Австралийн "A" лигт данстай Японы Рикү Данзаки бооцооны үр дүнг өөрчлөхийн тулд зориудаар шар хуудас авсан хэрэгт сэжиглэгдэж байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Мельбурн хотын "Вестерн Юнайтед" багийн 25 настай хагас хамгаалагчийг өнгөрсөн дөрөвдүгээр болон тавдугаар сарын хооронд болсон дөрвөн тоглолтын үеэр гэмт хэрэг үйлдсэн гэж Викторья мужийн цагдаагийнхан үзэж, өнгөрсөн Баасан гарагт өөр нэг хүний хамт баривчилжээ.
Дээрх дөрвөн тоглолтод оролцохдоо улаан болон шар хуудсыг санаатайгаар авсан байж болзошгүй нь спорт бооцоотой холбоотой гэх хардлагыг хуулийнханд төрүүлсэн аж.
Мөрдөгчид энэ хэрэгт Австралийн хөлбөмбөгийн холбоотой хамтран ажилласан гэдгээ мэдэгдсэн байна.
Одоогоор батлан даалтад гарсан япон эрийн шүүх хурал долдугаар сарын 31-нд болох аж.
Р.Данзаки 2019 онд нутгийнхаа дээд лигийн "Консадоле Саппоро" багт тоглож байгаад 2023 оноос Австралийн лигт данстай болжээ.
Эх сурвалж: The Mainichi
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!