Сэм Уолш “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирлаар 2013 оны нэгдүгээр сараас эхлэн ажиллаж байна. Австралийн иргэн Сэм Уолш нь Рио Тинто компанийн удирдах зөвлөлийн багт 1991 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд тус группт олон албан тушаалыг хашиж байсан нэгэн. Тэрбээр өмнө нь “Женерал Моторс”, “Ниссан Австрали” зэрэг байгууллагад 20 гаруй жил ажиллаж байсан туршлагатай. Сэм Уолш энэ удаад “Оюу Толгой” компани нэг сая тонн зэсийн баяжмал экспортолсон баярт үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсад ирээд буцлаа. Энэ үеэр бид түүнтэй ярилцсан юм.
-“Рио Тинто”, Монголын Засгийн газар хоорондын харилцаа ямар түвшинд байна вэ? Ялангуяа, Монгол Улс шинэ Ерөнхий сайдтай болсон энэ үед?
-“Рио Тинто”, Монголын Засгийн газар хоорондын харилцаа сайн байгаа. “Оюу Толгой” төсөл Монголын Засгийн газар төдийгүй тус улсын иргэд, мөн “Рио Тинто” болон түүний хувьцаа эзэмшигчдийн хувьд тун чухал төсөл. Хамтрагч талууд Монголын ард түмний сайн сайхны төлөө явж буй учраас зорилго нэгтэй ажиллаж байна гэж болно.
Түүнчлэн хувьцаа эзэмшигчдэд ашиг хүртээх томоохон төсөл дээр хамтарч байна. Талууд сүүлийн 18 сарын турш хэлэлцээрийн ширээнд сууж, улмаар өнгөрсөн арваннэгдүгээр сард харилцан ойлголцлын санамж бичгийг Монголын Засгийн газарт хүргүүлсэн.
Үүнд өнөөдрийг хүртэл хараахан шийдэгдээгүй байгаа асуудлуудыг хөндсөн төдийгүй шийдэл эрэлхийлсэн саналуудыг ч тусгасан. Одоогоор тодорхой хэдэн асуудалд гарц хайж байна.
Нэг зүйлийг онцлон хэлэхэд, “Рио Тинто”-гийн зүгээс олон улсад томоохон төсөл хэрэгжүүлэгч компаниуд ямар байр суурь илэрхийлдэг түүнтэй л адил зарчмыг баримталж байгаа.
Монгол Улс төсөл хэрэгжүүлж, уул уурхай хөгжүүлэх асар их боломжтой орон.
Бид ямар нэг онцгой эрх хүсч, тусгай шаардлага тулгаагүй.. Асар их хөрөнгө оруулалт хийгдэх ийм хэмжээний төслийг урагшлуулахад шаардлагатай тэр л алхмуудыг хийхийг зорьж байна.
Монголын Засгийн газартай хамтран шийдэх асуудлууд дээр ажиллаж байгаа. Зөвшилцөлд хүрнэ гэж итгэж байна.
Монгол Улс төсөл хэрэгжүүлж, уул уурхай хөгжүүлэх асар их боломжтой орон. Ийм ч учраас “Рио Тинто” энд үйл ажиллагаагаа явуулах чин эрмэлзлэлтэй байна. Миний Монголд ирсэн нь манай компанийн дээрх эрмэлзлэл бодит гэдэгт мөн хэлэлцээр амжилттай болоосой гэж ихэд найдаж байгаагийн тод илрэл юм.
-Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт болох дөрвөн тэрбум ам.долларын асуудалд хөрөнгө оруулагчид хэрхэн хандаж байна вэ? Тэд сонирхсон хэвээр үү?
-Санхүүжилтээс гараа татсан хэд хэдэн зээлдэгчид бий. Хэлэлцээрийн асуудал шуудармагц зээлдэгчид төслийг сонирхож хөрөнгө оруулах хэвээрээ эсэхийг дахин бататгах хэрэгтэй. Дэлхий бол ихээхэн эмзэг атлаа төвөгтэй газар.
Бидний зүгээс дээрх нөхцөл байдлыг тавааруудын ханш, тэр дундаа зэсийн ханш буурсантай холбон үзэж байгаа. Мөн тохиогоод буй дэлхийн санхүүгийн хямрал зөрчилт байдлыг даван туулах арга зам хайж олон орон тэмцэж байна. Ийм нөхцөлд далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн талаар зээлдэгч нартай дахин ярилцах шаардлага бий..
-Төслийн хоёрдугаар үе гэгдэж буй далд уурхайн үйлдвэрлэл эхлэх хугацааг хамгийн ойрхондоо хэзээ гэж та харж байна вэ?
-Шийдвэрлэх хэд хэдэн зүйл бий. Нэн тэргүүнд, Монгол Улсын Засгийн газартай хийж буй хэлэлцээрийг эцэслэх. Дараагаар бид өдгөө хоцрогдсон тоо баримт, мэдээллүүдээ шинэчлэх шаардлагатай болно.
Ийнхүү ажиллах хүчнээ идэвхжүүлэх гээд олон ажил байгаа юм. Тэгэхээр өмнө нь хийж гүйцэтгэх ийм олон ажил байгаа учраас төслийн хоёрдугаар шат хэзээ эхлэх талаар баттай хэлэх боломжгүй.
-Өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барьсан санамж бичгийг “Рио Тинто”-гийн зүгээс Монголын Засгийн газарт төлөх шаардлагатай гэгдэх 30 сая ам.долларын татвар болон далд уурхайн санхүүжилтийн дөрвөн тэрбум ам.доллар зэрэг асуудлуудтай холбоотой тавьж буй эцсийн санал гэж ойлгож болох уу?
-Хамгийн сайн боловсруулсан, мөн бидний зүгээс санал болгож байгаа эцсийн хувилбар болно. Бидний зүгээс дээрх санамж бичгийг тун боломжийн гэж харж байгаа. Мэдээж эцсийн шийд хүртэл боловсронгуй болгох олон зүйл бий. Ийм ч учраас хэлэлцээр үргэлжилсээр байна. Төслийн бүхий л явц хэлэлцээрт үндэслэж байгаа.
“Оюу Толгой” төсөлтэй дүйх хэмжээний төсөл одоогоор Монголд байхгүй. Иймд эдийн засагт үзүүлэх ач холбогдлыг сайтар тунгаах хэрэгтэй. Бид ямар нэг тусгай анхаарал халамж хүсээгүй гэдгийг дахин хэлье. Бидний зүгээр тогтвортой байдлыг л эрэлхийлж байгаа. Төслийг явуулахад ямар нэг онцгой зүйл гэхээс илүүтэй тогтвортой байдлыг л бид хүсэж байгаа.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Терренс Эдвардс
Эх сурвалж: mongolianeconomy.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!