Хатагтай ноёд оо, хүндэт зочид оо,
Энэ жилийн эдийн засгийн форумыг нээх хүндтэй үүрэг хүлээлгэж буйд талархаж байна.
Өнөөдөр Монгол Улсад тулгараад байгаа нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлүүдийг хэрхэн давах талаар бид халуун яриа, хэлэлцүүлэг өрнүүлж цөмөөрөө зөв гарц шийдлийг эрэлхийлж, бодит шийдэл олсноор энэ Форумыг үр дүнтэй зохион байгуулна гэдэгт итгэж байна.
Тулгамдсан бүх асуудлууд Монголын эдийн засгийн форумын ерөнхий болон салбар хуралдаанаар хэлэлцэгдэж санал бүр шийдэлд тусгагдаж, шийдвэр бүр бидний нэгэн ээдрээ, бэрхшээлийг тайлсан, даван туулсан арга зам болохыг хүсч байна.
Эдийн засгийн талаар Засгийн газраас авч явуулсан арга хэмжээ, хийхээр төлөвлөж байгаа бодлогын чанартай зарим асуудлаар мөн томоохон төсөл, бүтээн байгуулалтын талаарх хамгийн шинэ мэдээллээ энэ долоо хоногийн Ням гаригт олон түмэндээ телевизүүдээр дамжуулан шууд хүргэх тул эдгээр сэдвүүдийг өнөөдөртөө түр хойш тавья.
Хүндэт зочид оо,
Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулагчид бидний энэ жилийн чуулганы гол уриаг зүгээр нэг тохиолдлоор сонгоогүй.
Building credibility буюу Англиар итгэлцэл бий болгох гэсэн энэ үгс өнөөдөр хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна.
Зөвхөн нэг талаас бий болгосон итгэл хэзээ ч үр дүнд хүрдэггүйг бидний өнгөрсөн түүх, үйл явдлын өрнөл харуулж байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn
- Итгэлцэл өөрөө зөвхөн эдийн засгийн, бизнесийн төдийгүй бидний өдөр тутмын амьдралын бүхий л салбарт, улс төр, хууль, эрх зүйн орчин, нийгэм, гэр бүлд ч хичнээн чухал гэдгийг бид хэлүүлэлтгүй мэднэ.
- Том том ордуудын сураг, эхний хоёр том ордыг ашиглах боломж,
- Монгол төгрөгийн чангарал, хөрөнгө оруулагчдын сонирхол, орлогын огцом өсөлт нь өөрөө өөрсдөө ингээд л хөгжөөд байх нартай өдрүүд тасралтгүй үргэлжлэх итгэлийг бидэнд төрүүлж эхэлсэн.
- Бидний энэ итгэл нь өөрөө хөрөнгө оруулагчдын
- Гэхдээ бид цаашдаа дахин алдахгүйн тулд алдаанаасаа сайн суралцах ёстой.
- Стратегийн салбараа улс болгон өөрсдөө тодорхойлдог ч манай энэ хуулийн сурталчилгаа, зохицуулалт нь 180 хэм эсрэг үр дүн авчирсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх.
- Хууль тогтоомжийн ойр ойрхон өөрчлөлт, хайгуулын урт хугацааны хориглолт, урт нэртэй хууль тойрсон цуврал савангийн дуурь, улс төрчдийн популизм нэвт ханхалсан хэвлэлийн хурал, жагсаалууд гээд бидний итгэлцлээ гээсэн үйл явдлын жагсаалтыг нэрлэвэл нилээн урт болох байх.
- Бидний сайн мэдэх Оюу Толгойн төсөл дээр энэ итгэлцэл гээч юмны үнэр ч байхгүй байсныг дараах жишээ харуулна.
- Монголын Засгийн газар нөгөө талдаа огт мэдэгдэлгүй шинэ өсөн нэмэгдэх рояалти татвараар 450 тэрбум төгрөг авна гээд жилийнхээ төсөвт шууд тусгасан. Татварын нэг байцаагч очоод компанийн дансыг шууд хааснаар бүх мөнгөн урсгал гадаадын банкуудаар дамждаг болсон. Нөгөө талаас юм.
- Манайд хийсэн, хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт, хэдэн арван жилээр үргэлжлэх хамтрагчдын үйл ажиллагаанд ийм зүйл удаан хугацаанд үргэлжилсэн гэж бодохоор үнэхээр толгой сэгсэрмээр.
- Төр Засгийн бодлогын үр дүнд хөрөнгө оруулагчдаа үргээсэн, Урт нэртэй хууль, 106 лицензи, Hotel Mongolia, ноён Капла гээд үйл явдал, шийдвэрүүд ар араасаа цуварч байхад биднийг шүүмжилсэн буруушаасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гадна дотны олон хувь хүмүүс мэдээ мэдээлэл бэлтгэн тарааж, social ертөнц ч идэвхтэй ажиллаж байсан. Энэ нь ч тухайн нөхцөл байдалд аргагүй байсан байх.
- Өнөөдөр Монголын төр засгийн бодлого хөрөнгө оруулагчдаа татахын тулд хуучнаасаа үндсээрээ эргэчихээд байхад дээрх байгууллага хүмүүс одоо хүртэл харин долгионоо сольж амжаагүй л явна.
- Өчигдөр стратегийн хууль, урт нэртэй хууль, 106 лиценз, энэ тэр гээд л дэлхий даяар л цан цохиод, цам харайгаад байсан хүмүүс өнөөдөр энэ бүх асуудлыг шийдчихээд байхад бүлх залгисан юм шиг эсвэл газрын гаваар орсон юм шиг таг чимээгүй л байсаар байна. Дахиад л өнөө итгэлцэл гээч нь үүсэхгүй байнаа гэсэн үг.
- Стратегийн салбарын хөрөнгө оруулалтын алдарт хуулийг хүчингүй болгож цоо шинэ Хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтын сангийн хуулийг Монгол Улс баталсан таг чимээгүй. Урт нэртэй хууль, 106 лиценз, “Ноtеl Mongolia” зэрэг асуудлуудыг шийдвэрлэсэн хэдий ч одоо бол сонирхол татах сенсацитай шийдвэр биш гэнэ. Гадны хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжинэ гэхээр Оюу Толгойн шийдээгүй байхад сонин биш байна гэнэ. Бидний итгэлцэл өнөөдөр ийм түвшинд л байна.
- Өрнөж байгаа үйл явдлаас зөвхөн сөрөг бүхнийг хайсан, шүүмжлэх муулахын цондонтой юм шиг аашилсан, бие даасан, хараат бус тодотголтой эсхүл эх оронч, элдэв гэрээ хэлцлийг эсэргүүцэгч хүмүүсийн л бизнес ид цэцэглэж байна.
- Сиймхий ч гэсэн гэр минь Сэгсгэр ч гэсэн ээж минь гэж Монголчууд бид ярьдаг.
- Эх орноо, өөрсдийгөө, Монголоо юм болгон дээр муулан муулж байж өөрийгөө хараат бус, бие даасан эксперт эсхүл эх оронч гэж хэлүүлээд ч ер нь яах юм.
- Монголд хөрөнгө оруулах нь дан ганц Засгийн газарт эсвэл Монгол Улсад ч зөвхөн ашигтай юм биш. Хөрөнгө оруулагч хэнбугайд ч бас ашигтай, олон улсад хэлж заншсанаар win-win буюу харилцан ашигтайгэдгээ ойлгож хүлээн зөвшөөрөх, мөн ийм зарчмыг баримтлан ажиллах цаг иржээ.
- Амьд идэвхтэй бизнесийн үйл ажиллагаа явж байхад бизнесийн байгууллагууд, Засгийн газар ч ялгаагүй арбитрийн шүүх дээр очих, маргаан таслуулах асуудал хэвийн зүйл гэж үздэг. Энд байгаа гадны хүмүүс ч гэсэн өөр өөрийнхөө Засгийн газрыг арбитрын шүүх дээр хэдэн маргаантай байгааг сонирхоод үзвэл хэдэн арваар, зуугаар тоологдох дүнг мэдээж сонсоно. Монгол Улсын Засгийн газар одоо арбитр дээр дөрөвхөн маргааны асуудалтай л байгаа. Гэтэл Хан ресорс компанийн маргааныг хэн ингэж их хүлээж байна. Бусад улсад энгийн хэвийн гэж үзэгддэг бизнесийн зүгээр нэгэн үйл явц Монголд болохоор микроскопоор өсгөж харагдуулдаг учир юунд байна вэ. Монгол Улсыг ингэж харагдуулах хэнд ер нь ашигтай юм бэ гэдгийг хаана хаанаа бодож нэг үзэцгээе.
- Бид байгаа байдлыг өнгө зүс оруулж, гоёж гоодоо ч гэх гэсэнгүй. Бид байгаагаараа харагдахыг, үнэлүүлэхийг л хүсч байна.
- Харин хэдхэн жилийн өмнөхөөс ялгаатай нь итгэлцэл гээч юмыг алдвал хэрхэн нартай өдрүүд хуртай өдрүүдээр хурдан солигддог, хэрхэн төгрөгийн ханш унахад хүмүүсийн амьдралд хүндхэн тусдаг, дан ганц байгалийн баялгаараа бус бусдын техник технологи, хүн хүч, хөрөнгө мөнгөний тусламжаар хөгждөгийг мэдэрсэн туулсан, илүү хэрсүүжсэн, алдсан итгэлээ эргүүлэн олж авах хүсэлтэй сонирхолтой Монгол орон, Монголын төр засаг та бүхнийг хүлээж байна гэдгийг л ойлгуулахыг хүсч байна.
- Энэ танхимд мэдээж Монголд элэгтэй, энд бизнес хөгжөөсэй, улс нь цэцэглээсэй гэсэн хүсэлтэй хүмүүс цугласан гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол сайхан байвал бид хамтдаа л сайхан байна.
- Монголчууд бид өөдрөг ард түмэн.
- Бид сөргөлдөгчид биш бид хамтрагчид. Хоёр тал нэг завин дээр явж байгаа хамтрагчид. Энэ төслөөс Монгол Улс ч тэр, Рио Тинто ч тэр, харилцан ашигтай гарах ёстой. Бид асуудалд хандах хандлагаа ингэж өөрчилж чадаж эхэлж байгаа учраас тодорхой үр дүн ч гарна гэдэгт итгэлтэй байна. Ердөө хэдхэн өдрийн өмнө Ерөнхий сайдын хувьд Рио Тинтогийн Ерөнхий захирал ноён Сэм Уолштой энд уулзахдаа ч бид үүнийгээ харилцан хүлээн зөвшөөрсөн, ойлголцсон.
- Оюу Толгой төслийн араас хөдлөх Таван Толгой төсөл, шинэ төмөр замын бүтээн байгуулалт, V цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Багануур, Бөөрөлжүүт, Шивээ овоо, Таван Толгойн цахилгаан станцуудын хөрөнгө оруулалт, шинэ үйлдвэрүүд, хурдны замууд, шинэ хороолол, орон сууцны барилга, бусад бүтээн байгуулалтууд араасаа олон олон шинэ хөрөнгө оруулагчдыг татах болно.
- Монгол Улсын зүгээс гарах ар араасаа цуврах сайн мэдээнүүд Монголд итгэх итгэлийг эргэлт буцалтгүй дахин бий болгоно гэдэгт эргэлзэхгүй байна.
- Өнөөдрийн та бидний оролцох энэ форум ч хөрөнгө оруулалт, хөгжил дэвшлийг хүлээж байгаа Монгол оронд итгэж болох итгэлийг нэмэгдүүлсэн арга хэмжээ болохыг ерөөж байна.
Харилцан яриа, ойлголцол дээр суурилсан итгэлцэл, түншлэл хамгаас их үгүйлэгдэж буй энэ цаг үед энэ жилийн Форум ажлаа эхэлж байгаа нь шийдэл, гарцыг авчрахын билэгдэл биз ээ.
Монголын эдийн засгийн форумын Форум албан ёсоор нээгдэж байна.
Монголын эдийн засгийн форумын Форумын ажиллагаанд амжилт хүсье.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!