Ням гарагт Украины аюулаас хамгаалах алба СБУ нисгэгчгүй онгоцоор Оросын нутаг дэвсгэрийн гүнд байрладаг агаарын баазуудад довтолж, олон тооны стратегийн байлдааны нисэх онгоцыг устгаснаа мэдээлсэн.
Украины хилээс 4,000 гаруй километр зайд оршдог Эрхүү мужийн Белая агаарын бааз уг халдлагад өртсөн билээ.
Үүнээс гадна алс умард хязгаарын Мурманскийн Оленя болон Иваново, Рязань, Амур мужууд дахь баазууд өртсөн юм.
“Аалзны тор” гэж нэрлэсэн уг ажиллагаа нь дайн эхэлсэн цагаас хойш Оросын нутаг дэвсгэрийн хамгийн гүнд хийсэн цохилт болохыг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдэж байв.
Эрхүү мужийн захирагч Игорь Кобзев сошиал сүлжээнд тарсан дүрс бичлэгийг нягтлан шалгасны дараа Украины дроныг зогсоохыг оролдсон иргэдээ шагнахаар болсныг өчигдөр мэдэгджээ.
Уг бичлэгт ачааны автомашины дээрээс хөөрч буй дронуудыг зарим иргэд чулуу шидэн зогсоохыг оролдож байгааг харуулсан байна.
СБУ ачааны автомашинуудыг дронуудаа нуух, алсаас удирдаж хөөргөх платформ болгон ашигласан юм.
Эрхүү мужийн бааз халдлагад өртсөний дараа хөрш Буриад, Тува, Новосибирскийн удирдлагууд тус тусын бүс нутагт аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээ авч эхэлжээ.
“Аалзны тор” ажиллагааны талаар Оросын эрх баригчид ямар нэг байр суурь илэрхийлэхгүй байгаа нь анхаарал татаж байна.
Халдлагаас хойш бараг хоёр хоног өнгөрөхөд ерөнхийлөгч Путин, Кремлийн хэвлэлийн алба, Думын гишүүдийн хэн нь ч ам нээхгүй байгаа юм. Тавдугаар сарын сүүлээр Украин болон Өрнөдийн орнуудыг цөмийн дайнаар хоёр ч удаа сүрдүүлж байсан үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Дмитрий Медведев ч бас чимээгүй байна.
ОХУ-ын батлан хамгаалах яам халдлагын улмаас “хэд хэдэн нэгж техникт гал гарсан” гэснээс өөр мэдээлэл өгөөгүй юм.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!