг болсон юм.
Батарей хуримтлуурын станцыг Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 5 га талбайд барьсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!