Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Машин нь гараашинд байх үед замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тухай мессеж эзэнд нь иржээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жолооч нарын бүртгэлтэй гар утасны дугаарт 130092 тусгай дугаараас "Таны ****УАН дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь хиймэл оюун ухааны нэгдсэн бүртгэлд бүртгэгдлээ" гэсэн мессежийг ЗХУТ-өөс илгээж байгааг мэдээлсэн.

Харин тээврийн хэрэгслээрээ замын хөдөлгөөнд оролцоогүй байх үед уг мессеж ирэх тохиолдол гарчээ.

Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баярцэцэг "Программд ачаалал их үүссэнээс мессеж хоцорч очиж байгаа.

Тухайлбал автомашин нь гараашинд байхад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэсэн мессеж ирж байна гэж иргэд хандсан. Тухайн иргэн нэг, хоёр өдрийн өмнө тээврийн хэрэгслээрээ замын хөдөлгөөнд оролцож байхдаа гаргасан зөрчлийн мэдээлэл хоцорч очиж байгаа гэсэн үг.

Ямар дүрэм зөрчсөн юм бэ? гэж иргэд их асууж байгаа учраас өчигдрөөс эхлэн хаана, ямар байршилд ямар дүрэм зөрчсөнийг нь зургаар баталгаажуулж, линкээр орж харах боломжтой байдлаар мессежийг илгээж эхэлсэн" гэж тайлбарлалаа.

Замын хөдөлгөөнд оролцохдоо Зогс шугам давж зогссон, урсгал сөрсөн, эгнээ байраа буруу эзэлсэн гурван зөрчлийг хиймэл оюун ухаанд суурилсан камераар илрүүлж 130092 тусгай дугаараас сануулах мессеж илгээж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 348 сануулах мессеж илгээжээ.